С.Эрдэнэ хууль бусаар аймаг, дүүргийн 16 хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг халлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 12

 -С.Эрдэнэ шүүхийн өмнөөс шийдвэр гаргалаа-

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд, Хөдөлмөрийн яамны сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнэ нь Засгийн газрын 2015 оны 166 тоот тогтоолын дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө б/144-б/149 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг хууль бусаар ажлаас чөлөөллөө. 

Хөдөлмөрийн яамны Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан Аймаг, Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж оноогоороо 1 дүгээрт жагсаж Төрийн албаны хуулийн дагуу Хөдөлмөрийн хэлтэсийн даргаар сонгогдон, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийт 16 албан тушаалтныг хууль зөрчиж, ажлаас чөлөөлөөд байна. 

Өмнө нь Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Я.Санжмятав нь 2012 оны 12 дугаар сард Төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсээр аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргынүүргийг Түр орлон гүйцэтгэгчээр томилох хууль бус шийдвэр гаргасан байдаг. Энэхүү  хууль бус шийдвэрийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг энэ оны дөрөвдүгээр сард хүчингүй болгож, Хөдөлмөрийн яамны Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албаны хуулийн дагуу 2015 оны 04 сарын 09-ны өдөр Аймаг, Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласаны үндсэн дээр дээрх 16 хөдөлмөрийн хэлтэсийн дарга нар хуулийн дагуу шалгалт өгч томилогдсон.

Гэвч Хөдөлмөрийн сайдын 2013 оны Б/01 дүгээр тушаалаар Хэлстийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон, огт сонгон шалгаруулалтад ороогүй хууль бусаар томилогдсон дарга нар нь Төрийн албаны сонгон шалгаруулалтыг эсэргүүцэж дээрх сонгон шалгаруулалтыг түтгэлзүүлж өгөх хүсэлтийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байдаг. Шүүх тус хүсэлтийг хянан үзээд хүсэлтийг Шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон байдаг.

Гэтэл Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнэ нь 2015 оны 08 сарын 10-ны өдрийн 1/2169 албан тоотоор Нэхэмжлэгч нартай эвлэрч, Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн Аймаг, Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг томилсон тушаалуудыг хүчингүй болгож байгаа тухайгаа Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтанд орж, зохих журмын дагуу Хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан тангараг өргөсөн Төрийн жинхэнэ албан хаагчдыг хомроглон халж, бид бүхний хууль ёсны эрх ашиг, Төрийн Жинхэнэ Албан хаагчид хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

С.Эрдэнэ дээрх хууль бус шийдвэрийнхээ талаар өчигдөр тайлбар өгөхдөө “Аймаг, Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар шүүхэд хандсан. Эдгээр хүмүүс  үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гээд бараг 4 сар шүүхээр явж байна. Иймээс халсан томилсон үндэслэлийг нь би судалсан” гэжээ. Шүүхийн маргааныг сайд шийддэг болсон юм уу. Хууль бусаар томилогдсон түр орлон гүйцэтгэгч нарын гомдлыг Шүүхээс хэрэгсэхгүй болгосон байтал сайд С.Эрдэнэ шүүхээс илүү эрх мэдэлтэй шийдвэр гаргалаа.  

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд, Хөдөлмөрийн яамны сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчлөө.

1.    Төрийн албаны шалгалтад тэнцсэн төрийн албан хаагч хууль ёсных уу, Төрийн албаны шалгалтад ороогүй, сайдын үзэмжээр томилогдсон дарга нар хууль ёсных уу гэдэг нь хэн хүндтодорхой биз дээ. Төрийн албаны сонгон шалгаруулалтаар сонгогдсон, төрийн жинхэнэ албан хаагч нарын  хууль ёсны эрхэнд Хөдөлмөрийн яамны сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнэ нь ноцтой халдлаа.

2.    ХАХНХ-ын сайд, Хөдөлмөрийн яамны сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнэ нь шүүхийн өмнөөс шийдвэр гаргалаа. Монгол Улс хууль ёсыг дээдэлдэг орон бол үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. С.Эрдэнийн хууль бус, бусармаг үйлдлийг хатуу эсэргүүцэж байна.

Иймд бид Монгол Улсын Төрийн АлбаныЗөвлөл, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус гомдол гаргаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.247.82) 2015 оны 08 сарын 14

Зөв ш д урьд нь ажиллаж байсан хүмүүсийн ажилд нь авсан бол

0  |  0
Irgen(173.79.158.153) 2015 оны 08 сарын 13

Byryy zyil xiicen bol erdeniin ogtsryyl

0  |  0
Top