НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улс нэрээ дэвшүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 21

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын холбогдох заалтыг үндэслэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн энэ оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлсэн билээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, тодорхой төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээ авч байгаа аж. Мөн Гадаад хэргийн сайд болон бусад түвшний айлчлал, яриа хэлэлцээний үеэр холбогдох улсаас дэмжлэг хүсэх, НҮБ-ын гишүүн 192 улсад дэмжлэг хүссэн нот бичиг, Гадаад хэргийн сайдын захидлыг тараах, НҮБ болон олон улсын байгууллагын сонгуулиар харилцан дэмжих тохиролцоо байгуулах. Манай улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ын тэргүүн нарт чиглэл өгч ажиллаж эхэлжээ. Түүнчлэн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг Засгийн газраар шийдвэрлүүлсэн байна. Үүний үр дүнд одоогийн байдлаар нийт 120 орчим улсын дэмжлэгийг хүлээгээд буй аж.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 47 гишүүнтэй бөгөөд 3 жилийн хугацаанд гишүүнээр нь ажиллах улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 192 гишүүний ердийн олонх буюу наанадаж 97 улсын саналаар сонгодог байна. Энэ жилийн сонгууль Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр ирэх аравдугаар сард болох юм.
Манай улс харъяалагддаг 54 гишүүнтэй Ази, Номхон далайн орнуудын бүлэг Хүний эрхийн зөвлөлд 13 суудалтай бөгөөд жил бүр сулрах 4-5 суудалд нөхөн сонгууль болдог. Энэ зөвлөлийн 2015 оны сонгуульд манай бүлэгт 5 суудал сулрах аж. Үүнд одоогийн байдлаар манай улсаас гадна Лаос, Киргиз, Арабын Нэгдсэн Эмират Улс, Пакистан, БНСУ болон Филиппин нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top