С.Е.Донской: ОХУ-д мах экспортлох 37 үйлдвэр байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 23

Манай улс ХАА салбарт, тэр дундаа махны экпортыг нэмэгдүүлэх чиглэлээр  хөрш хоёр улстай  хамтран ажиллаж, цаашид хэрхэн энэ асуудлыг өргөжүүлэх тал дээр харилцан тохиролцож буй. Тэгвэл энэ ажлын хүрээнд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулна гэж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Ефимович Донской мэдэгдлээ.

Мөн тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдод бараалхах үеэрээ хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдийн асуудлыг мөн хөндсөн байна. Тухайлбал “Монголросцветмет” ХХК, “УБТЗ” ХНН, Эрдэнэт” ХХК гэсэн гурван хамтарсан үйлдвэрийн заримынх нь нөхцөл байдал хүнд, тодорхойгүй байгаа, энэ асуудалд анхаарлаа хандуулж, ажлыг түргэсгэх шаардлагатай байна гэж Сергей Ефимович Донской онцолжээ. Мөн тэрбээр Монгол Улсаас хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн импортлон авах сонирхол өндөр байна. Өнгөрсөн хугацаанд Монголоос ОХУ руу экспортолж буй мал аж ахуйн бүтээгдэхүүн тав дахин нэмэгдсэн гэж мэдэгдсэн юм.

Мөн уулзалтын үеэр ОХУ-ын Хөдөө аж ахуйн Нэгдүгээр орлогч сайд Евгений Васильевич Громыко махны экспортын асуудлыг хөнджээ. Түүний мэдээлснээр ОХУ-д мах экспортлох эрүүл ахуйн болон стандартын шаардлагыг хангасан Монголын 15 аймгийн 37 үйлдвэр байна. Статистик үзүүлэлтийг харвал 2015 оны эхний хагас жилийн байдлаар хоёр орны худалдааны эргэлт 20 орчим хувиар буурсан дүнтэй байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлт эрс буурсан, зогсонги байдалд орсон нөхцөл байдалд дүгнэлт хийх цаг болсныг онцолсон байна. Мөн ОХУ руу Монгол Улсаас экспортлодог бүтээгдэхүүнүүдийн хувьд ОХУ-ын зах зээл рүү гаргахад гаалийн тариф хэт өндөр байгаа нь экспортын хэмжээ эрс буурах гол шалтгаан болсон гэж тайлбарлажээ.

Тийм учраас Монголоос ОХУ руу махны экспортыг нэмэгдүүлэхэд тулгарч байгаа саад бэрхшээлийн талаар ярилцаж, шийдэлд хүрэх нь чухал байна гэж УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Ефимович Донскойд хандан хэлсэн байна. Дашрамд дуулгахад, өнөөдөр энэ асуудлаар ХААЯ-ны хурлын зааланд албанынхан мах экспортлох Монгол компаниудын удирдлагуудтай уулзаж, санал солилцох юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top