МАН “давхар дээл”-ээ тайллаа, одоо АН тайлах уу, аль эсвэл бүгдээрээ сайд болох мөрөөдлөө биелүүлэх гээд байна уу

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 07

“Давхар дээл” гээчийг санаачилсан АН-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэндээ УИХ дахь МАН-ыг гишүүдийг сайдын албыг давхар хаших гэлээ хэмээн загнасандаа гаргаж ирсэн зүйл. Удаж төдөлгүй АН сонгуульд ялалт байгуулж, УИХ-д олонх болсон.

“Ичсэн хүн хүн ална” гэгчээр өмнө нь УИХ-ын гишүүдийг Засгийн газарт давхар ажиллах нь буруу гэж хэлж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “давхар дээл”-ийг тайлья хэмээн баахан сенсаацалсан ч сайдын суудалд дэндүү дуртай АН-ынхан нь тэгс ингэсхийж цаг авч, энэ ажлыг 2016 оны сонгуулийн дараа ажил хэрэг болгохоор болох шиг боллоо. Энэ зуур АН-ынхан ард түмэнд таалагдах гэж наанаа “давхар дээл-ээ тайлахыг дэмжиж, цаанаа өөр хоорондоо үгсэн хуйвалдаж тайлахгүй байх бүхий л арга хэмжээг авав. АН-ынхны энэ хуурамч ярианд итгэсэн МАН “давхар дээл” тайлахыг нь дэмжиж, адаг сүүлдээ АН-ын санаачилсан Ерөнхий сайдаас гадна үндсэн чиг үүргийн 4 яам /Сангийн яам, Хуульзүйн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам/-дын сайд нараас бусдыг нь гаднаас томилуулах саналыг нь хүлээн зөвшөөрч, Сангийн яам болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын суудалд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Оюунхоролын нэрийг дэвшүүлж, харин үлдсэн дөрвөн сайдад У.Хүрэлсүх /Шавар сайдад/, Д.Цогтбаатар /Барилга, хот байгуулалтын сайдад/, Н.Төмөрхүү /Зам тээврийн сайдад/, С.Чинзориг /Хөдөлмөрийн сайдад/ нарын хүмүүсийг гаднаас сонгосон.

Ингэж АН-ын шийдвэрийн дагуу анхнаасаа “давхар дээл” өмсөөгүй МАН-ын зургаан сайдыг АН-ынхан хөөж “давхар дээл”-ийг нь бүрмөсөн тайлуулж, урваж шарвадаг уйдамхай, атаархуу Жамуха шиг зангаа дахин нэг харуулж, бах таваа хангав. Харах нээ ахуйн амьдралын хувьд ч урваж шарваж байсан АН доторх нөхдүүд МАН-ыг хөөхийг илүүтэй дэмжиж байсан. Угаасаа багаар ажиллах чадваргүй амин хувиа хичээгч АН-ынхан /ирэх оны сонгууль хүртэл/ үлдсэн хугацаанд ажил хэрэг болсон зүйлсийг зөвхөн өөрсдийн нэр дээр авч ард түмэнд таалагдахаар аль эртнээс төлөвлөж байжээ. АН ёстой ашиглаж ашиглачихаад адаг сүүлд нь уйдаад хөөгөөд явуулдаг хүүхэн шиг МАН-ыг хөсөр орхив. Анхнаасаа аятайхан үг арга хоёрт нь хууртаж “өвөр”-т нь орсон МАН одоо мянга харамсаад нэмэргүй ч, АН-тай ахиж зууралдана байгаа гэж дахин дахин өөрсдөдөө хэлж сууна. Анхлан л хэлсэн ярьсан тохирооноосоо ухарч, няцаж явсан АН үндсэн чиг үүргийн яамдын сайдад дотроос буюу УИХ-ын гишүүдээс сонгоно гэчихээд Гадаад хэргийн сайдад Л.Пүрэвсүрэн, Хуульзүйн сайдад Д.Дорлигжавыг гаднаас томилж, гаднаас томилох ёстой яамдад С.Баярцогт, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Р.Бурмаа, Д.Зоригт нарын зургаан гишүүнийг томилж, “давхар дээл” нөмөргөсөн. Одоо болохоор МАН-ыг “давхар дээл” өмсч байна хэмээх нүд үзүүрлэж “давхар дээл”-ийг тайлуулж санаа амарсан АН-ынхан суларсан зургаан сайдын суудалд УИХ-ын гишүүдээс сонгож, “давхар дээл” нөмөргөхөөр улайрч ямаршуу Шийдлийн Засгийн газар гэдгээ харуулав.

Ингэхдээ гурван сайдын суудлыг АН өөрөө авч, хоёрыг нь МАХН-д өгч, нэгийг нь бие даагчдад өгөхөөр хэлэлцэж эхлэв. АН-ын гурван суудлын төлөө МАН-ыг хөөхөд гарамгай гавьяа байгуулсан Б.Гарамгайбаатар тэргүүтэй Г.Баярсайхан, Д.Арвин, А.Бакей, Л.Эрдэнэчимэг цаашлаад С.Ламбаа нар өрсөлдөж эхэлжээ. Харин МАХН өөрт оногдож буй хоёр суудлынхаа нэгийг намынхаа дарга Н.Энхбаярын хүү, Монгол Банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугарт өгөхөөр яригдаж байна. Тэгвэл МАН-ын зургаан сайдын суудлыг суллаж эхэлснийхээ дараахан л тавьсан АН-ын саналд хэзээ ч үгүй гэж хэлж явсан бие даагчдын зөвлөл оногдсон нэг сайдын суудлын авахаар болжээ. Хэдийгээр АН С.Ганбаатарт санал тавьсан ч цаадах нь нүүр өгөхгүй байгаа аж. Харин хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Ц.Даваасүрэн Сангийн яамыг өг гэж томорчээ. Үүнд нь АН дургүй байгаа ч Ц.Даваасүрэн гишүүн бие даагч статусаа сайдын суудлаар сольж АН-д элсэхээр болсон гэнэ.

Юутай ч, ирэх сонгууль хүртэл МАН “давхар дээл”-ээ тайлсан шиг тайлж сэрүүхэн басхүү хөнгөн шингэн ажиллах нь. Харин “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр шуналтаж дан дээлээ давхарлаж байгаа АН-ынхан түүндээ түүртэж, үл даагдах “дээл” нь ихэд “халууцуулах” нь дээ.   

Э.Төгс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.31.42) 2015 оны 08 сарын 09

Төр жолоодох ямар ч чадваргүй үргэлж мөнхийн хувийнхаа эрх ашгийн төлөө байдаг Нэгдэж чаддаггүй ард түмнээ бодох ямар ч сэтгэл байхгүй Аймшгийн шуналтай энэ Ардчилсан Нам нэртэй мангасуудыг ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛЬД БҮҮ СОНГООРОЙ АРД ТҮМЭН МИНЬ!!! Эднээс одоо салцгаая!!! Ардын нам нь ядаж нэгдэж чаддаг Төр засгаа аваад явж чаддаг шүү дээ.

0  |  0
зочин(122.201.31.42) 2015 оны 08 сарын 09

Төр жолоодох ямар ч чадваргүй үргэлж мөнхийн хувийнхаа эрх ашгийн төлөө байдаг нэгдэж чаддаггүй ард түмнээ бодох ямар ч сэтгэл байхгүй аймшгийн шуналтай энэ Ардчилсан Нам нэртэй мангасуудыг ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛЬД БҮҮ СОНГООРОЙ АРД ТҮМЭН МИНЬ!!! Эднээс одоо салцгаая!!! Ардын нам нь ядаж нэгдэж чаддаг Төр засгаа аваад явж чаддаг шүү дээ.

0  |  0
зочин(122.201.31.42) 2015 оны 08 сарын 09

Төр жолоодох ямар ч чадваргүй үргэлж мөнхийн хувийнхаа эрх ашгийн төлөө байдаг нэгдэж чаддаггүй ард түмнээ бодох ямар ч сэтгэл байхгүй аймшгийн шуналтай энэ Ардчилсан Нам нэртэй мангасуудыг ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛЬД БҮҮ СОНГООРОЙ АРД ТҮМЭН МИНЬ!!! Эднээс одоо салцгаая!!! Ардын нам нь ядаж нэгдэж чаддаг Төр засгаа аваад явж чаддаг шүү дээ.

0  |  0
Top