Хөрөнгийн албан татварын хууль гэж юу вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Өнөөдөр Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж, дэмжлээ.

    Одоогийн мөрдөж буй хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчилж буй үл хөдлөх хөрөнгө, автотээврийн хэрэгсэл, буунд тус тусын хуулиар татвар ногдуулдаг. Мөн малын тоо толгойд ногдуулах албан татварын харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Энэ нь дээрх нэртөрлийн татварыг харилцан адилгүй зарчмаар ногдуулж, өөр өөр хугацаанд төлж, тайлагнах, татварын албатай олон дахин харилцах зэрэг хүндрэл бий болгож байгаа аж. Иймээс татварын хуулийг төрөлжүүлэх, хэрэгжилтийг ньхялбаршуулах зорилгоор иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, буу, мал болон автотээвэр, өөрөөр явагч хэрэгсэлд ногдуулдаг татварыг нэгдсэн байдлаар зохицуулахаар Хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулжээ

Уг хуулийн гол утга санаа нь,

- Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслөөр татварын хувь хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бөгөөд татварын орлогод өөрчлөлт оруулахгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухайд орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлж ирсэн. Гэвч зарим иргэдийн хувьд орон сууцыг амьдран суух зориулалтаар бус ашиг олох зорилгоор өмчилж, түрээсийн хөлсний байрууд ихэсч, үүнд зөвхөн амьдран суух бус бизнесийн зорилгоор байр түрээслэх нь нэмэгдэж байна. Иймд иргэний хувийн өмчлөл дэх 2 орон сууцыг албан татвараас чөлөөлж, 3 буюу түүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулахаар тусгасан.

- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг 1992 онд баталсан бөгөөд тухайн үед ашиглагдаж байсан автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, хүчин чадлаар тооцон албан татвар ногдуулж байгаа нь өнөөгийн эдийн засаг тэлсэн, техник, технологийн өндөр өсөлтийн үетэй нийцэхгүй байна. Иймд тансаг хэрэглээний шинжтэй бөгөөд нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндр бүхий автотээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгохыг зорьсон. Түүнчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдын суудлын автомашинд ногдуулах татварын хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацааг тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх эрхтэй байх юм.

- 1993 онд батлагдсан Бууны албан татварын тухай хуулийн зохицуулалтыгөнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн сайжруулах шаардлагатай байна. Одоогийн мөрдөж буй хуулиар буунд ногдох жилийн албан татвар 4000-6000 төгрөг байгаа юм. Энэ татварын хувь хэмжээнд 1997 оноос хойш өөрчлөлт ороогүй тул улс орны эдийн засгийн өөрчлөлт, инфляцын түвшин зэрэгтэй уялдуулан татварын хувь хэмжээг өөрчлөх, түүнчлэн галт зэвсэг нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, хөнөөх чадвар бүхий тусгай хэрэгсэл учир бууг эзэмшиж буй этгээдийн хариуцлагыг өндөржүүлэх үүднээс татварын хэмжээг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.

- Малын тоо толгойд ногдуулах татварыг түүний шинж чанарыг харгалзан Хөрөнгийн албан татварын төрөлд оруулах шаардлагатай байгаа юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу малчин өрх, мал бүхий этгээдэд малын тоо толгойд татвар ногдуулж байсныг малчдыг татварын бодлогоор дэмжих зорилгоор 2009 оноос эхлэн чөлөөлсөн. Гэвч мал тооллогын судалгаагаар малчин өрхөөс гадна аж ахуйн нэгжүүд, гадаадын иргэд мал өмчилж, түүний ашиг шимийг хүртэж байна. Иймээс таван хошуу мал өмчилж байгаа иргэн, аж ахуйн нэгжид малын тоо толгойноос хамаарч татвар ногдуулах бөгөөд энэ нь 1 хонин толгойд ногдох албан татварыг жилд 0-1000 төгрөгийн хооронд байхаар тооцож тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоохоор тусгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

1  |  0
Top