МАН-ын зохион байгуулдаг “Ардын индэр” уулзалтын үеэр Засагт хамтарсан АН-даа хаягласан хатуухан үгийг дайв. Тус намын ЕНБ-ийн дарга Ж.Мөнхбат “Энэ янзаараа бол энэ Засгийн газрын, төрийн ажил цааш явахгүй” гэсэн бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “1996-2000 онд АН засаг барьж байхдаа төрөө хямралд, иргэдээ ядууралд оруулсан. АН засаг барьж чаддаггүй юм байна. Монгол Улсыг аваад явчих хөгжлийн нэгдсэн бодлого, боловсон хүчний нөөц байдаггүй юм байна гэдгийг түүх харуулж байна” хэмээн ташуур нэмэв. Тэрбээр АН-д улс орныг хөгжүүлэх цэгцтэй бодлого, түүнийг нь хэрэгжүүлэн боловсруулах, боловсон хүчний нөөц дутагдалтай юм байна гэдэг нь 2012 сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл явуулж ирсэн үйл ажиллагаа харууллаа” гэж онцолсон.
Шинэчлэлийн засгийн газрыг огцоруулж засагт хамтрах тухай ярьж эхлэхээс л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “АН-тай хамтарч ажиллахад амаргүй шүү дээ. Дандаа хуурдаг, хариуцлагаа бусад руу чихдэг” гэж давтан давтан анхааруулсаар байгаа. За яахав, хамтарсан ч гэсэн тэд сөрөг хүчин байсан хуучин сэтгэхүйгээсээ гарч чадахгүй, “хэл хальтраад” ингээд хэлчихсэн байя гэж бодоход АН-ын Засаг барьж буй өнгөрсөн хоёр жил, өнөөгийн байр байдал нь үнэхээр итгэл төрүүлж чадахгүй байна.
Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах сонгуулийн уриа дуудлага бол хэдийнэ замхарсан.
Эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдчихсэн эх орноо “улс шиг хөгжиж байна” гэж хэлж чадахгүй нь. Талхаа таллаж, будаагаа грамллаж авч байгаа өдий төдий иргэд маань “хүн шиг амьдарч байна” хэмээн харагдахгүй нь.
Ерөнхий сайдын өөрийнх нь хэлснээр улс орон “орших уу эс орших уу” гэсэн зааг хязгаарт ирчихээд байхад АН-ыг сайн засаглаж байна гэж харах уу.
Өр тавьж босгосон “Чингис” бондын хөрөнгөөр хэдэн аймгийн төвийг нийслэлтэй холбосон засмал зам, хотын замын хэдэн уулзвараас өөр барьж аваад “энэ” гээд үзүүлчих тоймтой бүтээн байгуулалт алга. Гэхдээ юм үнэнээрээ байх сайхан. Харин хаа очиж өнгөрсөн жил хэдэн гайгүй үйлдвэр ашиглалтад орсон. Нөгөө “хонь ямааг Засгийн газар биш хуц ухна нь хээлтүүлдэг” гэдэг шиг АН-ын Засгийн газрын бодлого дэмжлэг гэхээсээ илүүтэй үндэсний үйлдвэрлэгчдэд энэ гавьяа ногдох учиртай.
Эрх баригчдын гадаадын хөрөнгө оруулалт руу хамаг бурууг түлхээд байгаа эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг ихэнхи шинжээчид бодлогын буруу хэмээн тодорхойлж байгааг лав анзаарсан байх.
АН-ын засаг барьж буй дүн иймэрхүү янзаар л илэрхийлэгдэж байгаа шүү дээ. Тэгээд өөрсдийн бүтэлгүйтэл бүхнээ өмнөх Засгийн газрын “баасыг цэвэрлэж байна” хэмээн бурууг бусад руу түлхсээр ирлээ. Сү.Батболдын Засгийн газар сонгуулийн популист амлалтандаа зориулж 1.9 их наяд төгрөг тараасан нь үнэн. Гэхдээ тэр үед хоёр нам бас л хамтарч байсныг тодотгох нь зөв байх. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газрынхан гурван их наяд төгрөгийг үнэ тогтворжуулах нэрээр цөөн хэдэн компанид олгосон. ШӨХТГ-ын саяхан хийсэн шалгалтаар мөнөөх үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниудаас 16 нь 44.9 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдоод байна.
...АН анх 1996 онд дангаараа олонхи болж байв. Тэр үед энэ намаас ард түмэн маш их хүлээлттэй байсан билээ. Гэтэл “Их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэгч болж өөр хоорондоо эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, 1996-2000 оны хооронд Засгийн газзар нь дөрвөн удаа солигдож байв. М.Энхсайханыг эс тооцвол бусад гурван Ерөнхий сайд нь амжуулж хийсэн ажил, үлдэх мөр, үнэлүүлэх үр дүн гэх юмаар хомсхон ажилласан. Ингэж тэд иргэдийнхээ итгэл найдварыг үргээсэн юм. 2000 оны сонгуульд АН ёстой л бараа туруугүй ялагдаж, бие даагч Л.Гүндалайгаар нүүр тахлах дээрээ тулж байсан удаатай. Тэр цагаас хойш бараг 20 жил өнгөрч байна. Энэ хугацаанд энэ нам аль хэр бяд сууж, хэрсүүжсэн бэ гэдгээ харуулах цаг нь эрх барьж буй энэ он жилүүд билээ. Харамсалтай нь бас л фракцуудын зөрчил, өрсөлдөөн Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагачихсан. Фракцийн эрх ашгаас илүү улс орон, ард иргэдээ бодох ухаан энэ намынханд төлөвшиж суугаагүй гэдгээ үүгээр хангалттай харууллаа. Зөвхөн фракци хоорондын ядуу, явцуу эрх ашгаар үндэсний эрх ашигт хандаж байгаа нь 20 жилийн хойно эргэж ирсэн иргэдийн итгэлийн өөдөөс нулимж байгаатай адил харагдаж байна.
Монголын эдийн засгийг хөдөлгөх нэг гарц нь Тавантолгойн уурхайг ашиглах, нүүрсээ эргэлтэнд оруулах явдал. Бүтэн дөрвөн жил дуншсан хөрөнгө оруулагчаа арай гэж шалгаруулаад яриа хэлцэл ид явагдаж байгаа энэ үеэр АН-ын фракциуд бас л хөндлөнгөөс оролцож эхэллээ. Тэд АНУ-ын Пибоди компанийг ил далд лоббидож, захиалгын нийтлэлүүд хойно хойноос нь цувруулж тархи угаах ажилдаа идэвхийлэн оржээ. Одоо Тавантолгойд талцал үүсгээд эхэлбэл тэд барьсан гэрээ дахиад нураана гэсэн үг. Тэдний гэр нурахаас илүү Тавантолгой дахиад гацаанд орох гамшиг буй.
Эрх барьж буй үеийнх нь бодлого ааш авир, хандлага энэ нам төлөвшиж, улс төрийн зангарагтай хүчин болж чадаагүйг хангалттай харууллаа. АН бол үнэхээр л чөмөг суудаггүй нам юм байна. Одоо тэгээд хамтрагчдаа хамаг “гавьяа”-гаа дуудуулаад сууж байгаа нь энэ.
Дангаараа засаглаж чаддаггүй, давхарлаад хамтаръя гэхээр ханилгаа муутай нэг ийм л улс төрийн хүчин болчихож гэж олон хүн хардаг, ярьдаг болчихсон байна.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 6 )
яг үнэнийг нь палийтал хэлээд орхисон байна шүү дээ ха ха ха АН хариуд нь юу гэж донгошийг нь та нар хараад байгаарай
Заа за, иймэрхүү юм болно доо гэж бодож байсан сан. болох юм болдгоороо л боллоо. Одоо яая гэх вэ дээ. Ямар ард түмэн байна, тийм юу байна гэдэг нь харамсалтай нь үнэн юм даа.
АН 2 жилийн дотор нь төрийг сүйтгэлээ дээ.
Ayagaad yu baihav dee. Medleg bolovsrol,turshlaga dulimagaas gadna avah idehiin shunaliin ih melmii ni tedniig iim uvaigui uildeld hurgej ur dun ni uls oron shavar shalbagt elgeeree hevtej ard tumen olon tsolmon bolood zogsohgui setgehuin doroitold unalaa daa. Hamgiin naad zahiin irel ni odoogii zaluus baritsgui onoo helsen ugee margaash nmartaad ooriig bodoh jishlengiin bolchihson. Harilgaa nohorhol gej baihgui boloh gej baina. En l hamgiin emegnel baina daa. AN-iin nohduudiin ulgergui baidal hudalch ni uls orniig bidnii ireedui hoich ueiin iimhuu baidlaar horduulj horlood baina aa tun harams
Ayagaad yu baihav dee. Medleg bolovsrol,turshlaga dulimagaas gadna avah idehiin shunaliin ih melmii ni tedniig iim uvaigui uildeld hurgej ur dun ni uls oron shavar shalbagt elgeeree hevtej ard tumen olon tsolmon bolood zogsohgui setgehuin doroitold unalaa daa. Hamgiin naad zahiin irel ni odoogii zaluus baritsgui onoo helsen ugee margaash nmartaad ooriig bodoh jishlengiin bolchihson. Harilgaa nohorhol gej baihgui boloh gej baina. En l hamgiin emegnel baina daa. AN-iin nohduudiin ulgergui baidal hudalch ni uls orniig bidnii ireedui hoich ueiin iimhuu baidlaar horduulj horlood baina aa tun harams
яагаад ийм байдалд хүргэчихэв, арайчдээ