Шинэ мэндэлсэн хуулиудын чухал заалтууд

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 16

Үндэсний баяр наадмын өмнөхөн хаалтаа хийсэн УИХ-ын чуулганаар хэд, хэдэн шинэ хууль баталлаа. Энэ дунд хууль зөрчсөн этгээдүүдийн хариуцлагыг чангатгасан нэлээн хэдэн хуулийн өөрчлөлт байгаа юм. Үүнээс гадна НӨАТ-ын босгыг өндөрсгөсөн, үндэснийүйлдвэрлэгчдийн судалгааны зардлын зарим хувийг төрөөс даах гэх мэт жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн хэд хэдэн шинэ заалт нэмэгдлээ.

Сая төгрөгийн торгууль

Олон нийтийн анхаарлыг татаад байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдлаа. Энэ хууль 9-р сарын нэгнээс хэрэгжиж эхлэх бөгөөд дараах өөрчлөлтүүд орж байгаа юм.

-Жолооны үнэмлэхгүй, эрхээ хасуулсан үед машин жолоодволхөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөр торгуулна. Согтуугаар жолоо баривал мөн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 192,000x2=384,000 төгрөгөөр торгуулж, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна.  

 -Машин жолоодох эрхгүй хэр нь согтуугаар жолоо баривал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу192,000х4=768,000 төгрөгөөр торгож, 7-30 хоногийн хугацаагаар баривчилна.

 -Согтуугаар жолоо барисан зөрчлийг давтбал баривчлах, жолоо барих эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасна.

Модны хулгайн талаар мэдээлэгчийг урамшуулна

Ойн тухайн хуульд модны хулгайтай холбоотой нэлээн хэдэн чухал заалт орлоо. Тухайлбал модны хулгайн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнийг 150 000 төгрөгөөр урамшуулахаар боллоо. Мөн хулгайн мод ачиж явсан машиныг борлуулж,  70 хувиар нь цагдаа, хилийн цэрэг гэх мэт хүмүүсийг урамшуулах заалт орлоо.


Үндэсний үйлдвэрлэлийг ингэж дэмжинэ

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр төр үйлдвэрлэлийг дараах хэлбэрээр дэмжинэ гэв. Тухайлбал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгоно. Мөн өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи болон өндөр технологи бий болгон нэвтлүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгохоор боллоо.

НӨАТ-ын босго 50 сая боллоо

АН, МАН хоёрын хооронд талцал, маргаан үүсгээд байсан НӨАТ-ын тухай хууль батлагдлаа. МАН-ын зүгээс жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд НӨАТ-ын босго нь 100 сая төгрөг байх ёстой хэмээн үзэж завсарлага аваад байсан. Тэгвэл удаан хэлэлцсэний эцэст НӨАТ-ын босго 50 сая төгрөг боллоо. Ингэснээр өмнө нь 10 сая төгрөгийн эргэлттэй жижиг байгууллага НӨАТ төлөхгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top