Боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалт 2.1 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 22

Энэ оны эхний хоёр сард боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалт 2.1 хувиар буурч, 235.7 тэрбум төгрөг болсон байна. Тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүн, кокс, шахмал түлш болон төмрийн үйлдвэрлэлээс бусад салбарын борлуулалт буурсаар байгаа аж. Тиймээс энэ онд Засгийн газар худалдан авалтаараа үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих болохоо мэдэгдээд байна. Өнгөрсөн онд Батлан хамгаалахын салбар дотоодын үйлдвэрлэгчдээс 7.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн худалдан

авсан юм. Харин энэ онд сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг, сургууль, цэцэрлэгийн ширээ, сандал зэргийг дотоодын үйлдвэрүүдээс хангахаар албаныхан тохиролцжээ. Энэ дагуу, мөн сонгуулийн жил таарч байгаа учраас хэвлэх, нийтлэх үйл ажиллагаа эрчимжсэн болохыг статистик мэдээллээс харж болохоор байна. Нөгөө талаас уул уурхайн салбарын уналттай холбоотойгоор нийт экспортод эзлэх боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсээр байгаа ажээ. Энэ оны эхний хоёр сард 46 тэрбум төгрөгийн боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гаргасны 57 хувийг төмрийн үйлдвэрлэл бүрдүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд төмрийн үйлдвэрлэлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Ирэх сарын эхэнд ашиглалтад орох Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хоорондох 34.5 километр төмөр зам экспорт нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Хувийн хэвшлийн хөрөнгөөр монголчууд өөрсдөө барьсан энэхүү төмөр зам ашиглалтад орсноор ирэх жилээс эхлэн гангийн хэрэглээгээ дотоодоос бүрэн хангаад зогсохгүй экспортоо нэмэгдүүлэх боломжтой болно гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Тухайлбал Дарханы төмөрлөгийн үйлдвэр шинэ төмөр замаар дамжуулан жилд зургаан сая тонн төмрийн хүдрийг экспортлохоор төлөвлөж байгаа бол “Болд төмөр-Ерөө гол” компани найман сая тонныг борлуулах боломжтой гэж үзсэн байна. Үүнээс гадна ойрын хугацаанд Дархан, Сэлэнгийн бүсэд баригдаж буй шууд ангижруулсан үйлдвэр ашиглалтад орохоор байгааг Дэлхийн банкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top