Өнөөдөр Бүгд Найрамдах Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал албан ёсоор эхэлж, Чингисийн талбайд угтах ёслол боллоо. Залгуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Болгар улсын ерөнхийлөгч Росен Плевнелиев нар ганцаарчилсан уулзалт, дараа нь албан ёсны хэлэлцээ хийж, улмаар хэвлэл мэдээллийнхэнтэй уулзана.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар бараалхах юм.
Айлчлалын үеэр хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурахаас гадна Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулна гэж мэдээлж байна
Энэ жил Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд айлчлал энэ ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог хэмээн тодотгож байна.
Монголд албан ёсны айлчлал хийж байгаа БНБУ-ын Ерөнхийлөгч Росен Плевнелиевыг товч танилцуулъя.
Тэрбээр 2012 оны нэгдүгээр сараас эхлэн тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 1964 оны тавдугаар сард төрсөн, эдүгээ 51 настай. С. П. Королёвын нэрэмжит гимназид суралцаж дараа нь 1989 онд эдүгээгийн Софи хотын Техникийн их сургуулийг тооцоолон бодох техникийн мэргэжлээр төгсчээ. Ажил хөдөлмөрийнхөө гарааг микро электроникийн институтээс эхэлж нийгмийн өөрчлөн байгуулалтын дараа барилга үйлдвэрлэлийн “Iris International” компанийг үүсгэн байгуулжээ. Дараа нь тэр Германы “Lindner” компанид улирдах алба хашиж байв.
Харин 2009 оноос улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, мөн ондоо Бойко Борисовын тэргүүлсэн Засгийн газарт Бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллах болжээ. Тэрбээр 2011 оны есдүгээр сард ГЕРБ намаас Болгар Улсын ерөнхийлөгчид нэр дэвших болсон учир энэ албан тушаалаасаа татгалзжээ.
Ерөнхийлөгч Плевнелиев эдийн засгийн салбарт бизнесийг дэмжих, татварыг бууруулах бодлого баримталдаг нэгэн. Мөн төсвийн алдагдлыг бууруулахаар ажиллаж байна. Түүнийг анх Ерөнхийлөгчөөр сонгогдоход эдийн засгийн эрчимтэй реформ хийгдэнэ гэж харж байсан ч харин тийм өөрчлөлт хийгдсэнгүй.
Түүний гадаад бодлогын чухал чиг баримжаа тийм ч тодорхойгүй. Гэхдээ өмнөх Ерөнхийлөгч Георгия Пырвановаас ялгаатай нь ОХУ-тай харилцах харилцаандаа тийм ч дотно биш байдаг нь анзаарагддаг. Үүний нэг илрэл нь сая тэмдэглэн өнгөрүүлсэн Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт Болгар улс төлөөллөө оролцуулсангүй.
Түүнчлэн тэрбээр өнгөрөгч оны аравдугаар сард Германы "Frankfurter Allgemeine Zeitung" сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ-ыг “Үндэсхэрхэг, түрэмгий орон” гэж нэрлэж байсан нь бий.
Тэрбээр хоёр удаа гэрлэсэн бөгөөд сүүлийн эхнэрээсээ Филип, Асен, Никола гэсэн гурван хүүтэй гэнэ. Ерөнхийлөгч Плевнелиев 50 сая еврогоор үнэлэгдэх эд ахөрөнгөтэй нэгэн юм байна.
Сэтгэгдэл ( 0 )