Хүний амь насыг авч одсон барилгууд сүндэрлэсээр байх уу

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Манай улсын барилгын салбар хамгийн муу муухай бүхний уул уурхай болсон гэхэд хэлсдэхгүй. Энэ салбар авилга хээл хахуульд идэгдсэн, хууль дүрэм хэрэгжихээ больсон мэт болжээ. Дээрээс нь барилгын ослоос болж олон хүний амь нас үрэгдсээр байгаа нь барилгын салбарт хараа, хяналт бас шинэчлэл хэрэгтэй байгааг харуулсаар. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа оюутан залуу, 9 настай охин, гэр бүлээ тэжээдэг идэр насны залуугийн амь нас барилгын аюулгүй байдал алдагдсанаас болж үрэгдлээ. Гэтэл бид тэрхэн үедээ шуугиад, шуураад өнгөрснөөс биш одоо, ирээдүйд дахин ийм харамсалтай үйл явдал гаргахгүйн тулд арга хэмжээ авахгүй нүдээ аньж, чихээ таглан суусаар байна. 

Хүний амь насыг авч одсон хирнээ хэсэгхэн зуур үйл ажиллагаагаа зогсоосон нэрийдлээр өнөөх барилгууд чимээгүйхэн тоосгоо өрж, сүндэрлэсээр байгааг та анзаарч байгаа хүн алга. Зарим том компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний амь нас огт хамаагүй. Хамгийн гол нь хурдан хугацаанд барилгаа босгож авахын төлөө зүтгэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс эрдэнэт хүний амь үрэгдсэн барилгууд өнөөдөр ямар байдалтай байгаа талаар эргэн сурвалжиллаа.

 Хүний амийг уучлалаар орлуулсан “Макс өргөө” компаний барилга

2014 оны нэгдүгээр сард “Макс өргөө” компаний барьж буй барилга дээрээс барилгын тулгуур төмөр унаж замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийн амь насыг авч одсон. Хэдийгээр хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйсан ч хүний амь насыг нөхөх зүйл гэж байхгүй. Хүний амийг нэг уучлалаар сольчихдог зүйл ч биш.

Энэ бүгдийг бичээд хэлэх гээд байгаагын учир борооны дараах мөөг шиг гарч ирж, баригдаж байгаа барилгууд мөнгө олох гэж байгаа шигээ хүний амь насыг чухалд тавих хэрэгтэй. Ар гэрээ тэжээх гэж арав, таван төгрөгний хойноос хөдөлмөрөөрөө зүтгэж яваа хүмүүсийг нэг муу амьгүй барилга, барилгын материалаас дор үнэлэх эрх байхгүй. 

Адаг сүүлдээ “кран машин” буруутан болсон бяцхан охины амь нас

Мөн 2012 оны 9 сард Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд барилгын кран машины төмөр унаж бяцхан охины амь насыг авч одсон хэрэг гарсан. Энэ хэрэгт “MUDI”, “Төгс гүрэн”, “Орд гео”, “Премиум конкрете”, “Буянт трак” гэх мэт компаниуд нэр холбогдсон юм. Харин адаг сүүлд нь бяцхан охины амь насыг авч одсон буруутан нь кран машин болж таарсан. Тус барилгын компани нь барилга барих зөвшөөрөлгүй, барилгын зураг төслөө хянуулж батлуулаагүй, охины дээрээс унасан гэх машин нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй машин механизм байв. Энэ үнэхээр гомдолтой хэрэг. Яагаад ийм өрөвдөлтэй нийгэм бий болчихвоо. Хүний амь үнэгүйдэх энэ цагаар эрх мэдэлтэй, ямбатангууд нь харсан ч хараагүй юм шиг нүд нь балай, чих нь дүлий суух нь эмэгнэлтэй.

Хүн биш тоосго чухал “Алтай констракшн”-ы барилга

  Хамгийн сүүлийн жишээ бол Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Саруул Хотхон”-ын барилгын есөн давхараас 36 настай иргэн Б унаж газар дээрээ нас барсан хэрэг гарсан. Уг барилгын осол яг сарын өмнө гарсан. Тухайн ажилтан есөн давхараас тоосго буулгахаар цахилгаан шатны хонгилд ажиллаж байх үед цахилгаан шатны ган татлага тасарснаар есөн давхараас унаж амь насаа алдсан нь тогтоогдсон. Уг барилгын захиалагч нь “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгцээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байсан юм. Уг ослын талаар мэргэжлийн хяналтын газрын гаргасан дүгнэлтээр зөвшөөрөлгүй иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан. Хуулийн дагуу барилгын ажил гүйцэтгэгч тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуй нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах ёстой байсан. Мөн хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй буюу гэрэлтүүлэггүй орчинд, лифтний хонгиолд үйл ажиллагаа явуулсан гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Осол гарах үед тухайн иргэн хамгаалах хувцас, хэрэглэлгүй, иргэнд хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байсан нь тогтоогдсон. Харин одоогоор “Алтай Констракшн”ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоосон байдалтай байгаа.

 “ Алтай констракшн”-ны барилга дээр гарсан ослын талаар бид мэргэжлийн хүнээс тодрууллаа.

Хамгийн сүүлд “Алтай констракшн”-ы барилга дээрээс хүн унаж нас барсан. Энэ асуудал дээр ямар арга хэмжээ авсан бэ. Одоо барилгын үйл явц ямар байдалтай байгаа вэ?

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал: Алтай констракшны барилгын хувьд ялангуяа лифтний нүхээр дүрэм журманд заагаагүйгээр дураараа өргүүр ажиллуулж, тоосго зөөж байгаад хүний амь нас эрсэдсэн байгаа. Энэ бол хувь хүний үйл ажиллагаа болон ажлын талбай дээрхи зохион байгуулалт, удирдлагын зүгээс тавих хяналтуудтай холбоотой. Маш олон хүчин зүйлээс хүний амь нас эрсдэх, осол аваарт орох нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ асуудал дээр мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаад тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоогоод чиглэл өгөөд ажиллаж байгаа. Осол аваараас урьдчилан сэргийлэхийн тулд хамтын ажиллагаа өндөр байх хэрэгтэй.

 Энэ мэтчилэн барилгын салбар дахь осол аваарийг тоочоод байвал барагдахгүй. Дээрхи дурдсан барилгууд бол зүгээр л жишээ.

2012 оны арваннэгдүгээр сарын 7. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байсан “Асар шим” компанийн барилгын гурван давхарт ажиллаж байсан 33 настай Э өндөр хүчдэлд цохиулж, нас барсан.

2013 оны тавдугаар сарын 15. Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй“Оймон” компанийн аялал жуулчлалын зориулалтаар баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан мужаан Б.Б харамсалтайгаар амиа алдсан. Дүгнэлт: Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангаагүй.

2013 оны аравдугаар сарын 8. Баянзүрх дүүргийн 12-р хороонд ”Батширээт” ХХК-ийн баригдаж байгаа барилга дээр Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, мөн сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй О нар угсардаг төмөр шат зөөж байгаад өндөр хүчдэлийн шугаманд хүрч тогонд цохиулж нас барав.

 Дүгнэлт: Хөдөлмөр аюулгүй байдлыг дүрэм баримтлаагүй.

2014 он. Сүхбаатар дүүрэгт барилгын ажил гүйцэтгэж буй “Цаст” констракшн, Өндөр буянт компанийн хоёр барилга дээр хоёр ажилтан нас барсан.

Хууль зөрчин баригдаж, хүний амь нас авч одсон барилгуудын үйл ажиллагаанд ямар арга хэмжээ авч ажилладаг вэ? Зөрчил гаргасан барилгуудын үйл ажиллагааг зогсоочихоод зөвшөөрлийг нь буцааж олгохдоо ямар шаардлага тавьдаг вэ?

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал: Тусгай зөвшөөрлийг барилга хот байгуулалтын яамнаас олгодог. Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал дээр хийж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагуудын шалгалтын хүрээнд холбогдох зөвшөөрлийг шалгадаг. Зөвшөөрлийн хүрээнд шаардлагын дагуу ажиллаж чадаж байна уу гэдэг дээр их зөрчил гарч ирдэг.  Өнгөрсөн онд барилгын ажилтай холбоотойгоор 22 осол аваар гарсан байгаа. Тэгэхээр зөрчилтэй уялдуулаад эдгээр барилгын компаниуд болон хяналтын хуудсаар эрсдэл өндөртэй үнэлэгдсэн компаниудад түлхүү тулж ажиллахаар болсон. Ялангуяа албан шаардлага, акт дүгнэлт өгөөд барилга хот байгуулалтын яамруу гарсан зөрчилтэй уялдуулаад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, хөрөнгө хүч зохион байгуулалтын арга хэмжээ буюу тухайн үйл ажиллагааг явуулах шаардлагын хэмжээнд хүрсэн хойно ажил үйлчилгээ явуулах эрхийг нь олгох шаардлага тавьж байгаа. Тодорхой хугацаагаар түтгэлзсэн тохиолдолд эргээд биелэлтийг нь шалгадаг. Газар дээр нь очиж танилцдаг, хамтран ажилладаг, үүний дараагаар Барилга хот байгуулалтын яам болон мэргэжлийн хяналтын байгууллага тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа. Мөн дахин дахин зөрчил гаргаад байгаа байгууллагуудын үйл ажиллагаа явуулах, үндэслэл, бусад чиглэлээр дахин тусгай зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээнүүдийг холбогдох яам агентлуугуудтай хамтран хэргэжүүлнэ гэж үзэж байгаа.  

Хамгийн харамсалтай нь хүний амийг авч одсон барилгууд өндрөөс өндөрт сүндэрлэсээр байгаа нь аймшигтай.


Д.Солонго 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gudamjnii bichigtend(123.121.213.221) 2015 оны 03 сарын 19

Barilga hunii amiig avch odno gej yu baihav dee. Tuuniig bariulj baigaa ezdii haraa hyanalt ayulgui ajillah nohtsoliig hangaaguitai nogoo talaas bariilga deer ajillaj baiga humuusiin buruutai uil ajillagaas bolj losol garch ulmaar hunii amid huch baigaash dee Tuunees bish barildaj baigaa barilgad buruu yu baih bilee dee amigui, ooroo hodoldoggui tul. Mongol heliig manai setguulchid estoi mohoj baina daa

0  |  0
Gudamjnii bichigtend(123.121.213.221) 2015 оны 03 сарын 19

Barilga hunii amiig avch odno gej yu baihav dee. Tuuniig bariulj baigaa ezdii haraa hyanalt ayulgui ajillah nohtsoliig hangaaguitai nogoo talaas bariilga deer ajillaj baiga humuusiin buruutai uil ajillagaas bolj losol garch ulmaar hunii amid huch baigaash dee Tuunees bish barildaj baigaa barilgad buruu yu baih bilee dee amigui, ooroo hodoldoggui tul. Mongol heliig manai setguulchid estoi mohoj baina daa

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.109) 2015 оны 03 сарын 12

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАГТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top