Ганган улаан тэмээгээрээ брэндээ хийсэн галбын говийнхон

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 18

Өмнийн цэнхэр хязгаарыг Монголдоо газар нутгаараа нэгд ордог аймаг гэдгээр нь хүмүүс андахгүй. Түүнээс гадна байгалийн баялаг, Оюутолгой, Тавантолгой зэрэг ордоороо Монголдоо төдийгүй дэлхийд данслагдсан том аймаг юм. Тус аймаг 60 мянган хүн амтай бөгөөд тэдний 20 мянга нь Даланзадгад суманд суурьшсан байна. Нутгийн гол онцлог болсон ашигт малтмал, Галбын говийн ганган улаан тэмээгээрээ алдартай аймаг юм. Тиймээс ч гайхамшиг нь бүрдсэн галба нутаг гэж эртнээс нэртэй ажээ. Эл аймагт Тэмээний музей байдаг бөгөөд анх 1957 онд байгуулагджээ.

Энэхүү үзэсгэлэнгээс дэлхийд ховордож, буй хоёр бөхт тэмээний гарал үүсэл, хүн төрлөхтөн тэмээг аж ахуйдаа хэрхэн ашиглаж, хэрэглэж ирсэн түүх алдар гавьяатнууд, тэмээг хамгаалах, түүний ашиг шимийг хэрхэн хүртэж ирсэн талаарх уламжлалт аргууд, холбогдох тоног хэрэгсэл, ноос ноосон бүтээгдэхүүн, уран зээгт наамлуудыг дэлгэн харуулсан байна. Уг музейд өнөөдрийн байдлаар тэмээний дүрс хэлбэрээр мөн ясаар болон хиймэл үзмэр зэрэг нийт 500 гаруй үзмэр хадгалагдаж байгаа гэнэ. Музейн гол зорилго нь улсын хэмжээнд ганцхан байгаа хоёр бөхт тэмээг алдаршуулах зорилготой гэнэ. Мөн энэ нутгийн малчин ард тэмээг өсгөж үржүүлэхийн зэрэгцээ, ингэний хоормог сүүгээр цагаан идээ боловсруулан, сүүлдээ илүү гоё амттай чихэр хүртэл хийж зах зээлд нийлүүлж эхэлсэн сайхан мэдээлэл байна.

Үлэг гүрвэлийн өлгий нутаг ч үзмэр бараг байхгүй


Өмнөговь аймгийг Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэж үздэг. Тиймээс ч Байгалийн музейг 1945 онд байгуулан түүхийн хосгүй үнэт үзмэрийг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор аймаг орон нутгийг сурвалжлах кабинет нэрээр байгуулж байжээ. Одоогоор музей 2500 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатай, нийт 10 гаруй ажилтантай, жилд дунджаар гадаад, дотоодын 8000-10000 гаруй жуулчдад соёлын үйлчилгээг үзүүлж түгээдэг аж.

Дээрх үзмэр дотор Үлэг гүрвэлийн танхим байдаг бөгөөд тэнд нь 20-30 гаруй л үзмэр хадгалагдаж байна. Сан хөмрөгч Б.Жаргалын ярьж буйгаар “Манай аймаг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдэг хэрнээ үзмэр нь ховор. Яагаад гэвэл олдсон цагаасаа эхлэн олон улсад судлагдаж гадаадад, АНУ-д гарч үзэсгэлэнд тавигдсан. Түүнээс гадна Нийслэлд Байгалийн түүхийн музейн дөрвөн давхарт байгаа үзмэрүүд бүгд манай аймгийнх байдаг. Үнэндээ гадагшаа гараад эргэж ирдэггүй” гэв. Ийнхүү төрсөн үүсч гарсан өлгий нутагт нь Үлэг гүрвэлийн үзмэр олдвор ховор байдаг хэдий ч энэ аймгийг Үлэг гүрвэлийн анхдагч аймаг гэдэгтэй маргах хүн бараг байхгүй биз ээ.

Ноён сэврэй хийцээрээ алдартай


Музей нь говийн ард түмний зан заншил, шашин шүтлэг, уламжлалт зан үйл, соёлын түүхт дурсгалт үзмэрээр арвин аж. Музейгээс Ноён Сэрвэйн дархчуудын өвөрмөц хийц бүхий мөнгөн аяга, гоёл чимэглэл, сав суулга, шашны холбогдолтой зураг, чулуун зэвсгийн үеийн хүрэл төмрийн үеийн үзмэрүүдийг үзэж болох ажээ. Тус аймагт одоогоос 5000 жилийн өмнө хүн амьдарч байсан  ул мөр бүхий “Оцон мааньт”, “Шархулсан”, “Баянзаг” зэрэг газруудаас олдсон эд өлгийн зүйлс, палеонтологийн олдворууд, мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээсэн бүтээлийн дээжис арвин байв.

Тухайлбал, Ноён Сэврэй сум нь улс даяар алдартай мөнгөн эдлэлийн Ноён-Сэврэй хийцээрээ гайхагдсан үе үеийн дархчуудыг төрүүлсэн нутаг ажээ. Мөнгөн эдлэл нь зузаан мөнгөний орц арвинтай, эдэлгээ удаан, уламжлалт гар арга буюу утас сувималын аргаар хийдэг. Мөнгөн аяга, гаанс, хазаар, эмээл, мөн дан мөнгөн эдлэл биш булигааран эдлэлээрээ алдартай аж. Дархчууд дотроос Цэдэн түүний ач Хатнаа, Эрдэнэ, Цоож зэрэг үе уламжлагдсан урчууд мөнхлөгдсөн байдаг гэнэ.

Мөн чулуун муна нь эртний хүмүүсийн ан авд хэрэглэдэг байсан хэрэгсэл бөгөөд Хүрмэн сумын Хашаат сумаас олджээ. Түүнчлэн элбэг амьтдын арьсаар хийсэн эдлэл, найман чонын зооны арьсаар хийсэн хүрэм яах аргагүй нүд унагаж, харц татаж байлаа. Дашрамд сонирхуулахад, Өмнөговь аймаг Булган сумын Баянзаг, Гурвантэсийн Хэрмэн цав, Говь гурвансайхан уул, Ханбогд сумын Галын сүм, Сэврэй сумын Хонгорын элс, Ноён сумын Ноён богд толь хад, Цогт-Овоо сумын Алгүй улаан цав, Номгон сумын Сангийн далай хийд зэргээрээ алдартай нутаг ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
,(103.229.177.46) 2015 оны 09 сарын 19

:-< :-<

0  |  0
нэргүй(202.131.247.23) 2015 оны 09 сарын 19

Ямар алдаатай бичдэг сэтгүүлч вэ.....

0  |  0
Top