Манай түшээдийн багны цаадах жинхэнэ дүр төрх үе үе цухалдздаг. Наана нэг юм ярьчихаад цаанаа өөр "найраа" хийж явдаг, үг үйлдэл нь зөрдөг улс төрчдийн жишээг тоочоод барахгүй биз. "Сонгогчийн эрхийн төлөө" гэж лоозон орилсоор байгаад УИХ-д орж ирсэн Р.Бурмаа гэхэд сайд болохын тулд "дан дээлийг эсэргүүцэж байна" гэж хэлсэн үгээ залгичихсан. Сайд болонгуутаа сонгогчийн эрхийн тухай нэг ч үг дуугарахаа больсон.
Энэ бол улс төрчдийн хоёр нүүртэйн илрэл. Хэлсэндээ хүрдэггүй, амласнаа биелүүлдэггүй нөхдийг парламентаас буулгах, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг Ж.Батзандан гишүүн санаачилсан. Энэ хуулийн төслийг АН-ын дарга нар эхнээс нь эсэргүүцэж байсан. Хамгийн анх энэ хуулийн төслийг өргөн барих үеэрээ Н.Алтанхуягтай ам зөрж байсан удаатай. Гэтэл өчигдөр байнгын хорооны анхны хэлэлцүүлэгээр мөн л Н.Алтанхуяг тэргүүлэн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хариуцлагын тухай хуулийг унагачихлаа.
Ж.Батзандангийн төсөлд өө сэвтэй зүйл байгаа ч парламентын гишүүд огт халгаасангүй. Тэрбээр УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлд тойргоос сонгогдсон гишүүнийг нийт сонгогчдын гуравны хоёрын саналаар эргүүлэн татах санал гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд эргүүлэн татах нэмэлт өөрчлөлт оруулжээ. Мөн намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллагаас эргүүлэн татах тухай санал гаргаж, түүнийг нь УИХ хүлээн зөвшөөрвөл эргүүлэн татна гэсэн санал оруулсан юм. Учир нь сүүлийн хэдэн жил УИХ-ын гишүүн байх үедээ авилга, хээл хахуульд холбогддог, суудлаасаа буухаасаа өмнө энэ хууль бус ажлаа далдалдаг тохиолдол цөөнгүй гарах болсон. Чуулганд согтуу ирдэг, зодоон хийдэг, чуулганы хурлыг байнга тасалдаг гишүүд ямар ч хариуцлага хүлээхгүй байна.
Ард иргэдийн итгэлийг алдаж, ёс зүйгүй авирласан ч дөрвөн жилийн хугацаагаа дуусгахаар нүүрээ ширлэж байгаа нь энэ 76-гийн ихэнхи нь. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэх халхавчин дор хуулиас зугтаж байгааг нь таслан зогсоох, хариуцлага хүлээлгэхийг иргэд шаардсаар ирсэн тул энэ хуулийн төслийг ихээхэн хүлээж байсан. Гэтэл энэ саналаас айж, хулчийгсад эхний хэлэлцүүлгээр л буцааж орхилоо. Тиймээс ингээд өнгөрөх биш, улам чамбайруулж, чангаруулаад дураараа дургидаг улс төрчдийг айлгадаг хуультай болмоор байна, Ж.Батзандан гишүүн ээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 4 )
наад тэнэг гишүүд чинь хуулийг өөрсддөө зориулж гаргадан юм ард түмний төлөө нэг их зүтгэхгүй
наад тэнэг гишүүд чинь хуулийг өөрсддөө зориулж гаргадан юм ард түмний төлөө нэг их зүтгэхгүй
Huleej bsn ymsan. Hariutslaga tootsoh mehanizm bhgui bolhoor mongol ulsaar toglood duuslaa .
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000