Ч.Улаан: Хоёр нам эвсээгүйд олигархиуд баярлаж байгаа байх

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 25

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улааныг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

-Угшил нэгтэй хоёр нам эвсэхээр ярьж байгаад эцсийн мөчид “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг хамтрахаа больсон нь юунаас болов. МАХНын ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд та ямар байр суурьтай байна?
-Эцсийн мөчид ажлын хэсгийн санал болгосны дагуу шийдвэр гараагүй. Гэхдээ үүнийг би таны асуусан шиг эцсийн мөчид бүх юм нурж уналаа гэж ойлгохгүй байна. Ер нь хоёр хуваагдсан нэг л нам шүү дээ. Гарал үүсэл, үзэл бодол, зорилго чиглэл нэгтэй. Тэр битгий хэл хэв шинж нэгтэй, ийм л хоёр нам. Тиймээс эвсэж хамтарч ажиллах шаардлага байгаа.

УИХ-ын сонгууль ойртчихлоо. Үүнд ямар ч эргэлзээ алга. Ажлын хэсгүүд хамгийн түрүүнд хоёр нам эвсэж, хүчээ нэгтгэж орвол сонгуульд ялна гэдэгт санал нэгдсэн. Хоёрдугаарт, хоёр нам эвсэж хамтарч ороосой гэсэн хүлээлт нийгэмд байна. Тиймээс хоёр нам ард иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг харгалзан үзэж эвсэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.

Асуудал өргөн хүрээнд яригдах ёстой. Зөвхөн сонгуульд эвсэж орохоор хязгаарлахгүйгээр хоёр нам нэгдээсэй, нэг нам болоосой гэсэн хүлээлт их байгаа. Ялангуяа гишүүд, дэмжигчдийн хооронд. Хоёр намын гишүүд, дэмжигчид нийлээд 200-300 мянга давна. Тэгэхээр алсын зорилго нь эвсэл нь нэгдэл болж хувирах боломжтой гэж ажлын хэсэг үзсэн. Зарчмын ийм гурван ойлголцол дээр ажлын хэсэг саналаа боловсруулж, намынхаа Бага чуулган, Бага хуралд оруулсан.

Ажлын хэсгийн саналыг эцэслэн шийдвэрлэх эрх бүхий дээд байгууллага нь МАХН-ын хувьд Бага чуулган, МАН-ынх Бага хурал байдаг. Эндээс эвсэх шийдвэр гарсангүй. Үүнийг хүмүүс янз бүрээр ойлгож байх шиг байна. Хэнээс болчхов, чухал ажил нурчихлаа гэх жишээтэй. Миний хувьд эвсэх боломжгүйдээ биш, эвсэхэд амжсангүй гэж хэлнэ. Сонгуулийн хуулиар энэ сарын 30-ны дотор нам, эвслүүд бүртгүүлэх ёстой. Үүний тулд намууд хэрэв эвсэл болж орох бол мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-ны дотор Аудитын газар бүртгүүлэх журам гарсан.

Тэр журмыг баримтал гэсэн тул ажлын хэсгүүд ажиллаад дууслаа, Бага хурал, Бага чуулган дээр ажиллах хугацаа байсангүй. Уг нь Бага чуулган, Бага хурал асуудлыг тал талаас нь нэлээд нухацтай хэлэлцэж, засч сайжруулах санаа оноогоо тусгаж нэг мөр батлах ёстой. Гэтэл цаг хугацааны хувьд болсонгүй. Цаг хугацааны шахалтад орж намууд тус, тусдаа сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Аудитын газар өгсөн.

-Хамгийн гол нь хоёр нам эрх барьж буй АН, зарим хүний элдэв дарамт, шахалтаас айсан юм биш үү. Ийм мэдээлэл сэтгүүлчдийн чихийг дэлсч байна. Нөгөө талаар танай намынхан эвсэх асуудлаар дахиад ажиллаад үзье, хугацаа байна гэж МАН-ынханд уриалсан нь ямар үндэслэлтэй юм бэ?
-Цаг хугацаа шахуу байлаа. Хуулиараа энэ сарын 30-ны дотор, харин Аудитын газрын зөвлөмжөөр бол 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө өгсөн байх ёстой. Тэгэхээр 20-ны дотор бид амжсангүй. Хуулиар бол бид энэ сарын 30-ныг хүртэл ажиллах бололцоо байна гэж үзэж байгаа юм.

Мэдээж Аудитын газар намуудын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийхэд тодорхой хугацаа шаардлагатай. Мэдээж урд өдөр нь өгөөд бүртгүүлнэ гэж яаж болох вэ. Тиймээс бид 20-22-нд мөрийн хөтөлбөр дээрээ ажиллаад өгчихвөл бас боломж байна гэж манай хуульч гишүүд зөвлөж байгаа. Тиймээс энэ хугацааг ашиглаад үзвэл ямар вэ гэж бид санал тавьсан, МАН-д. Нөгөө талаар, хэн нэгнээс айсандаа, аль нэг нь хүчин мөхөстсөндөө эвсээгүй юм биш. Мэдээж сонгуульд оролцож байгаа бүх улс төрийн хүчин ядадт байгуулахын төлөө л орж байгаа.

Ялалтынхаа баталгааг аль болох тодорхой болгох, магадлалаа өндөр байлгах тэр арга замыг л хайдаг. Ингээд үзэхэд нийгэмд явуулсан судалгаа, гишүүд, дэмжигчдийнхээ санал бодолд тулгуурлахад МАН, МАХН хүчээ нэгтгэж, нэг субьект болж оролцвол сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авах магадлал өндөр байна. Бид энэ боломжоо ашиглах нь зүйтэй юм. Нөгөө талаас нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт байна. Ер нь монголчууд эвсч нэгдэж байсан үедээ л хүчтэй байсан.

Тарч бутарч жижгэрч байсан үедээ хүч муутай байдаг. Энэ бол түүхээр нотлогдсон үнэн шүү дээ. Тиймээс намууд ч гэсэн монголчуудыг үзэл бодлоор тарааж, жижиглэж, хүчгүйдүүлж байгаа нэг хэлбэр гэж би боддог. Магадгүй гадаад, дотоодын нөлөө ч байгаа байх.

-Ажлын хэсэг ажиллаж байх үед янз бүрийн талцал, эсвэл нам доторх хагарал гэмээр зүйл байсан уу. Тухайлбал, МАН-ын ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар мэдэгдэл хийдэг, эсвэл Г.Занданшатар үг хэлэх жишээтэй. Үйл ойлголцол хэрэв байсан бол аль шатанд нь байв?
-Нийгэмд ажиглагдсан тэр процесс бол ажлын хэсгүүд ажиллаж дуусаад дүгнэлтээ хүлээлгээд өгчихсөнөөс хойш болсон үйл явдал. Ажлын хэсгийн санамж бичиг гарах, гарын үсэг зурах хүртэл ажлын хэсгүүд дээр яман нэг үл ойлголцол гараагүй. Мэдээс асуудлыг хоёр өөр байр сууриас ярих явдал байсан. Нөгөө талаас сонгуульд оролцох гол асуудал, нэр дэвшүүлэх квотоо хуваахад асуудал байдаг.

Бид эвсэх тухай ярихдаа долоон асуудлын хүрээнд ярья гэж тогтсон. Нэгдүгээрт, сонгуульд хүчээ нэгтгэж хамтарч орох нь зөв. Хоёрдугаарт, хамтарч эвсэл болж орвол ямар зарчмаар эвсэх вэ. Эвслийн нэр, зорилго чиглэл юу байх вэ. Дараа нь эвслийг яаж зохион байгуулах вэ, бүтэц ямар байх вэ.

Суудлын хуваарь, квотоо яаж хийх вэ. Хэлмэгдүүлэлт, хууль бус явдлын эсрэг ямар байр суурьтай байх вэ гэдэг хүрээнд ярихаар тогтож, яриа хэлцлээ хийсэн. Энд багтсан асуудлаар бид 10 удаа уулзсан. Уулзах болгонд бидний байр суурь ойртож байсан. Эвсэх асуудалд бол шууд санал нэгдсэн. Эвсвэл бидний сонгуульд оролцох магадлал өндөр байна, үүнийг гишүүд, дэмжигчид хүсч байна.

Эвсэх нь хоёр намын алс хэтийн зорилгод нийцэж байна. Тиймээс эвсэж, хамтарч ажиллах нь зүйтэй гэдэгт ямар ч эргэлзээгүй санал нэгдсэн. Санал нэгдсэн асуудлуудаар хоёр ажлын хэсгийн дарга нар гарын үсэг зураад, эргэж ярихгүй, задалж ярихгүй гэж тохирсон. Ингээд дараагийн асуудал руугаа орох жишээтэй хэлэлцээ явсан.

-Хоёр талаас ярьсан квотын асуудал анхаарал их татаж байгаа. Квотын асуудлаар тохиролцоогүй юм биш үү гэсэн хардлага ч бас байна?
-Квотын асуудал хэд гэсэн харьцаатай байх вэ гэдэгт нэлээд ярьсан. Тооны харьцаа нэлээд холоос эхэлсэн. МАН 80:20 гэсэн харьцаагаар явъя, танайх 20 шүү гэсэн. Бид 40:60 байя, манайх 40 шүү гэсэн. Хоёр талаас ярихад МАН Их хуралд байгаа гишүүдийнхээ тоогоор харьцаагаа тогтооё, тэгэхдээ МАХН-ын квот дотор МҮАН-тай хамтарч орсон суудлыг оруулахгүй зөвхөн МАХН-ын гишүүн гэсэн хүмүүсийн тоог авна, ингээд 20 шүү гэсэн.

Бид үүнийг зөвшөөрөөгүй, нэг субьект болж орсон учраас тэр л тоогоор суудлынхаа тоог харгалзъя, манайх 11 суудалтайгаас нэг нь гарсан, ингээд 10 суудлаар тооцно. Дээр нь 2012 оны сонгуульд авсан саналынхаа тоог харгалзаж үзье. “Шударга ёс” эвсэл 252 мянган хүний санал авсан. МАН 354 мянган хүний санал авсан. хувилаад үзэхэд 42:58 гэсэн хувь гардаг. Үүнийгээ тэгш тоонд оруулж манайх 40, танайх 60 гэж тогтоё гэсэн Ингээд 80:20, 40:60 гэдгээс хэлэлцээ эхэлсэн. Эцэстээ 51:25 буюу 33:67 гэсэн харьцаан дээр тогтсон байх жишээтэй.

Ажлын хэсгийн төвшинд ингэж асуудлуудаа ярьж, ойлголцсон. Тэрсэлдсэн,үл ойлголцсон асуудал бидний дунд гараагүй. Зарчмаа илүү үндэслэлтэйгээр ахин дахин ярьж, байр сууриа нэгтгэж байсан. Ажлын хэсэг дээр тохирсон бас нэг зарчим бол нэгэнт эвсэх нь зүйтэй гэдэгт ойлголтоо нэгтгэсэн учраас ажлын хэсгээс эвсэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргахгүй шүү. Эвсэх бүх боломжийн төлөө бүтээлч хандая гэсэн. Энэ л үүднээсээ бид саналаа гаргаж, МАН-ынхан Бага хуралдаа танилцуулж, Удирдах зөвлөлдөө оруулна.

Бид Гүйцэтгэх товчоондоо танилцуулаад Бага чуулгандаа оруулсан. Намын төлөөлөх байгууллагууд дээр асуудлыг хэлэлцэх явцад янз бүрийн асуудал, тодруулах зүйлүүд гарч, гишүүд нь янз бүрийн байр суурь илэрхийлсэн явдал бол түүнээс хойш гарсан асуудал. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг ажилласны дараах хоёр дахь шатны асуудал. Бага чуулган, Бага хуралд тал талаас нухацтай ярих цаг гараагүй хугацаа шахамдсан учраас хүмүүс зах зухаас нь өнгөц мэдээллээр хандах, яарсан, түргэдсэн зүйл гарсан.

Үүнийг би түрүүнд хэлсэн, хүсээгүйдээ биш цаг хугацааны хувьд амжсангүй гэж харж байгаа. Ер нь хоёр том улс төрийн хүчин эвсэнэ, эвсэл амжилттай болвол нэгдэнэ гэдэг шат дараатай өргөжих учраас асуудалд нухацтай хандах учиртайг би ойлгож байна. Намын удирдлагууд, гишүүд итгэл үнэмшил болж санал нэгдэх ёстой, аль аль талдаа. Ингэж байж нэгдсэн шийдэл гарах ёстой шүү дээ.

Ингэхгүйгээр аль нэг шатандаа хэдэн хүн яриад шийдчихвэл нэгдсэн итгэл үнэмшил болж чадаагүйн улмаас эвсэл хэврэг болох эрсдэл бий. Ингэвэл алсдаа хоёр намаа нэгтгэх асуудал бүр нурж унана шүү дээ. Тэгэхээр ийм эрсдэл гаргахгүйн тулд цаг хугацаа зарж ажиллах ёстой байсан. Тийм бололцоо бүрдсэнгүй. Тиймээс энэ удаа эвсэж амжсангүй.

-МАН-ын дарга М.Энхболд бас хэлсэн байна лээ. “Эвсэх асуудал нээлттэй. Сонгуулийн дараа ч ярьж болно” гэж. Та улс төрд удсан хүний хувьд тэр гарц, боломж, үр дүнг хэрхэн харж байна?
-Цаг хугацааны хувьд сонгуулийн өмнө эвсэх боломжгүй болчихлоо. Тэгэхээр сонгуулийн үеэр хамтарч ажиллах, дараа нь эвсэх асуудал нээлттэй байгаа. Ийм гарцыг хаахгүй гэдэг үүднээс тэр саналыг хэлсэн байх гэж бодож байна. М.Энхболд даргын үгэнд “Нэгдмэл эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн байна лээ.

Энэ асуудал нээлттэй гэсэн үг. Манай намын Бага чуулган хуралдаад бас тогтоол гаргасан. Тогтоолд МАХН, МАН сонгуульд эвсэж орох хүрээнд хийсэн ажил маань зөв байлаа. Алс хэтийнхээ зорилго чиглэлд нийцсэн дэвшилтэт алхам, ахиц боллоо. Энэ ажлаа цааш үргэлжлүүлж ажиллах нь зүйтэй гэж намынхаа гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосон.

Бид байр суурьтаа хэвээр байгаа. Нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтарч ажиллахын төлөө бүх боломжоо шавхана. Цаг хугацааны хувьд ч гэсэн боломж байвал ашиглая гэсэн. Тэгэхээр хоёр намын дээд байгууллагын байр суурь эвсэх, хамтарч ажиллах нь зүйтэй гэдэгт нийлж байгаа гэж би бодож байна. Улс төрийн шийдэл ингэж гарч байгаа учраас үргэлжлүүлж ажиллаад ойлголцлоо ойртуулж, хоёргүй ойлголцож, сэтгэлд сэв үлдэхгүй тохиролцох хүртлээ ажиллах ёстой юм.

-МАН-ын дарга М.Энхболдын байр суурь хэлсэн үгнээсээ тодорхой байгаа. Тэгвэл МАН-ын дарга Ж.Мөнхбат яагаад “МАХН гар бариад бугуй барих гэлээ” гэж хэвлэлээр яриад байна вэ. МАН дотроо зөрчилдөж байгаа нь та нарт анзаарагдаж байна уу?
-Хэлэлцээг хоёр тал хийдэг. Хоёр тал өөр өөрийн гэсэн ашиг сонирхол, өөр өөрийн зорилго чиглэлтэй, бодлоготой. Тэгвэл уулзаад нэгдмэл байр суурийн төлөө ярьж байгаа. Тийм учраас аль аль нь өөр өөрийн байр суурийг хэлэлцээрт оруулахыг бодно шүү дээ.

Хэлэлцээрээс нэг л шийдвэр гарна. Дундын хувилбар гарах ёстой. Түүнд хүрэхийн тулд аль аль нь буулт, ухралт хийх ёстой. Буулт хийж байгаа хүнд үргэлж болгоомжлол байдаг. Би арай их буугаад байгаа юм биш байгаа, нөгөөдүүл маань илүү их хожоод байгаа юм биш байгаа гэсэн болгоомжлол байдаг нь хэлэлцээ, яриа хийхийн онцлог. Тогтсон технологи. Тиймээс нэг асуудлыг шүүрч аваад дүгнэлт хийхэд магадгүй нэг тал их буучихсан юм шиг байж магадгүй.

Зарим хэвлэлд бичсэн байна лээ “33:67 гэж тохирсон байна. Анх хэлэлцээ 80:20, 40:60-аас эхэлсэн. 33:67 гэдэг чинь хэнийх нь харьцаанд ойрхон байна вэ, тэр нь илүү хожсон биш үү” гэж. Тэгэхээр нөгөө тал маань бид арай их буучихсан юм шиг байна, энэ хэд гар бариад бугуй барьчхаж гэж магадгүй. Энэ асуудал дээр ийм боловч, өөр асуудал дээр магадгүй нөгөө тал маань арай ахиу байж болно шүү дээ. Жишээ нь, орон нутгийн иргэдийн хурлуудад авсан санал, одоогийн байгаа суудлыг авч үзье гэсэн байгаа шүү дээ.

Тэр үзүүлэлтээр МАН-д илүү ашигтай. Яагаад гэвэл, орон нутгийн сонгуульд манай намыг олон газарт оруулаагүй. Тиймээс тэнд төлөөлөл байтугай санал ч аваагүй. Энгэ талд бид бүр нам уначихсан юм шиг зарим хүн ойлгож ярьж л байгаа. Гэхдээ нэгэнт эвсэж байгаа бол бид гарааны тодорхой нөхцлөөс эхлэх нь ойлгомжтой. Яалаа гэж нэг нь 0, нөгөө нь 100 хувиар суудлаа хуваачхаад эвсэх тухай ярих вэ. Тэгэхээр гарааны нөхцлөө 80:20-оос эхэлье гэж манайхны санал тавьсан нь ийм л учиртай.

Яриа хэлцлийг иж бүрнээр нь, эцсийн зорилгод нь чиглүүлж үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Яаран дундуур нь гүйж орж ирээд, Удирдах зөвлөлийн нэг гишүүн, эсвэл намынх нь удирдлага дүгнэлт хийгээд, шүүмжлээд байх нь учир дутагдалтай. Бүх асуудлыг цогцоор нь, цаад агуулга, үндсэн зарчим, хэрэгжүүлэх гэж буй хэлбэр, үнэлэлт дүгнэлт, механизмтай нь авч үзэж байж асуудалд хандах ёстой. Мэдээж ажлын хэсгүүд үргэлж шүүмжлүүлдэг. Өнөөдөр эвсээгүй учраас олон хүн шүүмжилж байгаа. Та нар зөв ажил эхлүүлчхээд түүнийгээ нураачихлаа гэх юм. Би хувьдаа нурсан гэж бодохгүй байна, ахиц гарсан.

-Ямар ахиц?
-Тухайлбал, 2010 онд нам хоёр хуваагдаж МАХН, МАН болсон. Тэр үед задарч, бүр хоорондоо тэрсэлдэж салсан шүү дээ. 2012 оны сонгуулийн өмнө хуваагдсан нь хүчээ сарниулсан үйл явдал болжээ. Бид үүнээс болгоомжлох ёстой юм байна гэсэн ойлголт нэлээдгүй хүмүүсийн дотор бий болсон. Тиймээс сонгуулийн өмнө хоёр нам эвсээсэй гэсэн асуудал яригдсан.

Их хурлын гурван гишүүн намынхаа харьяаллыг хүртэл өөрчилж байсан шүү дээ. Тэгэхэд эвсэх яриаг олон хүн авч үзэх байтугай сонсохыг хүсээгүй. Тэгвэл 2016 оны сонгуулийн өмнө хоёр талаасаа ажлын хэсэг гарч, олон асуудлаар нэгдмэл байр суурьт очлоо, ахиц гарч байна. Ажлын хэсгийн дараа, дараагийн уулзалтаар хоёр нам эвсэх юм уу, нэгдэх асуудал шийдэгдэх байх. Тэр нь харин цаг хугацааны л асуудал. Цаг хугацаа гэдэг өөрөө ухаарал өгдөг. Тийм учраас шаталсан үр дүн гарч байгаа гэж би бодож байна.

-Улс төрийн уур амьсгалыг анзаарч байхад эвслийн хэлэлцээ хийгдсэн ч гэрээ байгуулалгүй тус тусдаа орох болсонд зарим нь сэтгэл дундуур, зарим нь сэтгэл хангалуун байх шиг. Та юу гэж бодож байна?
-Асуудал аль аль талдаа байгаа байх. Манай өрсөлдөгчид, хөрөнгө мөнгөтэй, эрх мэдлээ алдахгүй байхыг хичээсэн олигархиуд мэдээж баярлаж байгаа. Тэр ойлгомжтой, мэдэгдэж байна. МАХН, МАН улс орны төлөө санаа зовж явдаг ард иргэдийн хувьд хохиролтой санагдаж байгаа. Тэрийг би ойлгож байна. Хохиролтой шийдвэр.

Тиймээс нийтлэг эрх ашгаа хамгаалах, улс орныхоо эрх ашгийн төлөө механизмыг бид олох ёстой. Тийм арга зам байгаа. Өнөөдөр завсрын шатанд янз бүрийн өсгөсөн, дөвийлгөсөн дүгнэлт хийж, бие биеэ дайрах, давах гэсэн оролдлого хийх, эсвэл буруугаа нэг рүүгээ чихэх, өөрийгөө энхийн цагаан тагтаа мэт харагдуулах гэх нь явуургүй үйл ажиллагаа юм. Бий болсон үйл явцаас бүгд сургамж авах ёстой.

Хэн нэгийгээ буруутгаж, бичиг цаас шидэлцэж, үгээр нэгийгээ даваад бүтдэг ажил нэг ч байхгүй. Тиймээс үүн дээр бодох ёстой. МАН-ын дарга М.Энхболд хэлсэн байна лээ, “Өнөөдөр муудсан ч дараа нь сайдаж бас болно шүү дээ” гэж. Муудаад, сайдаад бай гэх нь хаашаа юм. Өнөөдөр амжаагүй ч нэг шийдэлд хүрэхийг нийгмийн хэрэгцээ шаардлага биднээс шаардана шүү дээ.

Тэр үед бид асуудлаа хамтраад ярина. “Хүнтэй хэчнээн ч хүчтэй маргаж болно. Гэхдээ эргээд эвлэрэх зайгаа үргэлж хадгалж үлдэж бай” гэж мэргэн үг бий. Бид шүүмжлэл, хүчтэй үгс нь ил гарч байгаа нь сайн хэрэг. Тэгэхгүй бие биеэ аялдан дагаж толгой дохиж эвсээд түүнийгээ шоу болгож зарлаад удахгүй сарнидаг, эсвэл задардаг, салдаг явдал гарвал туйлын хариуцлагагүй юм болно.

Ч.Үл-Олдох

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BATAA(202.9.40.149) 2016 оны 04 сарын 26

MAN iin shiidver MAHN iin suudliin toog nemchikhlee.Songuuliin daraa khussen,khuseegui khamtarna daa.Daraa n darga nar n shunaltakhgui bol 2 nam negdene.

0  |  0
зочин(122.201.21.192) 2016 оны 04 сарын 26

МАН-ыг бутаргаж хувийн эрх ашгаа хөөж МАХН-руу явсан сайд асан Улаан, одоо эвтэй байхдаа хүчтэй, нэгдэх нь улс орны эрх ашиг гэж ярих болжээ. Хэрэв 2 нам эвсвэл Энхбаяр, түүний дагалдагсдын болзол, дарамт, шахалт шаардлага хэрээс хэтэрч хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гээч юм болох дүр зураг тод илэрч буй нь өнгөрсөн явдлаас харагдаж байна.

0  |  0
zochin(203.91.117.2) 2016 оны 04 сарын 26

Enhbayariin shunal ni ihdeed meht mehendee geech ni boldee. Nam namiin uvur damjsan shantaajlagchdaar MAN yahavdee. MAN iinzuv

0  |  0
zochinb(202.21.111.98) 2016 оны 04 сарын 25

uuruu khen bile dee.jinkhene avilgiig khugjuulegsh bish biluu.

0  |  0
2016(122.201.22.178) 2016 оны 04 сарын 25

[-X [-X #:-S #:-S улаан өөрөө жинхэнэ олигархи биз дээ?

0  |  0
Zochin(66.249.82.72) 2016 оны 04 сарын 25

Ooroo oligarh bish yum baih daa. Heden zuun sayar aduu mal hudaldaj avaad baigaagaa yaj tailbarlah geed bgaan boloo ene ulaan luivarchin

0  |  0
Top