Өнөөдөр Монгол Улс шинэ Үндсэн хуультай болсны 23 жилийн ой тохиож байна.1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна.Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан бөгөөд 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болсон гэж үздэг байна.Өнөөдөр судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг бий болгосон бөгөөд энэ шагналын эзнийг өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд шагналыг гардуулах болно. Мөн Үндсэн хуулийн өдрөөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөрт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )