Монгол Улсын нам төрийн удирдагч асан Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрбээр Монголын төрийг 44 жил тэргүүлсэн билээ. Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хөшөөнд МАН, МАХН-ын удирдлагууд өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ойг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, МАХН-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон Ю.Цэдэнбал агсны гэр бүл, хамаатан садан, жирийн иргэдийн төлөөлөл түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Ардын намын удирдагч, цэргийн жанжин Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ойн өдөр тохиож байна. Ю.Цэдэнбал гуай 40 гаруй жилийн турш Монголын төрийг удирдаж, манай хамгийн их цэцэглэн хөгжиж, өөрчлөгдсөн ийм цагийн удирдагч, зохион байгуулагч байсан юм. XX зуунд Монгол хүн бичиг үсэгтэй, эрүүл болсон, монголчууд суурин соёл иргэншлийг жинхэнэ утгаар нь эзэмшиж, хот суурин газрыг байгуулж чадсан. Үйлдвэр аж ахуйн газрыг хөгжүүлж, газар тариалан хөдөө аж, ахуйн салбарт шинэ шинэ ололт амжилт гаргаж байсан энэ бүх үйл явц Ю.Цэдэнбал дарга төр улс удирдаж байсан тэр цагт гарч байсныг та, бид мэднэ ээ. Бид Ю.Цэдэнбал даргын амьдрал хийсэн бүтээснийг хойч үедээ үнэн зөвөөр нь ойлгож, мэдүүлэх ажлыг зохион байгуулах учиртай. Түүний амьдралын сүүлийн он жилүүд тийм ч дардан цагаан байгаагүй. Түүний хийсэн бүтээснийг үнэлж эергээсээ сөрөг нь илүү гэж хэлмэгдүүлж байсан цаг саяхан. Монгол Ардын нам 1997 оны 22 дугаар Их хурлаараа Ю.Цэдэнбал даргад өгсөн үнэлэлт дүгнэлт энэ бүх зүйлээ хүчингүй болгож, түүнийг Монгол Ардын намын зүгээс цагаатгаж, намын гишүүнчлэлийг нь сэргээж, одон медалийг нь эргүүлж олгох ёстой гэсэн шийдвэрийг гаргаж байсан. Ирэх жил энэ хүндтэй хүний 100 жилийн ойг тэмдэглэнэ. Түүний хийсэн, бүтээсэн, байгуулсан зүйлийг хойч үедээ үнэн мөнөөр нь үзүүлэх музей дурсгалыг газрыг байгуулах ёстой” гэлээ.
МАХН-ын дэд дарга Ц.Цолмон “Ю.Цэдэнбал даргын удирдлагын дор 1950 иад оны үед монголчууд бүгд бичиг үсэгтэн болж, ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн бол 1940 онд 750 мянга гаруй хүнтэй байсан Монгол орон 1980-иад оны дундуур хоёр сая хүн амтай болсон. Соёл урлагийн амжилтаараа дэлхийд танигдаж, Дархан, Чойбалсан, Хөтөл зэрэг шинэ хот, аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон. 1940 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг ганцхан орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 он гэхэд дэлхийн 94 улс оронтой дипломат харилцаа тогтоож олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнчлэлээр орсон нь Ю.Цэдэнбал даргын хүч хөдөлмөрөөр бий болсон юм. Төр нийгмийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбал Монгол Улсыг хөгжлийн шинэ замд оруулсан их үйлсийг залуу хойч үедээ таниулж мэдүүлэх, улс төрийн бодлого, үйлсийг нь өнөөдрийн өндөрлөгөөс үнэлж дүгнэн,суралцах сургамж авах шаардлага байгаа” гэлээ. Цэцэг өргөх ёслолд Цэдэнбал агсны төрсөн дүү Ю.Жавзмаа гуай оролцож талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )