МАН Говьсүмбэрийн бүх тойрогт ялалт байгуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль болж дөрвөн тойрогт МАН илт давуу ялалт байгуулжээ.

2012 оны аймгийн ИТХ-ын сонгуулиар Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон дөрвөн хүнийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх шүүхийн шийдвэрээр эргүүлэн татсан юм. Тэдний оронд АН-ын зүгээс жагсаалтаар дөрвөн хүнийг ИТХ-д оруулаад байсныг Улсын Дээд шүүхээс хууль бус хэмээн үзэж нөхөн сонгууль явуулахыг даалгасан байна. Үүнээс хойш хоёр жил орчмын хугацаанд МАН болон орон нутгийн иргэдийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсаны дагуу энэ сарын 22-ны өдөр Сүмбэр сумын 1, 2, 3, 6-р багт нөхөн сонгууль боллоо. Нийт 3435 хүн 12 нэр дэвшигчид санал өгсөнөөс МАН-аас нэр дэвшсэн Д.Батцэцэг 59,7 хувь, Д.Гансүх 56 хувь, Г.Батзам 64 хувь, Б.Аюушжав 64 хувийн саналаар тус тус ялалт байгуулжээ.

2012 оны аймгийн ИТХ-ын сонгуулиар дээрх дөрвөн тойргын гуравт нь МАН ялалт байгуулж байсан байна. Харин энэ удаагийн нөхөн сонгуулиар бүх тойрогт МАН ялж сонгогчдын саналыг дахин баталгаажууллаа. Говьсүмбэр аймаг 12 мянга гаруй хүн амтай. Харин тус аймгийн гол цөм нь болсон Сүмбэр суманд хүн амын дийлэнх хувь нь оршин суудаг байна. Ийнхүү төлөөлөгчид сонгогдсоноор Говьсүмбэр аймгийн иргэдийн 65,7 хувь нь аймгийнхаа ИТХ-д төлөөлөлтэй болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top