Булган, Алтай, Үенч суманд өвөлжилт хүндэрч байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумдад өвөлжилтийн байдал хүндэрч цасны зузаан 80 см-т хүрээд байна. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч өдөр дээрх сумдад ажиллаж нөхцөл байдалтай танилцаж, тулгамдсан асуудалд ямар арга хэмжээ авах талаар ярилцжээ.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч Булган сумын Баянгол багт 39 өрхийн 84 хүн, 29900 толгой мал, Баянсудал багт 17 өрхийн 39 хүн, 13690 толгой мал, Байтаг багт 31 өрхийн 100 хүн, 32249 толгой мал, Алагтолгой багт 9 өрхийн 27 хүн, 11500 мал буюу нийт 96 өрхийн 250 хүн ам, 87,339 толгой мал хүндрэлтэй бүсэд өвөлжиж байна.

Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа дээрх гурван суманд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг албаныхан хэлж байна. Нэн тэргүүнд хүний эрүүл мэндийн асуудалд анхаарах шаардлагатай байгаа бөгөөд Алтай Үенч сумдын хүн эмнэлэгийн машиныг яаралтай шийдвэрэх, Булган сумын сум дундын эмнэлэгийн эм тарианы нөөц эмчилгээ шүйлчилгээг сайжруулах тал дээр орон нутгийн мэрэгжлийн байгууллагууд анхаарч ажиллахыг санууллаа.
аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Д.Галсандондог дээрх гурван сумын малчдын отор нүүдэлд анхаарч, оторын штаб байгуулах, нүүлгэн шилжүүлэх, хандивын аян зарлаж, Ховд аймгийн нийт иргэд, бизнес эрхлэгчид, Улаанбаатардахь нутгийн зөвлөл, Ховд аймгийн гаралтай иргэдийг татан оролцуулж яаралтай арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Нөхцөл байдал хэтэрхий хүндрэхээс өмнө хүн бүр хувь нэмрээ оруулан үүссэн бэрхшээлийг даван туулах боломж байгааг онцоллоо.

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top