Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гишүүдэд амлалтаа биелүүлэхийг санууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монголын мал сүрг хувьд шилжсэнээс хойш хоёр дахин өсч 51.6 саяд хүрснийг болон сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авсан, худалдааны алдагдал багассан, хоёр хөршийн тэргүүнүүдийн өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан гэх мэтчилэн амжилтуудыг онцоллоо. Чуулганы хуралдаанд УИХ болон Засгийн газрын гишүүдээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, зарим яам, агентлагийн удирдлагууд оролцож байгаа юм.

Үүний дараа тэрбээр гишүүдийг ихээхэн шүүмжилсэн өнгө аястай үгийг хэлж байна. Тухайлбал “Манай албан тушаалтнууд хариуцлага гэж чанга дуугардаг. Тэгсэн мөртлөө хариуцлагаас зугтдаг. Хариуцлага төрийн захиргаанд байхгүй байна.  Шинэчлэлийн хэцүү нь шинийг хийх биш хуучнаасаа салахад байдаг. Эрх чөлөөтэй байхыг хариуцлагагүй байна гэж ойлгож болохгүй. Тэгэхээр та бүхэн УИХ-ын сонгуулийн үеэр арт түмэндээ хэлж, амалж байснаа сана. Сонгогдлоо гэсэн үг сонсоод ард түмэндээ баярлаж байсан мөчөө бүү март, сонгуулийн үеэр амлаж байсан амлалтуудаа бүү март. Бид алдаагаа хардаг, засч болдог тогтолцоог сонгосон. УИХ бол Монголын ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн. Улсаа төлөөлж шийдвэр гаргана гэдэг бол чухал эрх. Монголд ийм эрхтэй хүмүүс нь 100 хүрэхгүй тоотой байгаа. Бидний бүх үйл ажиллагаа, шийдвэр нь Монголыг хөгжил дэвшид хөгжихөд чиглэдэг байх ёстой” хэмээн хэллээ.

 Ерөнхийлөгч мөн үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчидээс авсан татварын мөнгийг ард иргэдийн цалинг тавьж, ахмадуудад тэтгэврийг нь өгдөг гэдгийг бүх улс төрчид ойлгодог байх ёстой гээд Монголын төр баялаг бүтээгчдээ өмөөрдөг байх ёстой. Монгол улс цаашдаа үйлдвэржилтийг дэмжсэн бодлоготой болох ёстой хэмээгээд Монголын төрийг татвар төлөгчид л бүтээдэг гэдгийг онцоллоо.
 
Үүнээс гадна эдийн засгаа өөд татахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой, төрөө өөд татахын тулд төрдөө хариуцлагыг авчрах ёстой гэдгийг УИХ, Засгийн газрын бүх гишүүдэд анхаарууллаа. Мөн Монголын төрд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол хариуцлага байдаг гэлээ.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ бүтээгчдэд хандах хандлагаа өөрчлөхийг, төр баялаг бүтээгчиддээ чоно шиг ханддаг болсныг болих, төрийн үйлчилгээ төрийн мөлжлөг болж хувирсныг өөрчлөхийг хүслээ. Мөн татварын бодлогыг уян хатан болгохыг, өрийн таазаа өөрчлөхийг хүсч бүтээгч үндэстэн болох, хариуцлагатай болохыг уриаллаа. Мөн төр хариуцлага хэрэгтэй болсныг онцоллоо. Энэ тухай Ерөнийлөгч “20 хэдэн жил хонины найр шиг явлаа. Хариуцлагагүй төр бол удирдлагагүй онгоцтой адил. Одоо зогсооё, үүнээс цааш хязгаар байхгүй. Энэ ажлыг толгойноосоо эхэлж хийе. УИХ, Засгийн газар эхэлж хийе. Шилэн дансны хуулийн хэрэгжилт иргэдийн дунд эхэлчихсэн байна. Шүүхийн шийдвэр шилэн болоод удаж байна, цаашдаа төрийн шалгалтыг шилэн болгоё. Торгууль, нэхсэн шаардсан нь бүгд шилэн болох ёстой. Нэмээд улстөрийн намууд сонгуулийн санхүүжилтээ шилэн болгох ёстой. Бүсээ дээрээсээ эхлээд чангалъя. Надаас эхлээд бүсээ чангалъя. Албан тушаал тойрсон тансаглалаа тана. Засаг нь танаж чадахгүй бол УИХ нь тана, УИХ нь танаж чадахгүй бол иргэдээр тануул. Мөнгө төсөвгүй болоод хаалгаа барьсан яам гэж сонсоогүй, харин компани мөнгөгүй болоод ажилчдаа халлаа, чөлөөллөө хаалгаа барилаа гэж сонсогдож байна” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч дээд шатанд хариуцлага бүтэн байх ёстойг сануулаад “Хариуцлагатай төр хүчтэй байдаг, хариуцлагагүй байдал хүмүүсийг хуваадаг, талцуулдаг. Хариуцлага буух эзэн, буцах хаягтай байх ёстой. Албан тушаалтнууд хувийн сонирхлоор шийдвэр гаргадаг, түүнийгээ устгадаг, ажил үүргээ хүлээлцэх хариуцлагагүй явж ирлээ. Хариуцлагагүй явдал төрийн албанд байна. Одоо энэ бүхнийг өөрчилж, хариуцлагатай болъё.

Энэ УИХ, Засгийн газарт маш бага хугацаа үлдлээ. Хамтарч Засгийн газраа байгуулсан нам эр эм хоёр шиг аашилж болохгүй, сэтгэлээрээ хандаж, ажил хэрэгч хандах ёстой. Зорьсноо хийж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг авахад хүнд болно. Нийгэм, эдийн засгийн үр дагавартай байх болно. Та бид нийлээд зүтгэхэд олон ажлыг хийж чадна, би итгэж байна. надад итгэ, хамтраад зүтгэе. Олон жилийн хариуцлагагүй байдалд цэг тавьсан, анхны парламентчид болоорой гэж хүсч байна. Сайн сайхан ойрхон байдаг гэдэг, улсаа эдийн засаг, санхүүгийн хямралаас гаргаж, хөгжлийн урт удаан хугацааны шийдвэрийг гаргаж чадна гэж найдаж байна. Бүтээгч хариуцлагатай улс болох ёстой. Бид чадна аа” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.229.122.210) 2025 оны 03 сарын 13

showuudahaa boliooch dee

1  |  0
Erunhiilugchid (103.229.121.159) 2025 оны 03 сарын 13

Tanii medeld baigaa shuuh shudarga bish ajillaj baigaag ta u gej bodoj baina. Turiin avilgachdaa shhidehgui baij business hiij heden humuusiig tsalinjuulaad yadaj baigaa company haaj zogsoogood baigaa bizdee. Ta tanii avilgatai temtseh gazar buruu talaas ni ehleed baigaa um bishuu. Hyatadaas suraltsaachee. Erunhiilugch ta uuriinhuu ajlaas ehelj zuv bolgoh heregtei baina.

1  |  0
mart(150.129.141.97) 2025 оны 03 сарын 13

Ene neg jujigchin ebii chin haana hezee yaj jujiglehe medeh yum. Yarihaas tsaashgui

1  |  0
Top