МАН-ын бүлэг 2015 оны төсвийн тодотгол болон өрийн таазын талаар бүлгийнхээ байр суурийг илэрхийлж мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын бүлэг Загсийн газрын өргөн барьсан 2015 оны төсвийн тодотголоор гурван удаа хуралдлаа. Улс орны эдийн засгийн байдал маш хүнд байгаа. Төсөвтөө засвар хийснээр эдийн засгийн хүндрэл хямралыг даван туулна гэсэн Засгийн газрын бодлого алдаатай байна. Эдийн засагт стандарт бус арга хэмжээ авах шаардлага гарсан. Төсөв, мөнгөний бодлого, валютын ханш, төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдал зэргийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байна. Тиймээс хямарлаас гарах төлөвлөгөөг Засгийн газар УИХ-д хурдан оруулж ирэх ёстой. Үүнд МАН-ын бүлэг туслах үүднээс ажлын хэсэг байгуулж, хямарлыг даван туулах хөтөлбөр боловсруулъя гэж шийдлээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулсан. Улсын өрийн таазыг нэмэхгүй гэдэг байр суурь дээр МАН тууштай байна. Гэхдээ өнөөдөр өрийн тааз ДНБ-ний 58.3 хувьд хүрээд байна. Өмнөх Засгийн газар хууль зөрчиж өрийн хязгаарыг нэмэгдүүлж, ард түмнээс нууж иржээ. Энэ чиглэлээр хяналт шалгалт явуулах нь зүйтэй. Гаднаас авсан зээл, тусламжаас хэн хэн хүртэв, хэдэн улсаас ямар зээл авсан, юунд зарцуулсан гэдгийг шалгаад олон нийтэд ил болгох нь зүйтэй гэдэг асуудал дээр ажлын хэсэг байгуулж, шалгалт хийхээр боллоо. Өрийн хязгаарыг байх ёстой хэмжээнээс нь хэтрүүлсэн эрх мэдэлтэн, албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэдэг дээр МАН санал нэгдсэн. Цалин тэтгэвэр нэмэхгүй, хүүхэд, одонтой ээжүүдийн мөнгөнөөс хасахыг дэмжихгүй. Мөн хямрал хүндрэлийг давахад УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлагатай хандах хэрэгтэй. УИХ-д байдаг МАН-ын 26 гишүүн унааны мөнгөнөөсөө татгазлахаар шийдсэн. Нэг гишүүнд сард 500 мянга жилд зургаан сая төгрөгийг шатхууны мөнгө гэж олгодог. Тэгэхээр МАН-ын бүлгийн 26 гишүүний нэг жилийн унааны зардал 150 сая төгрөг хэмнэх боломжтой.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өмнө нь орж ирэхэд дэмжээгүй. Уржигдаж С.Баярцогт сайд дахин өргөн барихдаа өрийн таазыг 60 хувьд хүргэхээр оруулж ирсэн танай бүлэг энэ хуулийг дэмжих үү?
- Бид өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж засагт хамтрахдаа тохиролцсон. Харамсалтай нь Засгийн газар өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр хоёр удаа оруулж ирж байна. Хууль зөрчөөд өрийн хэмжээг нэмэгдүүлээд 58.3 хувьд хүргэсэн байна.
- УИХ-ын гишүүний үйл ажиллагааны зардалд жилд 90 сая төгрөг төсөвлөдөг гэж байсан. Тойроггүй, жагсаалтаар орж ирсэн гишүүд энэ мөнгийг авахгүй байж болдоггүй юм уу?
- 90 сая гэж мөнгө байхгүй. Унааны зардлаасаа татгалзаж, төсвөөс хасуулна. Эдийн засгийн хямралаас гартал шатхууны мөнгөнөөсөө татгалзана. Бидний энэ санаачлагыг УИХ-ын бусад гишүүд дэмжвэл 500-600 сая төгрөгийн хэмнэлт хийх боломжтой.
Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 0 )