Ерөнхийлөгчийн “таталцалын бүс”- дэх МАН

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 25

Улс төрийн цөмийн задралаар бий болсон хоёр нам бол МАХН болон МАН. Аль аль нь нэг л уг үндэстэй, нэг модноос салж ургасан хоёр мөчир. Нэр байтугай онцлох тэмдэгээрээ ялгараад байх зүйлээр бага, адилхан улаан цэцэг. Хоёулаа зүүний үзэлтэй, социал демократ чиг баримжааг  тунхагладаг. Сайнхан ааштай үедээ энэ хоёр нам нэгдэж нийлэх тухай санаа оноо цухалзуулах нь бий.

Гэвч цаад санаа бол арай өөр юм шиг байгаа юм.  МАХН өрх тусгаарлаад удаагүй байхдаа  2012 оны сонгуулиар сорилго хийсэн.  Санасаныг бодвол сайн давхисан шүү. Ямартай ч УИХ-д суудалтай цөөхөн намын нэг болж чадсан төдийгүй олонхитой хамтарч Засаг барьж, мандал бадралын марш эгшиглүүлээд байгаа.  АТГ намынх нь дарга Н.Энхбаярын хөлийг гозогнуулаад авч одсон явдал өр нимгэн монголчуудын хувьд бэлээхэн сурталчилгаа болсон юм даг.

АН ааш араншингаа хувиргасаны дараа хатавчинд жийгдсэн ч ахиад хойморт уригдсан гээд бодохоор энэ нам “Төрд хэрэгтэй зайран” байж таарах гээд байна. Ганцхан даргынхаа төлөөх гал халуун хайраараа Өршөөлийн хуулийг өөрчлүүлж чадсаныг нь харахаар аливааг эгзэгийг нь тааруулж, судсыг нь олоод барьчихдаг увьдас мэдрэмжтэй гэмээр.

 

МАХН оршин байх нь АН-ын хувьд бас нэг боломж. Учир нь тэд л МАН-ын төлөөх саналаас хэлтэлж, саналыг нь саармагжуулж чадна. Ингэснээрээ тэд АН-ынханд морийг нь эмээллээад өгч байгаа хэрэг.

 

МАХН-ын оршин тогтнол нь Монголын нийгэмд гэхээсээ илүүтэй зарим нэг улс төрийн хүчний хувьд нэн чухал байж мэднэ. Ялангуяа МАХН оршин байх нь АН-ын хувьд  бас нэг боломж. Учир нь тэд л МАН-ын төлөөх саналаас хэлтэлж, саналыг нь саармагжуулж чадна. Ингэснээрээ тэд эрх баригч хүчин болж чадахгүй ч АН-ынханд морийг нь эмээллээад өгч байгаатай ялгаа юун. Сонгуулийн үеийн МАН-ын нийгэм дэх түрлэгийг ингэж сааруулж өгөх улс төрийн хүчин АН-д маш хэрэгтэй, тэр нь одоогоор МАХНаас өөр хэн ч биш.  Өршөөлийн хуулийн гол бай МАХН-д чиглэгдэж байсан бөгөөд  бусад нь нь бол үнэндээ гуя дагасан хүзүү гэдэг шиг эрэмбэлэгдэж байсны нэг шалтгаан энэ.  Хэрэв энэ хууль хэвээр батлагдсан бол МАХН жинхэнэ утгаараа амилж,  МАН-ын хоолой дээр хутга тавьж мэдэх байв.

Сонгуулийн үеийн МАН-ын нийгэм дэх түрлэгийг сааруулж өгөх улс төрийн хүчин АН-д  хэрэгтэй, тэр нь одоогоор МАХН-аас өөр хэн ч биш. Өршөөлийн хуулийн гол утга учир МАХН-д чиглэгдэж байсан нэг шалтгаан энэ.

Үүнийх нь төлөө МАН үгээ барж, үйлээ үзэж үнэндээ гуталд орсон чулуу лугаа болчихоод байгаа.  Барын зулзагыг бага дээр нь дарж авахгүй бол дараагийн сонгуульд МАХН жинхэнэ шавар хаана гэсэн үг. Тэгэхээр энэ намыг өөртөө нэгтгэх, эсвэл тарааж тамирдуулах нь МАН-ын  эрх ашигт нийцнэ. Ядахад бэл мөнгө зузаантай зарим нэг эрхмүүд МАХН-д орон зай хайж байгаа бол МАН-ын өөрийнх нь нэр нөлөө бүхий гишүүд ил далд тийшээ гүйгээд байгаа. Энэ нь ирэх сонгуулиар эрх баригч хүчин болно гэсэн итгэл үнэмшил өвөртөлж яваа МАН-ын хувьд тэр боломж бололцоог нь дундлах аюулын дохио болно.

Улс төрийн тайзан дээр ганцаардаад байгаа МАН-ынхан сүүлийн үед Ерөнхийлөгчийг илт бараадах болсон. Энэ нь Өршөөлийн хуулиас ч өмнөх явдал.

АН засагт урьсан МАН-аа эргүүлээд хөөх шийдвэр гаргахад Ерөнхийлөгч дэмжихгүй байгаагаа илэрхийлж Засгийг тогвортой байлгахыг сануулсан тэр үгийн үнэ хүндийг МАН мартаагүй санаж яваа. Тэр үг Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг МАН бултаараа дэмжих  шалтгааны нэг болсон юм. Аяганы хариу ирж байгаа нь тэр. Прокурорын байгууллагын ойгоор Ерөнхийлөгчийн Н.Энхбаярт хандаж хэлсэн хатуухан үг МАН-ын эрх ашигт таалагдахгүй гээд яах билээ. Ёстой загатнасан газар нь маажих шиг болсон байх. Чухамдаа МАХН-ын хойтохыг унших нэгдмэл сонирхол нь МАН-ынхныг Ерөнхийлөгчтэй дөрөө харшуулах  шалтгаан болж байх шиг харагдана. Ямартай ч Ерөнхийлөгчийн таталцалын бүс рүү МАН гүйгээд орчихсон юм шиг харагдаж байна. Улс төрийн хүчнүүдийн зүгээс МАХН-ын эргэн тойронд байлгах, эс байлгах гэсэн ийм хоёр  “жатга” гүйлгээд байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.20.68) 2015 оны 09 сарын 28

махнаар яахав дээ. угаасаа хэнд ч хэрэггүй нам.

0  |  0
irgen(202.21.118.98) 2015 оны 09 сарын 26

МАХН бна бха ч болно улам өсөн дэвжих болно

0  |  0
Top