Өсвөрийн шатарчдын ур чадварыг нэмэгдүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх, улс, олон улсын хэмжээний тамирчдыг бэлтгэх зорилт бүхий өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү-2017” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Эдүгээ 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа “Цодгор хүү” өсвөр үеийн шатарчдын тэмцээнийг говь нутгийнхаа өсвөрийн шатарчдын бэлтгэл сургуулилтыг тогтмол хангаж, Өмнөговь аймагтаа шатрын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа ахмад шатарчин спортын мастер Рэгдэнгийн Гаадангийн нэрэмжит болгосноороо онцлог байлаа. Мөн энэ жил “Цодгор хүү” тэмцээний насны ангилалыг нэмсэн нь өргөн цар хүрээг хамарч үр дүнг нэмэгдүүлсэн байна.
“Цодгор хүү” тэмцээний оролцогчдын насны ангилалыг нэмэгдүүлсэнээр 4-17 насны тамирчид өөрсдийн чадвараа сорин өрсөлдөх боломж бий болж байгаа юм. Энэхүү тэмцээн нь шатрын спортын Улсын аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн болж буйгаараа Өмнөговь аймгийн баг тамирчид өөрийгөө сорих бэлтгэлээ хангахад ач холбогдол өгч байна.
Бяцхан шатарчдын хувьд ч энэхүү тэмцээн жил бүр хүсэн хүлээдэг тэмцээн нь болж өөрсдийн насны ангилалд эн тэнцүү өрсөлддөг шатарчидтайгаа даагаа нэхэж харилцан туршлага солилцох боломж олгодог бол харин цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийн хувьд амжилтынх нь гараа эндээс эхэлдэг гол тэмцээн юм.
А.Үүрийнтуяа /Өмнөговь/
Сэтгэгдэл ( 0 )