Налайхын захирагчийн сонгууль дахин явагдана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 15

Налайхын захирагчийн сонгуулийн нэгдсэн дүн гарч нийт 30.91 хувийн саналаар Ш.Хаан ялалт байгуулсан талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл санал хураалтыг дахин явуулахаар болсон байна. Учир нь нийт 20 мянга 315 сонгогч сонгуульд оролцохоос 10 мянга 540 иргэн сонгуульд оролцож саналаа өгсөн. Үүнээс 140 сонгогчийн саналын хуудсыг хүчингүйд буюу алдаатайд тооцсон байна.

Сонгогчдын нийт ирц 51.88 хувьтай байж, сонгууль хүчинтэй болсон гэж сонгуулийн нэгдсэн хороо үзэж, саналыг гараар тоолсон. Ингээд сонгуулийн нэгдсэн дүнгээр нэр дэвшигч Д.Батбаатарт 1744 сонгогч буюу 16.7 хувь нь,  Б.Баяндэлгэрт 969 сонгогч буюу 9.32 хувь нь, Г.Болдбаатарт 304 сонгогч буюу 2.92 хувь нь, Д.Ганболдод 458 сонгогч буюу 4.4 хувь нь, Н.Мандуулд 550 сонгогч буюу 5.29 хувь нь, Ц.Минжинхүүд 2121 сонгогч буюу 20.39 хувь нь, Ш.Хаанд 3215 сонгогч буюу 30.91 хувь нь, Д.Цогоод 1039 сонгогч буюу 9.99 хувь нь саналаа өгчээ. Гэсэн ч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авснаар ялалт байгуулсанд тооцох ёстой юм. Энэхүү болзолыг хангаж санал өгсөн сонгогчдын 50-иас дээш хувийн дэмжлэгийг авсан нэр дэвшигч байхгүй учраас сонгуулийг дахин явуулахаар болжээ.

Ингэхдээ хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин сонгуульд оролцуулах юм байна. Сонгуулийн нэгдсэн дүнгээр Ш.Хаанд нийт сонгогчдын 30.91 хувь нь, Ц.Минжинхүүд 20.39 хувь буюу сонгогчдын олонх нь саналаа өгчээ. Дахин санал хураалтыг энэ долоо хоногт явуулахаар төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top