УИХ-ын дарга Япон Улсад айлчилж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 02

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр лхагва гарагт Фукушима мужид байрлах “Накасо” дулааны цахилгаан станцад зочилж, нүүрс хийжүүлэх технологи ашиглан эрчим хүч үйлдвэрлэх явцтай танилцлаа. 1.7 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү дулааны цахилгаан станцын 10 дугаар зууханд нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлжээ. Дулааны цахилгаан станцыг байгуулах зардал нь энгийн станцтай харьцуулахад 20 дахин их байгаа аж. Хэдий тийм боловч ижил хэмжээний эрчим хүч гарган авахад шаардагдах нүүрсний хэмжээ нь 15 дахин бага, үүнийгээ дагаад ялгарах хаягдлын хэмжээ нь бага гэдгийг “Накасо” дулааны цахилгаан станцын дарга Хасадо онцолсон байна. Мөн нэг киловатт эрчим хүч гаргах эцсийн зардал нь ойролцоо гэж үзэж байгаа юм. Нүүрс хийжүүлэх технологийг нэвтрүүлсэн энэхүү дулааны цахилгаан станцад үнслэг чанараас шалтгаалан олон төрлийн нүүрсийг шууд болон хольж ашиглах бололцоотой юм байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалын хүрээнд Уул уурхайн яам, Японы Эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн яамны хооронд "Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих" хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top