Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Хууль зүйн сайд Д.Дорлигжав эдийн засгийн ач холбогдолтой хуулийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг УИХ-д өргөн барихаар боллоо. Тус хуулийг далд эдийн засгийг ил болгох, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор олон улс орон хэрэглэдэг. Манайд 2007 онд нийгмийн даатгалын шимтгэл, татвар хоёр дээр өршөөл үзүүлэх агуулгаар хэрэгжиж байсан. Одоо гарч байгаа энэ хууль илүү өргөн хүрээтэй гэж үзэж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр далд байсан эд хөрөнгийг ил болгоно, тогтоосон хууль, журмын дагуу татвар төлөх, татварын болон санхүүгийн тайлан хуурамчаар үйлдэж байсныг ил болгож, ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүйгээр зөв голидрол руу оруулна.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дагаж байдаг Татварын өршөөлийн хууль байгаа. Энэ хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-д өргөн барихаар боллоо. Татварын өршөөлийн хууль батлагдаснаар нууж байсан татварыг тодорхой хугацаанд ил гаргаж, татвараа төлөх боломжийг олгож байгаа. Ингэхдээ ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Ингэснээр далд эдийн засаг ил болно. Мөн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба эм эмийн түүхий эд, биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх тухай журмыг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Өмнө нь Монгол Улсад оруулж ирж байгаа эмийг шууд буюу түргэвчилсэн гэсэн хоёр зарчмаар бүртгэдэг байсан. Энэ нь хүндрэл чирэгдэл учруулдаг байсан учраас шууд, түргэвчилсэн, энгийн гэсэн гурван төрлөөр бүртгэхээр боллоо” гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
- Засгийн газрын хуралдаанаар ШӨХТГ-ын даргаар МАН-ын Т.Аюурсайханыг томилсон. Төрийн албан хаагчийг томилохдоо улс төрийн албан тушаал хашиж байсан хүнийг томилохгүй гэсэн зүйл заалт байдаг юм байна. Гэтэл Т.Аюурсайхан МАН-ын шинэчлэлийн хорооны дарга байсан. Тэгэхээр Засгийн газрын энэ томилгоо хууль зөрчсөн үү?
- Шадар сайд У.Хүрэлсүх энэ агентлагийг хариуцдаг хүний хувьд Т.Аюурсайханыг нэрийг оруулж ирж, Засгийн газар баталсан. Хууль зөрчсөн эсэх талаар мэдэхгүй байна.
- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд нийгийн даатгал, татварын өртэй, дансаа хаалгачихсан байгаа аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой юу?
- Энэ хууль тэгш гэдэг зарчмаар үйлчлэх учраас бүх хүнд хамаатай. Нуугдмал байсан хөрөнгийг хэвлэл мэдээллийн байгууллага гаргаж ирвэл хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтыг хассан. Мөн өндөр албан тушаалтан, УИХ, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нар энэ хуульд хамаарагдахгүй байсан гэснийг өөрчилж, хамруулахаар болсон. Хөрөнгө орлого болон, татвараа нууж байсан хүмүүст тэгш боломж олгоно гэсэн зарчимаар явж байна.
Л.Од

Сэтгэгдэл ( 0 )