ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан 2015 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 30
  1. Аливаа ажлыг хийж үр дүн гаргахад хууль эрх зүйн орчин хамгийн чухал учраас ШӨХТГ-ын гол тулгуур болсон “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг Европын холбооны, “Өрсөлдөөний тухай” хуулийг Японы, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийг өөрийн орны эрдэмтэд, төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр санаачлан боловсруулаад байна.

  2. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар дэлхийд жишиг болж буй Европын холбооны хууль эрх зүйг Монголд нэвтрүүлэх чиглэлээр зүтгэл гарган ажилласны үр дүнд Европын холбооны төслийн дэмжлэгтэйгээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг 173 зүйлтэйгээр боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болгов. Энэ хууль батлагдсанаар Монгол улсад хэрэглэгчийн эрхийг дээдлэн хамгаалах ажил бодитоор, өндөр үр дүнтэйгээр хэрэгжих юм.

  3. СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Нийслэлийн 3000 гаруй иргэдийг хамруулан судалгаа авч мөн 800-аад иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг хүлээн авсны үндсэн дээр “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачлан боловсруулсан. Хуульд зохих өөрчлөлт орсноор СӨХ-тэй холбоотой зөрчил, маргаан үлэмж хэмжээгээр буурах нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн СӨХ-ийн үйл ажиллагаа, төлбөр хураамж, түүний зарцуулалтыг нээлттэй, ио тод, ойлгомжтой болгох үүднээс “ШИЛЭН СӨХ” санаачлагыг эхлүүлсэн.

  4. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж Засгийн газраар батлуулахаар хүргүүлэв. Уг хөтөлбөрийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн таатай орчин, бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийн тухай мэдлэг, боловсрол олгох, хэрэглээний соёл төлөвшүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, үүнд аж ахуй эрхлэгч, олон нийтийн оролцоог дээшлүүлэх зорилгоор 2016-2020 онд хэрэгжүүлэх юм.

  5. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь”  төслийн ажлыг эхлүүлэв. Энэхүү төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэнээр Монгол улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх, ШӨХТГ-ын чадавхийг сайжруулах,  шүүгч нарыг сургах, хууль эрх зүйн орчныг олон улсын түвшинд хүргэхэд томоохон ахиц дэвшил авчрах болно.

  6. Даатгалын нэр бүхий компаниуд Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, СӨХ-уудтай хамтран хэрэглэгчийн зөвшөөрөлгүй, бичгээр хийсэн гэрээгүйгээр сар бүр 1000-1500 төгрөгийг даатгал нэрээр байрны мөнгөн дээр шууд тооцон авч хэрэглэгчийг хохироож байсныг  таслан зогсоож компани тус бүрд 8 сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулсан ба хэрэглэгчийн хохирлыг барагдуулах, хууль бусаар авсан төлбөрийг буцаан олгуулах ажлыг зохион байгуулж байна. Цаашид хэрэглэгчийн зөвхөн бичгээр байгуулсан гэрээнд үндэслэж даатгалын мөнгө авч байх нөхцөлийг бүрдүүлээд байна.

  7. Автомашин ачигч аж ахуйн нэгжүүд замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагчийн шийдвэргүйгээр бусдын тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхдээ хэтэрхий ашгийн төлөө сэтгэлээр хандаж жолооч нь гараад ирсэн байхад, дотор нь хүн сууж байхад мөн зориулалтын зогсоол дээрээс ачих зэрэг зөрчлүүдийг гаргаж, зөөж шилжүүлэх явцад бусдын эд хөрөнгийг гэмтээх, эд зүйл алдах зэргээр иргэдийг хохироож байсныг таслан зогсоож, холбогдох байгуулагуудад санал, шаардлага хүргүүлсний үр дүнд зөвхөн төрд тангараг өргөсөн замын цагдаагийн байцаагчийн шийдвэрээр, түүний хяналт дор автомашиныг ачиж шилжүүлдэг болгов.

  8. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар 2013 оны А/769 дугаар захирамж гаргаж, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгосон. Уг зөрчил үйлдэгдсэнээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ 70,000-80,000 төгрөгийн хууль бус төлбөр авч, иргэдийг нийт 647,710,000 төгрөгөөр хохироосныг тогтоож, шүүхэд хэрэг үүсгүүлээд байна.

  9. НИТХ-ын тэргүүлэгчид нь “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” гэсэн хууль бус  журам батлан Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв болон аж ахуйн нэгжүүдэд тээврийн хэрэгслийн дугуй түгжих эрх олгож  11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлэн иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон. Хохирсон иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор “Хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Шударга төрийн төлөө” ТББ-ууд болон иргэдтэй хамтран Захиргааны хэргийн шүүхэд хандсаны дагуу анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж НИТХ-ын тэргүүлэгчдийн баталсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хууль бус шийдвэр болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гарсан. Шүүхийн дараагийн шатанд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

  10. Орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа Тэлмүүн орд ХХК, Богд асар ХХК Бадамлах нар ХХК, Батбаян дулаан ХХК, Тунамал өргөө ХХК, Цонхлон үйлс ХХК, Азын завод ХХК, Таун Комфорт ХХК, МОНТС ХХК нь нийт 12234 айл өрхөөс "узелийн цахилгааны зардал", "ус дулаан дамжуулах төвийн зардал", "насос тог", "ЦТП", "УДДТ" нэрээр хууль бусаар  2600-11000 төгрөгийн төлбөр авч байсныг тогтоож хууль зөрчсөн конторуудыг торгож,  хууль бус төлбөр авахыг таслан зогсоож, иргэдийн хохирлыг барагдуулах ажиллагааг явуулж эхлээд байна.

  11. Нийслэлийн 29 СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зөрчил гаргасан 15 СӨХ-д албан шаардлага хүргүүлж зөрчлийг тухай бүрд нь арилгуулах арга хэмжээ авч ажилласан. СӨХ-дууд оршин суугчдадаа төлбөр хураамжны зарцуулалтыг ил тод болгох, асуудлаа хамтдаа шийдвэрлэх зорилгоор “Шилэн СӨХ” төслийг эхлүүлэв.

  12. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болон арилжааны банкуудаар нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг дамжуулан олгохдоо хуульд тусгайлан эрх олгогдоогүй байхад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж  журам баталж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг шалган тогтоож  улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг хүргүүлсэн. НДҮЗ, НДЕГ нь улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу тогтоосон хугацаанд зөрчлийг арилган хууль зөрчсөн дүрэм, журмуудыг өөрчлөх төлөвлөгөө гарган мөн нэрийн дансны тухай хуульд холбогдох өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулан ажиллаж  байгаа талаар хариу мэдэгдсэн болно.  

  13. 2015 оны 3 дугаар сард ТС-1 буюу онгоцны шатахуун тонн тутамдаа ОХУ-д 540$, БНХАУ-д 760$ үнэтэй байхад “Мэргэван” ХХК нь дотоодын зах зээлд 1400$-оор нийлүүлж байсныг тогтоож, хяналт шалгалтын ажил хийсний үр дүнд онгоцны шатахууны нийлүүлэлтийн үнийг 1.200.000₮ /620$/ болгон буурууллаа. “Содмонгол групп” ХХК, “Мэргэван” ХХК нь давамгай байдлаа хууль бусаар ашигласан үндэслэлээр 4 тэрбум 659 сая төгрөгийн торууль ногдуулсан.

  14. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оныг эрүүл зөв, зохистой холлолтын жил болгож зарласантай холбогдуулж Улаанбаатар хотын 69 дунд сургууль, 18 аймгийн 402 дунд сургуулиадаас сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны төхөөрөмжийн судалгааг авч дүгнэлт гарган 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг дарга нарт сурагчдыг цэвэр усаар үнэгүй хангах арга хэмжээ авах, сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг зогсоох талаар чиглэл өгч хяналт тавьсаны үр дүнд албан бичиг хүргүүлэн ажиллаа. Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмжийг 357 ширхэгээр нэмэгдүүлээд байна.

  15. Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй барьцаалан зээлдүүлэх газруудад /ломбард/ хяналт шалгалт хийхэд  дээрхи газрууд нь зээлийн гэрээгээр хугацаа хэтэрсэн алданги, торгууль тооцохдоо хоногт 0.5 дээш алданги тооцдог, нийт алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлж тооцдог, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа иргэнд бичгээр мэдэгддэггүй худалдан борлуулдаг, зөрүүг буцаан олгодоггүй зэрэг нийтлэг зөрчлүүд байгааг тогтоон шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ. Мөн ломбардуудын иргэдтэй байгуулж буй гэрээг Иргэний хуульд нийцүүлэн өөрчлүүлэх талаар зохих арга хэмжээг авах, хяналт тавих талаар орон нутаг, нийслэл, дүүргүүдийн Засаг дарга нарт чиглэл өгч, хяналтын хамтарсан шалгалтыг хийж, зөрчлүүдийг арилгуулсан.

  16. “Монголын үндэсний бөхийн холбоо”-нд зохион байгуулж буй арга хэмжээнийхээ менежментийг сайжруулах, шүүлтийг орчин үеийн техник, технологи ашиглан үзэгч, олон нийтэд үнэн зөв, бодитой ойлголт өгөх, төөрөгдүүлэхгүй байх талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсний дагуу тус холбоо нь дүрэмдээ холбогдох өөрчлөлтийг оруулж, Монгол бөхийн өргөөний агааржуулалтын тоног төхөөрөмжийг бүрэн засварлаж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

  17. ШӨХТГ нь жил бүр сургалтын төлбөр нэмсэн хэмээн хэл ам дагуулж байдаг МУИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, МУБИС зэрэг сургуулиудын төлбөр, хураамж тогтоосон шийдвэр, суралцагчидтай байгуулсан гэрээ болон холбогдох дүрэм журамд хяналт шалгалт хийж  МУИС нь  байгалийн ухааны салбарын мэргэжлийн ангийн сургалтын багц цагийн төлбөрийг дундажаар 24,4 хувиар үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, тогтмол зардал нэрээр хичээлийн жилийн суурь хураамжид 224,000 төгрөг авсан, мөн хичээл сонголтоос хожимдсон тохиолдолд суралцагч суралцуулах гэрээнд заагаагүй алдангийг авсан, МУБИС нь сургалтын төлбөрийн хэмжээг дунджаар 23 хувиар үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, АШУҮИС нь дамжаа тус бүрийн сургалтын төлбөрийг 10-68 хувиар үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, мөн хууль зөрчиж “Юнимерчус” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 27500 төгрөгийн үнэтэй эмнэлгийн халаад, 15500 төгрөгийн үнэтэй футболкыг шинээр элссэн оюутнуудад олгосон, зарим багш нар хичээл нөхөөгүй боловч оюутнаас нөхөлтийн төлбөрийг авч оюутнуудыг хохироосон зэргийг шалган тогтоож дээрх их сургуулиудад ТУЗ хурлаа хийж сургалтын төлбөрийн хэмжээг бууруулах талаар албан шаардлагыг хүргүүлсний үр дүнд сургуулиуд удирдах зөвлөлөөрөө дахин энэ асуудлыг авч хэлэлцэхээр болсон.   

  18. “Петровис” ХХК, “Шунхлай” ХХК, “Содмонгол групп” ХХК-иудын зарим шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж байгаа Нано-92, Нано-Дизель түлш нь чанар үзүүлэлтийн хувьд энгийн АИ-92 автобензин, дизель түлшнээс ялгаагүй боловч үнийн хувьд 30-50 төгрөгөөр өндөр байна гэсэн гомдол ирүүлсний дагуу хяналт шалгалтын ажлыг хийж Нано-92, Нано-Дизель түлш нь энгийн АИ-92, Дизель түлшнээс илүү чанартай болохыг тогтоолоо.

  19. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад гишүүнчлэлийн журам болон үнэт цаасны компаниудтай хамтран ажиллах гэрээний загварыг баталсан болон гэрээ байгуулахдаа харилцан тохиролцолгүй, нэг талын хүсэл зоригийг тусгахгүйгээр, тулгаж байгуулдаг болохыг тогтоож, зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, 64 сая 635 мянган төгрөгийн торгууль ногдуулав.

  20. Барилгын материалын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд цемент, арматурын үнийг тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан  аж ахуйн нэгжүүдийн гэрээний үүргийн биелэлттэд хяналт шалгалт хийхэд нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 44 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоов. Төрөөс дэмжлэг авчихаад зөрчилөө арилгахгүй байгаа дээрхи компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож ажилллахыг Барилга хот, байгуулалтын яамнаас удаа дараа шаардаж ажиллаж байна.  

  21. Барилгын салбарт хэрэглэгчийн эрх зөрчигдөх асуудлыг багасгах зорилгоор Барилга, хот байгуулалтын яамтай санамж бичиг байгуулж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөл, тусгай зөвшөөрөл олгох комисс, барилга хүлээн авах улсын комисст ШӨХТГ-ын төлөөлөл орж ажилладаг боллоо. 17 давхараас дээш өндөртэй барилгыг хүлээн авах комисст орж ажилласнаар барилгын талбайн м2-ын зөрчилтэй болон гадна талбайн тохижилт, зогсоолын стандарт хангаагүй барилга байшин ашиглалтанд орох асуудлыг таслан зогсох боломж бүрдлээ.

  22. ОХУ-д үйлдвэрлэсэн “Виферон” нэр бүхий эм бэлдмэлийг хууль бусаар импортлон худалдаалж байгаад хяналт шалгалт хийж улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг гаргаж зөвшөөрөлгүй бэлдмэлийг акт тавьж устгаж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав.

  23. Онгоцны тасалбар борлуулагч аж ахуйн нэгжүүд болох “Эйр нэтворк” ХХК, “Нандин вэй” ХХК, “Монголиан Аэр Эжинси” ХХК, “Сити эйр майлс” ХХК-иудад нь зөвшөөрөлгүйгээр  МИАТ-ын тасалбар борлуулж, хэрэглэгчдийг эрсдэлд оруулсан үйл ажиллагаа явуулсныг тогтоож зөрчлийг таслан зогсоож, дээрх аж ахуйн нэгж тус бүрд  8,000,000 төгрөгийн торгууль ногдууллаа.

  24. “Мобиком корпораци” ХХК давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөнийг тогтоож 2,3 тэрбум төгрөгөөр торгов.

  25. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн цахилгаан эрчим хүчтэй холбоотой гомдлын дагуу 2000 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, гэр хороололд байрлуулсан зарим цахилгааны щитнүүд тоолуурын заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийн тоолуурын заалтыг харах боломжгүйгээс хэрэглээндээ хяналт тавьж чаддаггүй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилчид тоолуурын заалт авч, төлбөрийн бичилт хийх явцад тоолуурын заалтын талаар мэдээлэл авахыг хүсэхэд өгдөггүй, газрын гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй эрчим хүчээр хангах гэрээ байгуулдаггүй, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт, түүний зөрүүг бичихгүйгээр төлбөр хураан авдаг зэрэг зөрчлүүдийг тогтоов. Зөрчлийг арилгах арга хэмжээ авч, хяналт тавьсны дүнд 2015 оны 9,10 сард Нийслэлийн 6 дүүрэг болон Зуслан, Зуунмод хотуудад байршилтай нийт 671 цахилгааны щитийг 1,6 метрт байрлуулж буулгасан бөгөөд гэр хороололын бүх хэрэглэгч өөрийн хэрэглээ болон тоолуурын заалтаа бүрэн  хянах, мэдээлэл авах бүрэн боломж бүрдсэн. Газрын гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй эрчим хүчээр хангах түр гэрээ байгуулдаг болсноор хэд хэдэн айл дунд нэг тоолуураар төлбөр төлөх биш айл болгон тусдаа тоолуураар зөвхөн өөрийн хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой болсон. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт болон түүний зөрүүг бичиж өгч, хэрэглэгчийн хэрэглээний талаарх мэдээллийг бүрэн өгдөг болсон.

  26. Гэр хорооллын айл өрхүүд,  худалдааны төв, ус түгээх газруудад ундны усны савны хэрэглээ, түүний зориулалт, ашиглалтын байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, эрүүл мэндэд хортой, хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй ус хадгалах, зөөвөрлөх савуудыг хэрэглээнээс хасах ажлыг эхлүүлэв.

  27. 2015 онд нийт 56 тендертэй холбоотой гомдлыг хянаж, Өрсөлдөөний тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн 34 тендерийг зогсоолгож, хуульд нийцүүлж явуулав.

  28. ШӨХТГ орон нутагт хүрч ажиллах зорилгоор 21 аймгийн орон тооны бус улсын байцаагч нарыг 3 удаагийн сургалтад хамруулж үүрэгжүүлэв. Замын-Үүд суманд ШӨХТГ-ын орон нутаг дахь анхны Хэрэглэгчийн төвийг нээж, орон тооны улсын байцаагч ажиллуулав. Нийт 21 аймагт салбартай болох зорилгоор “ШӨХТГ орон нутагт хүрч ажиллах” төсөл боловсруулав.

  29. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамааралтын товчоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулан хамтарсан хяналт шалгалт хийж Монгол Улсын одон медалиудыг БНХАУ-ын Эрээн хотод хуурамчаар үйлдвэрлэж байгаа асуудлыг бүрэн зогсоож, “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй байхад хяналтыг чангаруулав.

  30. Хэрэглэгчийн эрхийн зөрчил ихээхэн гардаг газрууд болох Замын-Үүд, Алтанбулаг сумуудад Улсын байцаагчийг ажиллуулж, БНХАУ болон ОХУ-д бизнес эрхлэгчдэдээ шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийнхээ эрх ашгийг тус улсуудын холбогдох байгууллагуудын шугамаар хамгаалдаг боллоо.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.113.141) 2025 оны 03 сарын 13

Мэргэжлийн хяналтын байцаагчид ажлаа бараг хийдгуй сул цалин аваад харин хамаг ажлыг нь энэ шехтг хийдэг юм байна гэж бодов. Сайн байна аюурсайхан. Чамайг буруу бодож явжээ.

1  |  0
Хэрэглэгч(123.178.103.82) 2025 оны 03 сарын 13

Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичжээ хөөрхий

1  |  0
МОНОС(59.153.113.100) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top