Ялалтын баярыг Улаанбаатарт хэрхэн тэмдэглэх вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 09

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.  Энэхүү түүхэн ялалтын баярыг угтаж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр буюу ялалтын баярын өдөр БХЯ, ЗХЖШ болон ОХУ, Казакстан, Беларусь улсын Элчин сайдууд 11.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд, 11.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

Харин Чингисийн талбайд 14.00 цагаас эхлэн баярын арга хэмжээ үргэлжилнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг шууд нэвтрүүлгээр иргэдэд хүргэх боломжийг олгох юм. Шууд нэвтрүүлэг МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар дамжин иргэдэд хүрнэ. Шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм байна.

Цэргийн ёслолын жагсаал Москва хотын цагаар 10.00, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ. Шууд нэвтрүүлгээс өмнө иргэд цэргийн хээрийн хоол идэж,  Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ялалтын баярын тухай түүвэр тоглолтыг үзэх боломжтой. Харин 19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд  Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top