Өнөөдөр хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 68.8 хувийн саналаар хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Тус байнгын хорооны хуралдаанд 16 гишүүн оролцсоноос 5 нь хоригийг эсэргүүцэж эсрэг кноп дарсан бол 11 нь хүлээн авахыг дэмжив. Цөөнх болж хоригийг хүлээж авахаас татгалзсан гишүүд гэвэл УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар байлаа. Тэд мөн цөөнх боллоо. МАН, АН-ын бүлгийн гишүүд хэлсэндээ хүрч хоригийг хүлээж авсан ч тус намын гишүүн Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл нар эсрэг санал өгч, МАХН-ынхантай үзэл бодол “нэг”-тэй байгаагаа илэрхийлэв.
Ийнхүү УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан тул уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болоод байна.
Эргэн сануулахад МАХН-ын бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногт Хоригийг хүлээж авах эсэх асуудлаар 5 хоногийн завсарлага аваад байсан юм. Завсарлага авсан шалтгаанаа Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “УИХ хоригийг хүлээн авсан нөхцөлд Өршөөлийн хууль хэрэгжих боломжгүй болно. Дээр нь Авлигатай тэмцэх газар авлига, хээл хахуультай холбоотойгоор 350 тэрбум төгрөгийн хохирол үүссэн гэж байгаа, 110 гаруй эзэн холбогдогчтой. Тэднийг нэрээр нь хэчнээн төгрөгийн хохирол учруулсныг зарлах ёстой” гэсэн шаардлага тавьж байсан билээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Тэмүүжин, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, О.Содбилэг, Д,Лүндээжанцан нар хоригийг дэмжиж кноп дарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )