Тав дахь өдрөө үргэлжилж байгаа Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна. Тэднийг Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа. Тэгвэл өнөөдрийн шүүх руал эхэлсний дараа Улсын яллагч яллах дүгнэлтээ танилцууллаа. Тодруулбал, Улсын яллагч н.Баярбилэг, н.Батжаргал нарын сонсгосноор Л.Гансүхийг жирийн дэглэмтэй хориход 5 жил хорих, Төрийн албанд ажиллах эрхийг нь 4 жилээр хасах, Б.Мөнгөнтуяаг жирийн дэглэмтэй хориход 7.5 жил хорих, Н.Даваахүүг чанга дэглэмтэй хориход 7 жил хорих, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү хоёрын мэргэжлийн ажил хийх эрхийг 4 жилээр хасах, хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцохоор санал гаргаад байгаа юм. Түүнчлэн Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа нарын нэр дээр байгаа орон сууцыг битүүмжлэх, Н.Даваахүүгийн компанийн нэр дээр 3 автомашиныг битүүмжлэх санал гаргасан байна.
Харин үүний дараа өмгөөлөгчид байр сууриа илэрхийлж эхэлээд байна. Шүүгдэгч Б.Мөнгөнтуяагийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу : “Хүнийг хууль бусаар мөрдөн мөшгиж болдгийг энэ шүүх хурал нотолж байна. Хууль бусаар шүүсэн юмаа нотлох баримт гээд шүүх хурал дээр ярьж байна. Үүнийг нь ч нотлох баримт гээд хүлээн зөвшөөрч байна. Ийм байцаан шийтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэдгийг дахин хэлье. Хоёрдугаарт хууль ёсны хүрээнд эрх мэдэл хаана байсан юм бэ гэдгийг ярьсан бол шүүгдэгч нар өнөөдөр хохирогчийн талд байх ёстой байсан. Энэ гаргалгааг ойлгох ёстой. Хэрвээ Багануур ХК-ийн удирдлагууд гарын үсэг зураагүй байсан бол ийм асуудал болохгүй байсан. Ийм шударга бус зүйл байж болохгүй. Би сая улсын яллагчийн яллах саналын зүйл ангийг сонслоо. Хоёр хүнд зүйлээр шийтгэнэ гэж уншлаа. Энд ямар хүнд гэмт хэргүүд яригддаг гэдгийг шүүгчид та нар мэдэж байгаа. Шүүгдэгчийг ийм зүйл заалтаар шийтгэнэ гэдэг буруу” гэв.Тэрбээр шүүгдэгч Мөнгөнтуяаг цагаатгах санал гаргаад байна. Шүүх хурал үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )