Хаширсан болохоор хардахгүй гээд яах билээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 07

Улс төрчид “Дубайдах” гэсэн хэллэгийг моодонд  оруулж ирээд байна.  Энэ бол мөнөөх Дубайд хийсэн Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэн гарсан  хэллэг.  Улс төрийн зарим хүчнийхэн энэ гэрээг бараг л хулгайн гэрээ гэж тодотгож байгаа. Ялангуяа УИХ дахь бие даагчид болон Шударга ёс эвслийн бүлгийнхэн ийм өнцгөөр илэрхийлдэг.  Аливаа зүйл алдаа оноотой байдаг ч Дубайн гэрээг үндэсний эрх ашгийг  арай хэтэрхий  орхигдуулсан гэж тодотгож байна.  

“Дубайдах” гэсэн хэллэгийг зарим улс төрчид эдүгээ “Бээжиндэх” гэсэн үгээр үргэлжлүүлж эхэлсэн. Аанай л бас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэ сарын 10-аас БНХАУ-д хийх айлчлалтай холбоотой гарсан үг аж.  Айлчлалын үеэр Тавантолгойн гэрээнд Бээжинд гарын үсэг зурна хэмээн хардаж сэрдэж байгаагийн илэрхийлэл нь энэ. 

“Дубайдах” гэсэн хэллэгийг зарим улс төрчид эдүгээ “Бээжиндэх” гэсэн үгээр үргэлжлүүлж эхлээд байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрсөн сарын  сүүлчээр  “Ерөнхий сайд БНХАУ-д ажлын айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадад Тавантолгойн асуудлаар Дубайн гэрээ шиг муу гэрээ байгуулах вий гэж эмээж байна” хэмээн мэдээлсэн.  

Хардана гэдэг хаширсан хүний зан. Тэдний энэ эмоцийг өдөөх гэсэн шиг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны удирдлагуудад хандан “Монголын төмөр зам” ТӨХК-ийг “Эрдэнэс Монгол”-ын охин компани болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруул” гэсэн үүргийг өгсөн.  ТӨХ-ны удирдлага “Хууль зөрчих учир боломжгүй” гэж хэлсэн ч, “Дээгүүрээ зохицуулна” гэж Гүйцэтгэх засаглалын тэргүүн айлдсан тухай  мэдээлэл түгээд байгаа. Хэрэв  энэ үнэн бол Монголын төмөр замын  51 хувийг “Шиньхуа”-д өгөх  үйл ажиллагаа нууцаар эхэлж байна гэж хардах бүрэн үндэс бий.  Тэгээд ч Ерөнхий сайд  хэдхэн хоногийн өмнө Тавантолгойн ажлын хэсгийнхэнтэй уулзаж, тухайн ордыг ашиглахтай холбоотой яриа хэлэлцээг үргэлжлүүлж, зүүн  чиглэл рүү явах төмөр замыг цаг хугацааны хувьд хамтатган явуулах, болж өгвөл ирэх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хамтран ажиллах хэрэгтэйг санууллаа.  Ингэхдээ  Хятадын “Шинхуа” компанитай хэлэлцээгээ үргэлжлүүлж, УИХ-ын ажлын хэсгээс гаргасан чиглэлийн дагуу Тавантолгойн бүх ордыг эргэлтэд оруулах зарчмыг ажил хэрэг болгох чиглэл өгчээ.  

Хэрэв энэ үнэн бол Монголын төмөр замын 51 хувийг “Шиньхуа”-д өгөх үйл ажиллагаа нууцаар эхэлж байна гэж хардах бүрэн үндэс бий.

Ерөнхий сайд Хятадад айлчлахаасаа өмнө ийн Тавантолгойн гэрээг яаравчлуулсан нь  хөршдөө хэлэх үгтэй очих гэсэн холын санаа дагуулсан байж мэдэх юм.  Гэхдээ Ерөнхий сайдын хувьд “Бээжинд айлчлахгүй, БНХАУ-ын Далиан хотод болох Дэлхийн эдийн засгийн зуны форумд оролцоно... БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргатай уулзаж, цаг үе, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу ярилцана. Тавантолгойн хувьд улс орны эрх ашиг хангагдсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газар шийдээд явна. Тавантолгойг энд тэнд биш Улаанбаатар хотод шийднэ. Шийдэхдээ хүрвэл төр засгийн зохих байгууллагаас холбогдох шийдвэрүүд гарсны дараа олон нийтэд нээлттэйгээр шийднэ” гэж мэдэгдлээ. 

Энэ үгнээс нь анзаарвал  Дубайн гэрээний тавиланг  Тавантолгойд  давтагдахгүй гэж ойлгогдож байна. Монголын баялгийн асуудал Монголдоо яригдах бололтой.  Дубайн гэрээ бол Оюутолгойн талаархи Монгол  мөрөөдлийн сүүлчийн зогсоол байв.  Гэвч “Их санасан газар есөн шөнө хоосон” гэдгийн гашуун сануулга болж  хоцрох талдаа илүү жин дарж байгаа.  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Засгийн газрын шадар сайдаар ажиллуулах намынхаа нөхдийн хүсэлтэд “Дубайн гэрээг өөрчлөөгүй цагт  Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллах нь миний хувьд эх орныхоо эсрэг ажилласантай адил “ хэмээн татгалзаад байгаа билээ.  “Бээжиндэж” магадгүй гэсэн улс төрчдийн таамаглалын  хариуд Ерөнхий сайд  “Хоосон  улс төр хийхээ болих”-ыг сануулсан.  Гэхдээ хаширсан хүмүүс хардахгүй гээд яах билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.29.70) 2025 оны 03 сарын 13

zugeer baijiigaad zail bitgii gai bol

1  |  0
irgen(103.26.193.125) 2025 оны 03 сарын 13

naad caihanbalag chini yajchig medeh hun uuriin tolgoigui ym shig .....

1  |  0
Top