Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг ойрын хугацаанд өргөн барихаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцсан билээ. Уулзалтад УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд хэлэхдээ “Аймаг, орон нутгийн удирдлагууд Улаанбаатарт цугларч семинар хийж байгаа. Тэр хүмүүстэй өнөөдөр өглөө уулзаж байхад “УИХ дахь намын бүлгүүд ямар учраас ажил хаяад байна вэ. Асуудлаа шийдээч. Ажлаа хийгээч” гэсэн асуудал тавьж байсан.
УИХ-аар Шилэн дансны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль гээд төрийн захиргаанд үнэхээр шаардлагатай байгаа, хариуцлага хяналт, иргэдийн оролцоог бий болгохтой холбоотой хуулиуд батлагдсан. Дээрээс нь Төрийн томилогдсон болон сонгогдсон өндөр албан тушаалтны хариуцлагын тухай хуулийг өргөн бариад бараг жил болох гэж байна. Үүнийг намын бүлгүүд авч яримаар байна. Бид сонгуулиар хариуцлага, шударга ёс гэж баахан ярьдаг. Үүнийгээ ажил дээрээ хийх ёстой. Ийм механизм, тогтолцоог бий болгоё. Төрийн албаны хуулийг олон жил ярьж нэгтгээд өргөн барьсан. Хэлэлцүүлэг нь явж байгаа. Мөн Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан.
Маргааш улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж, Улс төрийн намын тухай хуулийн төслөөр товчхон зөвлөлдөөд ойрын үед өргөн барья гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан ийм асуудлууд байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, санал асуулга явуулах тухай асуудал явахгүй бол би өөрөө оролцоод хамтраад ажиллахад бэлэн байна.

Сонгууль, намын хуулиас гадна санал асуулга нь иргэний улс төрийн эрхийн их чухал хэсэг байдаг. Үүнтэй холбоотой асуудлыг тусад нь хуулиар зохицуулж болно. Одоо ажилдаа орцгооё. Нэг хэсэг нь суугаад, нөгөө хэсэг нь ирц хүрэхгүй байх нь миний хэлдгээр УИХ-ыг л муухай харагдуулна. Энд сонгогдсон хүмүүсээ муухай харагдуулж байгаа. Эрх баригч, сөрөг хүчин аль алийгаа онцгүй байдалтай харагдуулаад байгаа юм. Бүгдээрээ ажлаа хийе. Цаг бага үлдлээ. Энэ цагт амжуулж олон ажил шийдье” гээд уулзалтад оролцогсдын байр суурийг сонсжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2016 ОН(59.153.112.65) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top