Тарамдаж тамирдсан улс төрийг тэнхрүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Засгийн газрын орон гарсан зургаан сайдыг томилох, Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нь ээлжит бус чуулганы гол зорилго. Өдгөө Монгол Улсын зургаан яам сайдгүй, хавсран гүйцэтгэгчийн халаасанд явж байгаа. Яам бол салбарын бодлого зохицуулалтын толгой институци. Тийм болхоор хэн нэгний давхар хашаад явдаг дайврын алба биш. Тэр дундаа ган гачигтай, ургац алдсан, зуд турханы айдастай, хүйтний ам наашилж буй ийм цаг үед яамдынх нь тэн хагас сайдгүй, ундуй сундуй байна гэдэг манай улс төр үнэхээр “бөх зүрхтэй” байгаагийн шинж.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимынхаа бүрэн бүтэн байдалд тун ч алгуурлаж байгаа. Тэрбээр сайд нарынхаа нэрсийг УИХ-ын намрын чуулганд өргөн барина гэж байсан ч энэ нь хууль зөрчиж буй явдал гэдгийг УИХ-ын даргаас авсан албан сануулгын дараа өнгөрсөн баасан гаригт өргөн барив. Сайдын суудал нам бүлгүүдийн хамгийн амттай хэрнээ халуун сэдэв болдог нь тодорхой. Унтаа үүрэглээ мэт байсан фракци бүлгүүдийн гал халуун амбиц энэ үеэр л туйлдаа хүрдэг. Энэ удаад ч ийм л жишгээрээ хэл үгээ ололцох, хэний эрх ашгийг хэн илэрхийлж сайдад нэр дэвших вэ гэж зунжин намаржин цусгүй “дайтав” бололтой.
Ч.Сайханбилэг парламент дотроосоо зургаан сайдаа бүрдүүлэхээр нэрийг нь өргөн бариад байгаа. Энэ бол түүний бүрэн эрхийн асуудал. Харин шинэ сайдуудыг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийллээ. Ерөнхийлөгчийн гол үндэслэл нь мөнөөх л давхар дээл болов. Тэрбээр “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна” гэжээ. Хууль тогтоогчид нь гүйцэтгэх засаглалдаа хавсран ажилладаг “Монгол” жишгийг засахаар зорьж буй Ерөнхийлөгчийн санал санаачлагыг дэмжихээс аргагүй.
Яг одоо УИХ дахь нам бүлгүүдийн хуралдаан болж нэр дэвшигчдийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэж байна. Дуулдаж буйгаар МАН-ын бүлэг нэр дэвшигчдийг дэмжихгүй байх магадлал өндөр. Учир нь МАН засгаас гарсан зургаан сайдынхаа дөрвийг гаднаас томилж байсан билээ. Тэд энэ жишгээр асуудалд хандаж, мөнөөх давхар дээлтнүүдийг дэмжихгүй байх магадлалтай. Тус бүлгийн дарга С.Бямбацогт “Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудалд бусад бүлгийн байр суурийг харж байна. Гэхдээ бид “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдох нь буруу гэдэг байр суурийг баримтална” гэдгээ тодотголоо. Тэгээд ч тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийг хүчтэй дэмжих болсон. Тодруулбал, МАН-ын зургаан сайдыг хөөх үед Ерөнхийлөгч Засгийг тогтвортой ажиллуулахыг сануулж, АН-ын энэ алхмыг огтхон ч дэмжээгүй. Залгуулаад МАН-ын бүлэг Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ илэрхийлж байсан бол үүнийгээ өнөөдөр болсон бүлгийн хурлаараа дахин баталлаа.
Тус бүлгийн хувьд өнөөдөр зарлагдсан ээлжит бус чуулган хууль ёсны эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлээл байна. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж энэ ээлжит бус чуулганыг зарласан. Гэтэл УИХ эдүгээ Л.Цог. М.Энхболд, Р.Гончигдорж гэсэн гурван дэдтэй байгаа. Тэгэхээр дэд дарга нар хүссэн үедээ ээлжит бус чуулган зарладаг буруу жишиг тогтчих вий гэсэн болгоомжлолыг тэд гарган тавьж байна.
Энэ удаагийн ээлжит бус чуулган 9.00 цагаас эхлэх байсан ч ирц хүрэхгүй хүлээсээр 10 цаг дөхүүлж эхэлсэн. Түмний төлөөлөлүүд маань төрийн ажилд ийм хөшүүн хойрго, хүнд сурталтай хандаж байгаа нь ард түмэндээ лав сайхан харагдсангүй.
Үүнийг Өршөөлийн хуульд тавьсан хоригийг унагааж, авлигач, албан тушаалтнуудыг хаацайлах гэхдээ зориуд ирцээ бүрдүүлэхгүй байна гэж олон нийтийн сүлжээгээр хардаж байгаа нь оргүй зүйл биш байж мэднэ. Энэ мэтээр ээлжит бус чуулган хууль ёсны эсэх нь эргэлзээтэй, ирц хүрэхгүй, бүлгүүд нь санал зөрөлдөөнтэй эхэлж байна. Маргаашийн нэгдсэн хуралдааныг л хүлээе.
Сэтгэгдэл ( 1 )
Ene Ih Hural parlamentiin tuuhiin hamgiin muu jishig bolj uldene