Дараа жилийн намрын хурлыг Македон улсад товлов

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 17

 Өчигдөр эхэлсэн Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага/ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын хурал үргэлжилж байна.

Энэ үеэр ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2016 оны намрын хурлыг Македон улсад 2016 оны аравдугаар сард хийх болсныг зарлалаа.

Байнгын хорооны хуралдааны үеэр ЕАБХАБ-ын Парламентын ассамблейгаас 2015-2016 онуудад зохион байгуулах хурлын товыг зарлалаа. Тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар сарын 2-4-нд ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн хурлыг Серби улсад, жил бүр болдог өвлийн хурлыг 2016 оны хоёрдугаар сарын 24-26-ний хооронд Австри улсын Вена хотноо,  жил бүр хийдэг товчооны хурлыг 2016 оны дөрөвдүгээр сард Дани улсад, ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн зуны хуралдааныг 2016 оны долдугаар сарын 6-10-нд Гүрж улсад тус, тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин 2016 оны намрын хурлыг Македон улсад товлов. Тус улсын хувьд анх удаа өөрийн оронд ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2016 оны намрын хурлыг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээж аваад байна. Улсаа төлөөлөн энэ удаагийн хуралдаанд оролцож байгаа төлөөлөгч “Ирэх онд болох ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн намрын хурлыг Монгол Улсын нэгэн адил өндөр хэмжээнд зохион байгуулах болно” гэдгийг онцлон хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top