Агаарын бохирдлыг хэмжих шаардлагагүй, ард иргэд “АМЬД БАРОМЕТР” болж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

Агаарын бохирдлыг хэмжих тоног төхөөрөмж өндөр үнээр оруулж ирж суурилуулсан гэх мэдээлэл Нийслэлийн үе үеийн удирдлагуудын хийсэн ажлын тайланд дурьдагдсан байдаг билээ. Энэ ажлын үр дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанарын мониторингийг хийдэг 10 суурин харуул ажиллаж байгаа юм байх. Агаарын бохирдол аль хэсэгт илүү байгааг судлах зорилготой бололтой. Эдгээр 10 төхөөрөмжийн  зургаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдэлд, дөрөв нь нийслэлийн мэдэлд байдаг бөгөөд Нийслэлийн мэдэлд байдаг дөрвийн мэдээлэл л иргэдэд нээлттэй хүрч байгаа юм. Иргэд агаарын бохирдол ямар байгаа, гадаа гарч болох эсэх, хүүхдээ салхилуулах уу гэх мэт асуудлаа Нийслэлийн гаарын чанарын албаны http://www.ub-air.info/ цахим хуудсанд зочлон мэдэж авах учиртай. Гэтэл тэнд Толгойт, МҮОНРТ, Нисэх, Баруун дөрвөн зам орчмын мэдээлэл л байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн газрын утааны хэр хэмжээг тогтоох гэж л төсвөөс өдий төдий хөрөнгө зарцуулсан болж таарч байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зургаан харуулын мэдээлэл байхгүй. Өөрсдийнх нь цахим хуудсан дээр ч алга. Уг нь агаарын бохирдлоос, утаанд хордохоос сэргийлэхийг хүссэн хүмүүсийн мэдээллийн эх сурвалж, цугларах цэг гэдэг утгаараа мэдээллээ дээрх цахим хуудсанд байршуулах хэрэгтэй юм. Тэгэхгүй бол иргэд эрүүл мэндээ эрсдлээс хамгаалж чадахгүй шүү дээ. Түүнчлэн өндөр үнэтэй техник тоног төхөөрөмжийн зориулалт нь ч тийм байлтай. Эсвэл “Ам.долларын өсөлтийг ажиглаж байгаа” гэдэг Сангийн сайдын трэнд үг шиг “Агаарын бохирдлыг зүгээр л ажиглах” гэж агаарын бохирдол хэмжих аппарат суурилуулаагүй нь тодорхой. Бас “Агаарын бохирдол багатай газрынхаа мэдээллийг гаргаад, ихтэй газруудынхыг нь нуух” зэргээр мэдээллийг хүссэнээрээ удирдах, ард олныг агаарын бохирдол буурсан байна гэж мунхруулах, эсвэл утаа их харагдаж байгаа боловч бохирдол, тортог хийн агууламж нь багассан гэх зэргээр төөрөгдүүлэхэд эдгээр агаар хэмжих төхөөрөмжүүдийн зориулалт, зорилго оршиж байгаа юм болов уу.

Уг нь агаарын бохирдлыг нарийн аппаратаар хэмжээд байх ч шаардлагагүй. Муухан хардаг нүд, амьсгалдаг хамар ам байхад л их, багын хэмжээг ил тод мэдчихнэ. “Монгол хүний уртын хэмжүүр биедээ явдаг” гэж үг бий. Гадаадынхан бол аливаа зүйлийг хэмжихдээ шугам гэх мэт багаж ашигладаг, харин монгол хүн хуруу, сөөм, төө, алд гэх мэтчилэнгээр өөртөө байгаа “нөөц бололцоогоороо” маш нарийвчлалтай хэмжчихдэг гэсэн санаа л даа. Нүүдэлчин амьдралтай монголчууд бидэнд элдэв хэмжүүр ийш тийш нь зөөгөөд явах боломж ч байсангүй. Харин баримжаагаа маш сайн хөгжүүлсэн гэдэг үнэн. Огт хамаагүй юм шиг явж байснаа эцэст нь яг л голыг нь олж хэлдэг. “Олны яриа ортой” гэдэг уг ч эндээс гарсан биз. Нийслэлийн Баянгол дүүргийн III-IV хороолол, Төмөр зам, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000, Сүхбаатар дүүргийн IX дүгээр хороо буюу VII хороолол, Дөлгөөн нуур нутгаар явж, агаарын чанарыг харааны болон үнэрлэх эрхтний ил зэмсгээр тандсан юм. Агаарын чанарыг тодорхойлох суурин харуул байхгүй, агаарын бохирдол ихтэй гэдгээр нь дээрх газруудыг сонгож авсан юм. Баримжаагаар ингэж шалгахад  III хороолол, Дэнжийн 1000, “Дөлгөөн нуур” цогцолборын орчимд утаажилт илүү их байх шиг санагдлаа. Агаарын бохирдол хэмжих багаж суурилагдаагүй учраас аргагүйн эрхэнд ингэж “амьд хэмжигч” болж явсан гэдгийг ойлгоно биз ээ. Нэр дурьдагдсан газрын оршин суугчдад анхааруулахад, танай тэндхийн утаа Толгойт орчмын гэр хорооллынхноос огт дутахгүй шүү гэж анхааруулж байна. Нийслэлийн агаарын бохирдол дэлхийн стандартаас 35-40 дахин ихэсчээ. Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоотойроо хотын утаа эрс нэмэгдлээ. Нийслэл агаарын бохирдлын хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын стандарт, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандарттай харьцуулж мэдээлдэг юм байна. Тэгвэл зарим үед хотын утаа ДЭМБ-ын стандартаас 20-30 дахин ихэсч байгаа ажээ. 

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэндлээ(202.9.40.197) 2017 оны 01 сарын 05

Тий шдээ, нүдэн дээр ил байгаа юмыг юуг нь хэмждэг юм бэ. Мөнгө үрсэн завхарсан ажил хийцгээхээ больмоор юм

0  |  0
ИРГЭН(103.57.93.242) 2017 оны 01 сарын 05

Эхлээд хүмүүсийн нүдэн дээр ил байдаг 3-4-р цахилгаан станцуудын яндангаас хар утаа харагддаггүй болгочих, тэгээд тэрийг жижигрүүлээд айлуудын янданд суурилуул. ТЭЦ-ийн олон инженерүүд хийчих байлгүй дээ.

0  |  0
ххх(202.179.17.225) 2017 оны 01 сарын 05

Монголчуудын өөрсдийнхөө төлөө бол хэзээд ч тэмцэхгүй. Утаатай байсан ч жагсахгүй, бензин, талхны үнэ нэмэгдсэн ч дуугарахгүй, дуугарснаа тэнэг гэдэг харин даргыг огцруулах гэж байвал жагсана, өлсөнө, өөрийгөө шатаана. Мөн хэн нэг нь сайн ажил хийгээд, уул уурхайн ашиглаад улсаа хөгжүүлье гэвэл түүний эсрэг бүгдээрээ тэмцэнэ. Гайхалтай ар түмэн шүү.

0  |  0
Top