Урьд урьдын жишгээр бол төрийн хүний үг гэдэг цаанаа нэг жинтэй, за гэсэн бол ёогүй байдаг байлаа. Төр эрхэмсэг байхын нэг нигур энэ буй за. Энэ тухай эргэн санаж, урьдын юмыг үгүйлэх шалтгаан нь Монголын өнөөгийн улс төрчдийн “гэнэн” тэнэглэлүүд. Өнөө хэлснээсээ маргааш буцдаг, үг үйлдэл бүрээс нь хувийн эрх ашиг ханхийсэн, зохиомол хиймэл эх оронч дүр, энэ тэрийг нь харахаар арай биш ээ. Итгэл үнэмшил, эх орны эрх ашиг гэдэг юм тэдэнд алга.
Улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг үндсэндээ дуусч байна. Эндээс тодорхой харагдах дүр зураг одоогоор алга. Мөнөөх хошин шогийнхны хэлдгээр “хэлэлцээд ч байгаа юм шиг, хэрэлдээд ч байгаа юм шиг”. Анх оруулж ирсэн төслөөр бол яам, агентлагуудыг цөөлөх, нэгтгэх, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь хүртэл бууруулна гэж байсан. Өнөдөр албан тушаалтнууд гэдэг нь УИХ-ын гишүүд, сайд, агентлагийн дарга, аймгийн Засаг дарга гэхчлэн өндөр тушаалын 240 хүн юм. Зөвхөн эд нарын цалинг гурван сар 30 хувиар бууруулахад 2.0 тэрбум шахуу төгрөг хэмнэхээр байгаа. Гэтэл Их хурлын зарим гишүүд тэднийг ар гэртэй амьдрал ахуйтай, хүмүүс. Цалинг нь хаслаа гээд төсвийн хүндрэлээс гарчихгүй хэмээн өмөөрч байна. Ямартай ч жирийн иргэд шиг бүсээ чангалахын зовлон тэдэнд үгүй.
Засгийн газар зөвхөн эдгээр өндөр тушаалтнуудаас бусдын цалинд гар дүрэхгүй гэж байсан ч өчигдөр болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр Төрийн захиргааны 2900 орчим хүний цалинг мөн 30 хувиар бууруулах асуудал яригдлаа. Эндээс 1,8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолжээ. Энэ бол мэдээж Засгийн газрын санал. Иргэдийнхээ хэтэвч рүү өнгийх санал санаачлагаа улам тэлж эхэлж байгаагийн шинж.
Сангийн сайд асан Ч.Улаан энэ жилийн төсвийг төгс сайн биш ч гэсэн шинэлэг төсөв болсон хэмээн дүгнэжээ. Тэр нь төрийн данхар бүтцийг цөөлөх анхны оролдлого гэдгээрээ ийн үнэлэгдэж буй хэрэг. Үүний төлөөлөл нь дэд сайдуудыг цомхотгох явдал байсан. Олон нийтийн зүгээс хамгийн талархал дагуулсан шийдэл нь энэ.
Гэвч энэ шийдэл бас л эргэлзээ дагуулаад эхэллээ. Манай хууль тогтоогчдын дунд дэд сайдуудад хайртай гишүүд бас байсан хэвээр байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр төсөв хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Дэмбэрэл нар “Хэдэн дэд сайд нарыг цомхотгоод амьдрал сайжрахгүй. Төрийн тансаглалын золиос нь энэ хэдэн дэд сайд биш. Үүнийхээ оронд Засаглалын тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэсэн санал хэлж, мөн Н.Алтанхуяг гишүүн дэд сайд нарыг цомхотгүй байх санал хүртэл гаргалаа. Гэвч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Гэхдээ энэ асуудал нэгдсэн хуралдааны үеэр дахин сөхөгдөх магадлал бий. Учир нь урьдын ийм бэлээхэн түүх бий. Жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар дэд сайдын орон тоог цомхотгох санал гаргаж, байнгын хорооны хуралдаанаас олонхийн дэмжлэг авч байсан. Гэтэл энэ асуудлыг эргэн оруулж ирэн амилуулж, ганцхан өдрийн дотор л дэд сайд нарын орон тоог хэвээр хадгалахаар хуулиа баталж байсан билээ. Манай улс төрийн шийдэл ийм итгэхийн аргагүй учраас одоо зүгээр л дэд сайдын орон тоог хасна хэмээн өнгө будаг хийж байгаад хүүе гэхийн завдалгүй эргүүлээд залчихсан байхад гайхаад байх зүйлгүй.
Ирэх жилийн төсвийн хэмнэлтэд 150 орчим байгаль хамгаалагчид ширвэгдэж байгаа. Учир нь төр тэднийг цалинжуулж, мотоцикльд нь бензин тос хийж өгч чадахгүй гэж байгаа. Ингэснээр Монгол орныхоо онгон дагшин байгалийг зөнд нь орхиж байна. Харин үүний төлөө эрхэм гишүүдийн хэн нь ч харамссангүй. Ядахад дэд сайдуудын суудлын төлөө гаргасан эмоцийнхоо дайтай “Төрийн тансаглалын золиос нь энэ хэдэн байгаль хамгаалагч боллоо” гээд хэлчих эх оронч байсангүй. Тэгэхээр Монголд байгаль хамгаалагчдаасаа илүү дэд сайдууд хэмээх бэлгийн албан тушаал чухал байгаа юм шиг байна.
Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг үндсэндээ дуусч байна. 2012 оноос хойш 30 000 мянган хүнээр нэмэгдсэн гээд байгаа төрийн албан хаагчдын тоог цөөлөх, төрийг хүнд суртал чирэгдлээс салгах нэг боломж нь төсөв. Үүнийг улс төржилт, популизмаас холхон шиг байлгаж хэлэлцээд баталчихвал монголчуудын л эрх ашиг юм даа.
Сэтгэгдэл ( 0 )