Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулган Эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Угтаа энэ нь ирэх оны Монголын хөгжлийн нүүр царайг угтан харах, тодотгож буй хэрэг. Урагшлах уу, ухрах уу гэдэг дүр төрхийг өнөөдрөөс илэрхийлж байна гэсэн үг.
Эдийн засаг эдүгээ хамгийн их эргэлзээ, эрсдэл дунд байгаа нь үнэн. Хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй, томоохон мега төсөл парламентын танхимд гацчихсан, гадаадын зээл, бондын эргэн төлөлт хаяанд ирчихсэн хаалга тогшиж байгаа, өр зээл дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувьд хүрчихсэн, Монголыг 2017 онд дампуурч магадгүй гэсэн мессеж дэлхий нийтэд цацагдчихсан, Арбитрийн шүүх дээр 100 гаруй сая ам.долларын нөхөн төлбөрт ногтлуулсан гээд гялайж гялтайх юмаар бага байгаа нь үнэн. Гэхдээ л ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөх, үгүйдээ гэхэд төсөөлөх шалтгаан бас хангалттай бий.
Оюутолгойн царцаад байсан далд уурхайн бүтээн байгуулалтыг ямартай ч хөдөлгөж эхэлсэн нь том алхам болж байна. Энд алдаа эндэгдэл байхыг үгүйсгэхгүй, гэхдээ л өнөөгийн нөхцөлд эдийн засгийн цусны эргэлтийг сэлбэх том урсгал болох нь маргашгүй үнэн. Тавантолгой гацсан ч тавдугаар цахилгаан станц, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал, Эгийн голын усан цахилгаан станц гэхчлэн том төслүүд амилж эхлээд байна.
Энэ жилийн тухайд 20 тонн алт олборлох найдвар бий. Дээр нь Гачууртын ордыг ашиглаж эхлэх хүлээлт бас байна. Үндэсний хэд хэдэн томоохон үйлдвэр, тухайлбал, Дорноговьд “Монполимет”-ийн Сэнжтолгойн болон “МАК”-ийн Хөөтийн цементийн үйлдвэр 2016 он гэхэд ашиглалтад орно. Энэ хоёр үйлдвэр тус тус тусдаа жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр бид барилгын “талх”-ыг импортолдог бус экспортолдог болно.
УИХ-ын түвшинд танилцуулагдаж байгаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого дээр суурилсан хэмээн онцолж буй. Эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж байгаа юм. Мэдээж энэ бол АН-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөарийн үргэлжлэл явж байна гэсэн үг. 2016 оны тухайд АН ард түмнээрээ дүн тавиулах жил болно. Тиймээс амлалтаа хэрэгжүүлэх тун хариуцлагатай үе, сүүлчийн боломж байна.
Танилцуулж буй төслөөс харвал макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхийг чухалчилжээ. Ерөнхий дүр төрхөөр нь харвал 2016 онд 130 бодлогын арга хэмжээг багцлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгах бодлогыг 2016 онд хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Үнэхээр ингэж чадвал ирэх жил үнийн хөөрөгдлөөс айж эмээхгүй амар жимэр байж болох л юм байна. Уг нь энэ бол цалин нэмэхээс ч илүү бодит үр дүнтэй арга хэмжээ. Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 7 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Ийм зорилт, энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалт олон бий. Гэхдээ юу хийж юуг амжуулах вэ гэдэг хэтэвч, хөрөнгө мөнгөнөөс шууд хамаарна.
Төлөвлөж буй Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан 5 бүлэг, 22 зорилтын 130 бодлогын арга хэмжээг нийтдээ 3 их наяд 839.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнийг нарийвчилж задалбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны санхүүжилтээр 110.0 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 267.0 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 3 их наяд 189.0 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 39.9 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр тус тус төлөвлөн тусгасан байна. Эндээс анзаарвал дийлэнхи ажлыг концессын гэрээгээр хийхээр төлөвлөжээ. Энэ нь мэдээж төсөвт ачаалал өгөхгүй .
Харин хүмүүсийн нэлээд сонирхдог цалин тэтгэврийг нэмэх асуудлыг 2016 оны төлөвлөгөөнд тусгаагүй байгааг дуулгах нь зөв байх.
Сэтгэгдэл ( 2 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
Songuuliin jil geed nuguu hadnii mangaa nar soliorch uguh baih daa. Bie daagchid MANiihan geed. Ulsaa boddoggui zuvhun amia boddog soliotoi garuud ih bh um