Хэт таргалалт хүүхдүүдийг онилов

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

“Булцайж, бондойчихоод яасан хөөрхөн юм бэ дээ” гэсээр үеийнхнээсээ хэдэн килограмм илүү жинтэй охиноо өхөөрдөх ээжүүдтэй нэлээн тааралдав. Дөнгөж нэгдүгээр ангийн хүүхэд атлаа 4-5 дугаар ангийн сурагч шиг харагддаг хүүхдээ “Унаган махтай, удмын ийм тарган” гэж өмөөрсөөр суух аав ээжийг буруутгах аргагүй мэт. Гэхдээ л хүүхдийнхээ ирээдүйг бодохгүй байгааг нь шүүмжлэх хэрэгтэй. Саяхан л өхөөрдөөд байсан бяцхан хүүхдүүд чинь дөнгөж 20 хүрээд л элдэв төрлийн өвчинд ороогдож, түүнээс залуухан байхдаа ч аль хэдийнэ насанд хүрчихсэн мэт харагдах нь ямар байх бол. Үеийнхэн нь тарган, мярайлагаар нь дуудаж, элдэвийн хоч өгөн гойчилно. Хэдэн насаар ахмад хүн “та” гэж хүндэтгэнэ. Ийм байдлаасаа ичиж, нийгмээс тусгаарлагдсан олон мянган хүүхэд дэлхийн өнцөг булан бүрт байна. Энэ юунаас болов. Шалтгаан дурдвал олон бий.

Хэдэн жилийн өмнө хөрш хаалганд нүүж ирсэн айлд энд яриад байгаа шиг тарган охин байсныг санаж байна. Хоёрдугаар ангийн хүүхэд атлаа тав алхаад л амьсгаадаж зогсох түүнийг ангийнхан нь “бүдүүнээ” гэж дуудна. Ээж, аав нь болохоор оройтож төрсөн нялх үр минь гэж өхөөрдөнө. Орой ирэхдээ амттай чихэр, боорцогыг уут дүүрэн авчирч, хожимдож төрсөн хөөрхий охиноо бордсоор, энхрийлсээр...

Тийнхүү өдөр өдрөөр өндөр болох ёстой охин нь дээшээ биш өргөөшөө өссөөр байгааг даанч анзаарахгүй байгааг харах үнэхээр харамсалтай.

Ийнхүү таргалалт гэх зүйл өсвөр үеийнхэн рүү “довтолж” эхэллээ. Гэтэл аав, ээжүүд том болоод турчихна гэх батлагдаагүй онолыг дэвшүүлээд сууж байх.


Нэгэн судалгаанд дурдсанаар бага ангидаа тарган байсан хүүхдүүдийн 25 хувь нь том болоод тарган хэвээрээ үлддэг гэжээ. Гэтэл таргалалт бага, дунд ангийнхны дунд их байна. Үүнийг эмч, мэргэжилтнүүд сургуулиудад бие бялдарыг хөгжүүлэх, эрүүлжүүлэх хичээл орохгүй байгаа болоод эцэг эхийн хяналттай шууд хамааруулж үздэг. Бүх зүйл бэлэнчлэх, залхуурах сэтгэлгээтэй холилдон эцэстээ таргалалт гэх зүйлийг үүсгэж буй.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хэдхэн жилийн өмнө дэлхийн хүн амын 400 сая нь хэт тарган, нэг милиард 600 сая нь хөнгөн хэлбэрийн тарган хэмээн тодорхойлж байв. Гэвч энэхүү тодорхойлолтоо 2015 онд дахин өөрчилж, дэлхийн долоон тэрбум гаруй хүний 700 сая нь хэт тарган, хоёр миллиард 300 сая нь хөнгөн хэлбэрийн тарган болжээ хэмээх таамаг мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Өнөөгийн бид элдэв төрлийн өвчин эмгэг хил дамжин ороод ирэхвий хэмээн шаналдаг болсон. Гэтэл “Хэт таргалалт” гэх өвчин аль хэдийнэ монголд тархаад, халдварлаад эхэлчихэж...

Дэлхий дээр хамгийн их тарган хүнтэй улсаар Америк эхний байрт бичигддэг бөгөөд энэ улсын 20 наснаас дээш хүн амын 55 хувь нь тарган, ОХУ-ын насанд хүрэгчдийн 54 хувь нь, Бразил улсын 36 хувь нь, Малайзын 27 хувь нь тарган хэмээн тогтоогджээ. Харин манай Монгол Улсад хэт тарган хүн цөөн байх ч өсвөр үеийнхний таргалалт болоод шинээр мэндлэгсдийн илүүдэл жин эмч нарын санааг зовоох болов.

Эцэг эхчүүдийн хувьд 4-5 бүр түүнээс дээш килограмм жинтэй төрсөн хүүхдээ “Харин ч хэвийн төрлөө, багадаа мяраалаг байх зүгээр” гэх мэтээр тайлбарлаж, өөхөлж буй өөдөсхөн биеийг нь өхөөрдсөөр...

Хүүхэд насандаа хэт тарган байгаа хүүхдүүд нь ихэнхдээ гэр бүлийн буруу хооллох хэв маягаас үүдэлтэй юм. Нярай байхдаа “марайлаг хүүхэд” эрүүл торнидог гэсэн ойлголт нь сүүлийн үед буруу болж эхэлсэн.


Эрүүл хооллох дадлыг бид хүүхдэд бага байхаас нь хэвшүүлж эхлэх ёстой. Эхийн сүү бол юугаар ч орлуулашгүй гайхалтай агууламжтай бүтээгдэхүүн. Иймээс ямар нэгэн онцын шалтгаангүй бол хүүхдийг зургаан сар хүртэл нь дан эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Үгүй бол ихэнх өвчний эхлэл шиг “хэт таргалалт”-ын эх үүсвэр ч мөн энэ үед л тавигддаг. Хүүхдэд нэмэлт хоол тэжээлийг зөв цаг үед өгч эхлэх нь маш чухал. Аль болох хүүхдэд хоол шилж,  сонгох зуршлыг хэвшүүлэхгүйн тулд өдөрт тогтмол цагуудад хүүхдэд тохирсон хоол хүнсийг өгч байх хэрэгтэй.

Хоол голж шилдэггүй, хоолоор хүн айлгадаггүй, бүтээлч хойч үеийг бий болгохын тулд бид хүүхдийг нярай байх үеэс нь үүнд анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийн зан төлөв бусдыг даган дуурайх хэлбэрээр хэвшдэг гэдгийг мартаж болохгүй. Эрүүл хооллох дадлыг мөн энэ замаар л түүнд сургах хэрэгтэй. Жишээ нь хүүхдээ хоол голдог хүн болгомооргүй байвал эцэг эх та өөрөө ч гэсэн хоол бүү гол, бүү шилж сонго. Хэрвээ та ажил хийдэг, завгүй хүн гэдэг нэрийдлээр байнга хагас боловсруулсан бэлэн хоол хүнс хэрэглэдэг, мөн хүүхдэдээ мөнгө өгөөд юунд зарцуулж байгаад нь ямар ч хяналт тавихгүй байгаа бол та хүүхдийнхээ таргалалтын асуудалд нэгдүгээр зэргийн буруутай хүн мөн. Хэрвээ та хүүхдээ тарган гэж бодож байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандаж, түүнийг яаралтай хоолны дэглэмд оруулах нь зүйтэй.

Сургуулийн өмнөх насны болон сургуулийн насны хүүхдэд хэт таргалалт ажиглагдаж байгаа бол та ямар арга хэмжээ авах ёстой вэ. Танд зориулсан хэдхэн зөвлөгөө:

2-7 насны /сургуулийн өмнөх насны/ таргалалт

1- Аль болох хөдөлгөөнтэй тоглоом тоглуулах
2- Хооллох цагуудыг нь тогтмол болгох
3- Шагнаж, урамшуулахдаа идэх юм бүү оролцуулж бай
4- Гэр бүлээрээ сүү ууж, эрүүл хоолол
5- Дуртай, дургүй гэж ялгалгүйгээр хүний биед эрүүл хүнсийг сонгож байх
6- Түүнтэй тоглож, цагийг хамтдаа үр ашигтай өнгөрүүлэх. Ингэснээр таны хүүхэд танаас хоол нэхэж, хоолны цагаар тантай зууралдахгүй.


7-14 насны /сургуулийн насны/ таргалалт

1- Сургуульдаа цүнхэлж авч явж буй идэх зүйлсэд анхаар
2- Аль нэг хоолны цагийг алгасуулахгүй байх
3- Өглөөний цай, өдрийн хоолыг нь тогтмол идүүлж байх
4- Өрсөлдөөнтэй тоглоом, уралдаанд оролцуулж байх
5- Өдөр тутамд хоол хүнснээс өөр зүйлд мөнгөө зарцуулдаг байх тал дээр чиглүүлж өгөх. Жиш: чи мөнгөө цуглуулж бай, чамайг хүүхдийн парк руу авч явна гэх мэт.
6- Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг аль болох сонгуулахгүй байх тал дээр анхаар. Жишээ нь: Бургерийн хажууд шарсан төмс биш шинэ ногооны салат авч өгөх.
7- Шоколад болон чихэр жимснээс түүнийг хол байлгахыг хүсвэл та өөрөө тэдгээрийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.

Ийнхүү хөөрхөн булцгар хүүхдээ хэт таргалалтад дарлуулахгүйн тулд эрхэм эцэг, эхчүүд анхаарах цаг нэгэнт ирж. Түүнчлэн сургуулийн хичээлийн стандартад ч таргалалттай тэмцэх хичээллийг оруулж, таргалалтын хор уршигийг таниулах хэрэгтэй. Телевизүүд хүүхэлдэйн киноны дундуур хэт таргалалтай хэрхэн тэмцэх талаар зөвлөгөөг хүргэж, өдөр бүр гаргадаг сериалуудынхаа дундуур эцэг эхчүүдэд зориулсан үнэт зөвлөгөө, сэрэмжлүүлэгийг харамгүй гаргах хэрэгтэй. Энэ зөвхөн тарган үр хүүхэдтэй ээж аавын асуудал биш юм шүү. 

О.Шинэтуяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top