Хуулинд ийм зүйл заалт байдаггүй юм бол яагаад ийм дүгнэлт гаргасан юм бэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 18

Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал 4 дэх өдрөө үргэлжилж байгаа манай сайт мэдээлсэн. Энэ хэгийн учгийг тайлахад ихээхэн үүрэгтэй шинжээч нарөнөөдрийн хуралдз ирээд байна. Шүүх хурлын явцаас хүргье.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж шинжээч н.Цацралаас асуулт асууж байна. Тэрээр нүүрсний жингийн зөрүүг хэрхэн тооцох, хэн төлөх талаар тусгасан зүйл гэрээнд байна уу. Гэрээний 3.6-д хоёр компани шуудайлсны дараа жигнэсэн жингээр тооцоо хийх талаар тусгасан гэдгийг мэдэгдсэн юм. Улмаар шинжээч н.Цацралаас дараах асуултад хариулт авлаа.

-Гэрээний 3.6 дээр шуудайлсны дараа жигнэсэн жингээр энэ компани тооцоогоо хийж дуусгасан байх ёстой. Шуудайлсны дараа жигнэсэн жингээр тооцоо хийж дуусгасан уу?

-Багануураас ачуулсан нүүрс 4667 вагон буюу 279 мянга 179 тонн нүүрсийг хоёр компани нийлээд хүлээж авсан гэдгээ төмөр замын тээврийн хөлс төлөхдөө хүлээж авсан жингээрээ хүлээн зөвшөөрч, тооцоо нийлж, тээврийн хөлсөө төлсөн байдаг. Хүлээн авсан жингээрээ тээврийн хөлсөө төлсөн гэдгээ нягтлан бодогч нар нь хүлээж авсан. Хоёр компани нийлээд хүлээж авсан нүүрс нь 279 мянга 179 тонн гэдэг нь анхан шатны баримтаар нотлогдож байгаа. Багануурын авлагын нягтлан бодогч бас 279 мянга 179 тонныг хүлээлгэж өгсөн гэж байгаа. Үндэсний аудитын газрын аудиторын дүгнэлтээр бас батлагдсан. Ингээд бүх баримтаар батлагдаж байгаа. Гэвч төлөхдөө болохоор өөрсдийнхөө жигнэсэн жингээр төлсөн гээд байгаа.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Нягтлан бодогч. 

-Та Багануур компанитай ямар холбоотой вэ?

-Ямар ч холбоогүй.

-Гэрээн дээр 3.6-д шуудайлсны дараа жигнэсэн жингээр тооцоо хийнэ гэсэн байгаа. Гэтэл та цаанаас ачуулсан дүнгээрээ тооцоо хийнэ гээд байна?

-Шуудайлсны дараа жигнэсэн жингээр тооцоо хийсэн гэдэг нь анхан шатны ямар ч баримтаар нотлогдохгүй байна.

-Ачуулсан нүүрс, шуудайлагдсан нүүрсний жингийн зөрүүг аль компани хариуцах вэ. Энэ талаар гэрээнд тусгасан зүйл байгаа юу?

-Байхгүй.

-Гэрээн дээр байхгүй байхад та яагаад ЭмЖиЭлЭсБи компанийг төл гэж дүгнээд байгаа юм бэ?

-279 мянга 172 тонн нүүрсийг хүлээж авсан гэдэг нь нотлогдож байгаа шүү дээ.

-Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу шинжээч өөрийн хариулж чадах зүйлээр дүгнэлт гаргадаг. Хоёр компани гэрээндээ шуудайлсны дараа жигнэсэн жингээр тооцоо хийнэ гээд тусгачихсан байхад, гэрээнд заагдаагүй зүйл заалтаар аль нэг компанийг нь буруутай гэж тооцох, дүгнэх эрх мэргэшсэн нягтлан бодогчид байдаг уу?

-Эдийн засгийн шинжилгээ хийх журмын 2.1 дээр байгаа.

-Тэрийг нь уншъя?

-Шинжилгээ хийхдээ банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, өмчийн холбогдолтой хуулийг удирдлага болгоно гэсэн байгаа.

-Наадах чинь миний хариулт биш байна. Хоёр компани гэрээн дээрээ шуудайлсан жингээр тооцоо хийнэ гэж тусгасан. Гэтэл мэргэшсэн нягтлан бодогч хүн хоёр компанийн хооронд байгуулсан гэрээнд дүгнэлт хийгээд, гэрээн дээр байхгүй зүйл заалтаар аль нэг компанид нь төлбөр ногдуулах эрх, ямар хуулийн ямар зүйл заалтаар байна вэ. Та ийм хуулийн ийм зүйл заалтын дагуу, би дүгнэлт гаргасан гээд хариулчихад л болно?

-Надад тавьж байгаа асуултууд хэт тулгаж асуугаад байна. Гэрээгээ хоёр компанийн аль нэг нь зөрчсөн бол бид анхан шатны баримтад тулгуурлаж дүгнэлт гаргадаг. Гэрээг зөрчөөгүй гэдгийг батлах зүйл байхгүй. Тийм учраас бид дүгнэлтээ гаргасан. Бид дүгнэлтэндээ итгэлтэй байгаа.

-Миний асуултанд хариулсангүй. Гэрээнд байхгүй зүйл заалтаар хоёр компанийн байгуулсан гэрээнд дүгнэлт хийгээд, хорогдлыг худалдан авагч компани хариуцах ёстой гээд байна. Таньд ийм эрх хэмжээ холбогдох хуулиар олгогдсон юм уу л гэж асуугаад байна?

-Бид нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу анхан шатны баримтад тулгуурлан үнэлэлт, дүгнэлт гаргадаг. Бид нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримталсан.

-Яг ийм зүйл заалт таны мөрдлөг болгож ажилладаг хуулинд байдаг юм уу. Хоёр компанийн хооронд байгуулсан гэрээнд хөндлөнгөөс ороод, гэрээнд байхгүй зүйл заалтаар дүгнэлт гаргах талаар ямар нэгэн зүйл заалт хуулинд аль нэг хуулинд нь байдаг юм уу?

-Байхгүй.

-Хуулинд ийм зүйл заалт байдаггүй юм бол яагаад ийм дүгнэлт гаргасан юм бэ?

-Би анхан шатны баримтдаа тулгуурлаж, дүгнэлт гаргасан.

-АТГ-аас таньд хэдэн хуудас баримт хүлээлгэж өгсөн бэ?

-АТГ-аас надад баримт хүлээлгэж өгөөгүй. “ЭмЖиЭлЭсБи” компанийн нягтлан охин ирж баримт, материалууд өгсөн.

-АТГ-аас таньд материал өгсөн шүү дээ. Хавтаст хэрэгт ч байгаа. Та яагаад шүүх дээр худал мэдүүлэг өгөөд байгаа юм?

Шүүх хурал үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
durakuudad(183.81.169.22) 2015 оны 09 сарын 20

Ter companii nyagtlan emegtei bur helmegdej bn le shde. ATG hurts durak elbegeetei niileed huchtei ursuldugch naraa ingej yal tulgaj tenegerehee boliochee. Bayartsogt dorlig 2iigoo tegvel shuugeed horichih. Jinhene luivarchid avilgachid shde. Ichij amidar. Gansuh altanhuygiig demjij bn

0  |  0
Top