Монголын улс төрийн намууд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногт улс төрийн намуудын “Үндэсний зөвшилцөл” уулзалтаас дээрх хуулийг боловсруулахаар 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ахалж байгаа аж.
Тус ажлын хэсгийн анхны уулзалт болж, Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө юуг чиг баримжаагаа болгох вэ гэдэг дээр намын удирдлагууд нухацтай ярилцлаа.Тэд 2012 оны Сонгуулийн тухай хуульд найман өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Тухайлбал, сонгуулийг булхай луйваргүй явуулахын тулд иргэдийн саналыг хар машинаар биш гар аргаар тоолох ёстой гэж үзсэн байна. Мөн нэг тойрогт улс төрийн нэг намаас хоёроос гурван хүн өрсөлддөг байдлыг өөрчлөх, улс төрийн намуудыг адил тэгш гараанаас өрсөлдүүлэх, жендерийн хувь хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх асуудлаар хуульд өөрчлөлт оруулахаар болжээ.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболдод Сонгуулийн хуулийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд эрэмбэлж өгөхийг хүссэн Монголын бүх намын удирдлагуудын гарын үсэгтэй албан бичиг явуулах аж.
-УИХ-аас Сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулахаар Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Та бүхэн хуулийн төсөлтэй танилцсан уу?
МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл: Сонгууль болоход хэдхэн сар үлдчихээд байхад Р.Бурмаа гишүүн гурван жил яриад Сонгуулийн нэгдсэн хуулиа батлуулж чадсангүй. Ийм тодорхойгүй байдлаар сонгуульд орох нь эрсдэлтэй. Тиймээс улс төрийн намууд Сонгуулийн хуулийг намрын чуулганы хамгийн түрүүнд авч хэлэлцэх шахалт, шаардлага хүргүүлж байна. Учир нь, Р.Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсэг Ерөнхийлөгч, орон нутаг, парламентын сонгуулийг бүгдийг нь багцалсан хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр ярьж байна. Бид сонгууль бүрээр хуулиа өөрчилж, үүнийг нь иргэд ойлгох гэж ядаж байна. Өнөөдрийн багц хууль гэж байгаагаар бүх сонгуулийг хамтдаа хийнэ гэвэл Монгол Улс төрөө байгуулж чадахгүй байх нөхцөл байдал үүсч магадгүй. Тэгэхээр нэн даруй Сонгуулийн хуулиа батлах шаардлагатай байна.
МАН-ын генсек Ж.Мөнхбат: Улс төрийн намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Сонгуулийн нэгдсэн хуулийн найман зүйл дээр өөрчлөлт оруулна гэж тохирсон. Энэ дагуу хуулийн төслөө боловсруулна. Парламентад суудалтай таван намаас зарим зүйл дээр санал түдгэлзэж байгаа. Цаана нь УИХ-д суудалтай дөрвөн нам, парламентад суудалгүй намууд төсөл дээрээ санал нэгдэж чадвал УИХ-д суудалтай намууд бүлгээрээ дамжуулж хуулийн төслийг өргөн барих юм.

Сэтгэгдэл ( 1 )
Олсон амжитаасаа ухарсан зүйл л яриад байна даа намууд минь гараар тоолно гэдэг чинь жинхэнэ луйвар сурсан аргаараа санал авах гэж МАНынхан мөн ч их хүсч байна даа. Сонгууль дөхөхөөр гарч ирж бусад үед нь ичээнд ордог намуудыг сонгуульд оролцуулахгүй байх хэрэгтэй,Тэгээд ер нь намуудыг гишүүнчлэлийн тооноос нь хамааруулан сонгуулд оруулдаг жишиг тогтооход яагаад болохгүй гэж. Тэхгүй бол хэн нэг нөхөр 800 хүний худлаа үнэн гарын үсэг цуглуулчихаад нам байгуулж улс төрөөр тоглодаг байдлыг халах хэрэгтэй