Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Уг дүгнэлтэд “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17.3.1 “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 50.1.4 “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн.

Энэ асуудлыг  өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд, гишүүдийн олонх нь Цэцийн дүгнэлтийг дэмжлээ.  Харин үүнтэй  холбоотой тогтоолын төслийг дэмжээгүй.  Тиймээс уг асуудлыг Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дээрх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжин “Эрх мэдэл хуваарилах онлоороо УИХ хууль тогтоодог, Засгийн газар хэрэгжүүлдэг, шүүх хэрэглэдэг. Үйл явдлыг хуулийн заалтын дагуу шүүх хууль хэрэглэдэг. Хуулийг зөв хэрэглэх талаар Дээд шүүх тайлбар гаргана гэж байгаа. Энэ нь шүүгчтэй холбоотой. Харин шүүхээс гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоож болохгүй. Сонгуулийн хуульд ялтай бол сонгуульд өрсөлдүүлж болохгүй гэдгийг Дээд шүүх өөрийн санаачлагаар ял эдлээгүй хүн гэж тайлбарласан.  Өөрсдийн зүгээс тайлбар  хийх нь ямар уршигтайгийн жишээ энэ. Хууль тогтоогчоос давсан тайлбар Дээд шүүх хийж болохгүй. Хууль тогтоох эрх мэдлийг Дээд шүүхэд өгөх үү? Үүнийг бодолцох хэрэгтэй” гэсэн юм. Мөн үеэр зарим гишүүд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг, улстөржсөн шийдвэр гаргадаг гэж шүүмжилж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top