Хоёр хоногийн өмнө болсон Засгийн газрын хуралдаанаар зарим нэг халаа сэлгээ хийв. Энэ сэлгээнд ээлж таарч өртсөн хүн гэвэл Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл. Тэр энэ албанд бараг л бууж үдлээд гарч байгаа нь энэ. МАН, АН хоёр хамтарсаны дараа тэрбээр Сангийн сайдын тушаалаар ГЕГ-ын даргаар тохоон томилогдсон билээ. Одоо Б.Цэнгэлийн залгамж халааг авахаар О.Ганбат гэгч эрхэм ирж байна. Тэр урьд нь тус газрын даргаар ажиллаж байгаад бас л халаа сэлгээнд өртөж хаалгаа гаднаас нь хаагаад гарч байсан нэгэн. Одоо эргэн ирж байгаа нь энэ. Хүнээр тохуурхаж байгаа юм шиг, эргүүлээд томилох байсан юм бол зүгээр ажил албаа хийгээд явж байсан хүнийг яах гэж халсан юм.
Эрх мэдэл бүхий томоохон албан тушаал хашиж буй хүнийг нам, бүлэглэлийн ашиг сонирхлоор халдаг, эргүүлээд дахин ажилд авдаг энэ мэт тохиолдол ганц энэ удаагийнх биш. Хэрэв та санаж байгаа бол Төрийн өмчийн хорооны даргын суудал АН-ын засаглалын гурван жилийн хугацаанд дөрвөн удаа шилгээгээд байгаа. Н.Алтанхуягийн үед томилогдсон Д.Цогтбаатарыг дараачийн Ерөнхий сайд нь Ц.Нанзаддоржоор сольсон. Хагас жил ч бололгүй түүнийг халж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Солонгыг хавсран гүйцэтгэгчээр томилж байв. Төд удалгүй Ц.Нанзаддоржоо эргүүлэн залсан.
Энэ мэт өчигдөр гаргасан шийдвэрээ өнөөдөр эргээд цуцалдаг, өглөө хэлснээсээ орой буцдаг жишиг шар ордны араншин болж хувирах янзтай. Иймэрхүү инээдэмтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч юм шиг драм Монгол төрийн тайзнаа байнга тоглогдох болжээ.
Сайд нарын томилгоо ч ялгаагүй яг л ийм жишгээр явав. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ”Оруулж ирж байгаа хүмүүсийг хараад гайхаад барахгүй нь. Хямрал хүндрэлээс салбараа яаж ийгээд аваад гарчих ажлын дадлага туршлагатай хүнийг санал болгож болоогүй юм уу. Хэтэрлээ гэхэд хэтэрлээ... Томилгоог дэмжихгүй харамсаж байна” хэмээн халаглав гэж.
Дүүргийн хорооны ажилтнаас шууд УИХ, тэгээд сайдын суудалд шат дараалалгүй заларч байгааг аз, амны хишиг гэх үү, аль эсвэл авьяас чадвартай болоод тэр гэх үү. Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг толгойлж байгаа аялал жуулчлалын мэргэжилтэй нэгэн яам тамга дээгүүрээ байтугай өсч өндийлгөсөн намынхаа байраар ч үзэгдэхгүй байна гэсэн жиргээ цахим ертөнцөд таарч байна. Олны ярихаар гашуун нясуун идээ хүртэхээрээ ингэж хэд хоногоор сураг ажиг тасардаг юм байх. Тэгээд тэр сайдын нэрийн урд “Шилэрдэг” гэсэн тодотгол дагалдах болсон гэнэ. Төрийн албаны дарга нь “цэрэг”-ээ зодсон гэх мэдээлэлд хэдийнэ чих дөжирч дасал болжээ. Төрийн алба хэрхэн завхарч байгаагийн наад захын жишээ энэ мэт. Монгол төрийн доройтол, засаглалын хомсдол чухамдаа эндээс үүдэлтэй.
Өчигдөр сайд нарыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Мэргэжлийн хүмүүсийг сайдаар санал болгох ёстой байсан. Чадсангүй. Үүнээс болж, төрийн алба хүнд байдалд орж байна. Цаашлаад эдийн засгийн ноцтой үр дагавар бий болж байна” гэж сануулсан нь учиртай. Мөн гишүүн Ч.Улаан шинээр томилогдрж байгаа Сангийн сайд Б.Болорт хандан “...төрийн мэргэшсэн албыг тогтвор сууршилтай ажиллуулахад анхаараарай. Мэдлэг чадвар, дадлага туршлага, ажилласан байдлыг нь хараарай. Улс төрийн нүдээр харвал алдана шүү. Үе үеийн Засгийн газар системтэйгээр бэлтгэж, ажиллуулж ирсэн, үүнийг хадгалж үлдээрэй” хэмээн захиж байсныг анзаарсан байх.
Чаддаг нь бус танил тал, садан төрлийн холбоогоор төрд хэн алба хаших нь илэрхийлэгддэг болсон. МАН засагт хамтарсаны дараа томилогдсон зургаан сайд нийтдээ 500 гаруй төрийн албан хаагчийг хомроглон халсан гэх баримтыг АН-ын Ерөний нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр дэлгэж байсан. Дургүй дарга нарын дуулганд өнхөрч, ир гэхээр ирдэг, яв гэхээр явдаг тоглоомын хүүхэлдэй биш шүү дээ, тэд. Тэдэнд аж амьдрал, ар тал гэж бий.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлахгүй, энэ албыг улс төржүүлсэн хэвээр байвал эдийн засгийн хямралаасаа илүү засаглалын хомсдол, чадавхи, ажил хэрэгч чанар, төрийн эрхэмсэг байдал удахгүй үгүй болж мэднэ. Хоноцыг хоноцоор сольсноор ажил хэрэг сайжирдаггүйг харахаараа л нэг болж байна.
Төрд ажиллахаар шалгарсан албан хаагчид нь ажил албандаа итгэл үнэмшилтэй, ирээдүйдээ эргэлздэггүй, хийсэн ажлынхаа үр шимийг харах хожмын хүлээлттэйгээр чадал чадвар, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулдаг байж гэмээнэ төр эрхэмсэг оршино.
Сэтгэгдэл ( 2 )
Turiin alba ch togloom bolj bainaa. Ajil avsan neg ni ajlaa ugsniikhoo tushaal shiidveriig tsutsalj id khavaa khangana, muu khelne, taltsaj muulna. Khamtran ajillasan khumuusiig ni zanalkhiij ajlaas ni khalna. Bakei gishuun uunii tod jishee. Avgainkhaa duug tushaal buuruulsan gej ene Tsengel dargiig ikh khural deer uilii ni uzsen. Unookh duu Siriinbek ni 160$-iin setguuliin zuvshoorliig ugson baisan. Manai tur iim l bolood baina. Mongoliin tur khuviin ushoo khonzon avch tootsoo boddog tavtsan bish. Er uls ugch ch surakh kheregtei, avj ch surakh kheregtei.
АН-ын тэнэгүүд 12 онд засаг аваад хэдэн арван мянгаар нь мэргэжлийн төрийн албан хаагчдыг халсаныг бичээч, тэгээд мэргэжлийн биш, туршлагагүй хүмүүсээр төрийн албыг дүүргэсэнээс төрийн алба уналаа ш дээ, ийм бүх зүйл замбараагүй байхыг урьд өмнө хараагүй юм байна