“Өргүй Монгол” төрийн бус байгууллагаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь нам эвслийн бүлгүүдэд шаардлага хүргүүлсэн байна. Учир нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин сүүлийн хоёр жилд өрийн талаар зөрүүтэй, худал мэдээлэл гаргаж байсан төрийн холбогдох байгууллагуудын удирдлагатай хуулийн төдийгүй улс төрийн хариуцлага тооцох шаардлагыг тавьж байгаа аж.
Мөн Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис” болон бусад бондын хөрөнгийг хууль зөрчин үр ашиггүй зарцуулж буй үйл ажиллагааг таслан зогсоохыг шаарджээ. Тус шаардлагад "Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгад өрийн хэмжээ 2015 онд ДНБ-ий 39.7 хувьтай тэнцүү байна гэж тусгасан бол өдгөө улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд хүрч хуулиар тогтоосон өрийн дээд хязгаар 18.3 хувиар хэтэрсэн тухай мэдээлэл цацагдах боллоо. Энэхүү өрийн талаарх мэдээлэл ч үндэслэлгүй байх магадлалтай. Тухайлбал, Монголбанк 2014 оны III улирлын гадаад өрийн тайландаа Засгийн газрын гадаад өрийн хэмжээ II улиралд 4488.7 сая ам.доллар байсныг 816.7 саяар бууруулан засварлаж, 3672.0 сая ам.доллар гэж бичсэн байгаа нь ихээхэн хардлага төрүүлж байна. Засгийн газар, Монголбанкны өрийн талаарх мэдээлэл нь төр, олон нийтийг төөрөгдүүлж байна" хэмээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )