Эхуд Барак: Үхэх хэргээ хийсэн, шийтгэх ёстой хүмүүсийг л би устгадаг байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

1999 оны тавдугаар сарын 29-нд болсон Израилийн Ерөнхий сайдын ээлжит сонгуульд сөрөг хүчин Хөдөлмөрийн нам, “Нэгдмэл Израиль” хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Эхуд Барак гэгч чекист эр эрх баригч “Ликуд” намын тэргүүн Беньямин Нетаньяхуг ялан улстөр судлаачдын гайхлыг төрүүлж байсан билээ. “Зоригтой, шийдэмгий зангаараа эрс ялгардаг энэхүү удирдагчийн нэр нь хүртэл зан байдалдаа ихэд зохицох аж (Барак гэдэг нь  еврей хэлний цахилгаан гэсэн үг) хэмээн тухайн үед хэвлэлээр бичиж байлаа. Гэхдээ энэ нь ташаа ойлголт байсан бөгөөд түүний жинхэнэ овог нь Брог юм. Литвагийн Пеневержист төрсөн эцэг Исраэль Брог нь Израильд нүүж ирснийхээ дараа иврит хэлэнд илүү ойр дуудлагатай болгох зорилгоор овгоо Барак болгон өөрчилж байжээ. Эх Эстер нь ч Израилийн унаган иргэн биш Смоленскоос гаралтай, Польшид төрж өссөн бүсгүй ажээ.   

Эхуд Баракийн өмнөх амьдралын зарим хэсэг “Маш нууц” зэрэглэлд хамаардаг бас ч гэж бага сага ярих юм бий. Тэрбээр 1942 оны хоёрдугаар сарын 12-нд Мишмар ха Шарон хэмээх газар төржээ. Түүнийг хүүхэд ахуйд нэгэн удаа зэвсэглэсэн нууцлаг эрийг хайсан англичууд тосгонд нь иржээ. Тэрбээр англичуудын анар жимсний мод руу авааачаад “анар жимснүүд энд байна” хэмээн хэлж байсан нь хүүхэд насных нь хамгийн тод дурсамж болон үлдсэн гэдэг. Тэрбээр багадаа тийм ч сайн сурагч байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүүхэд шоглож, хооронд нь эвдрэлцүүлэхдаа гаргуун байсан тэрбээр эцэг эхийнхээ чихийг нэг бус удаа халууцуулж явсан байдаг. Эдгээрээс хамгийн том нь зодоон цохионы хэрэгт оролсон шалтгаанаар 11 дүгээр (Израилийн дунд сургууль 12 жилтэй) ангид байхдаа сургуулиасаа хөөгдсөн явдал. Багш нар нь түүнийг хлз тулааны асар их авьястайг бүгд хүлээн зөвшөөрсөн ч цаашид суралцуулах боломжгүй болсноо эцэг эхэд нь эвтэйхэн ойлгуулжээ.

Байдал ингэж эргэсэн тул түүнд цэрэгт явахаас өөр зам үлдсэнгүй. Гэтэл гайхалтай зүйл болж Барак физик, математикийн сургалтаараа Европтоо шилдэгт тооцогддог Еврейн Их сургуулийг маш амжилттай дүүргэн улмаар АНУ-ын Стэнфордын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм. Гэхдээ энэ нь бүүр хожим, 1970-аад онд болсон явдал. Үүнээс өмнөх намтар нь маш товчхон ердөө л алан хядагчидтай тэмцэх зорилгоор 1958 онд байгуулагдсан “Сайерет маткаль” бүлэглэлд 1961 онд элсэн орсон, тэр даруйдаа бүлгийг үүсгэн байгуулагч, дарга Авраам Арнаны хайртай цэрэг болж, олон олон ажиллагаанд авьяас, ур чадвараа нээн харуулсан  гээд л боллоо. Тэд Арабын тосгод руу шөнөөр довтолж, хэргээ гүйцээмэгцээ газар доогуур орсон мэт алга болдог байсан гэх. Одоо бусдын гайхлыг төрүүлдэг асуудлыг ойлгож, шийдвэр гаргах чадвар, түргэн сэтгэдэг чанар нь энэ үеэс бүрэлдэн тогтжээ. Удирдлага ньтүүнийг мэргэжлийн цэрэг болохоор шийдсэний дараа шууд Франц руу тусгай албаны офицерийн сургалтад явуулж байжээ. Эдүгээ Израилийн эрх ашгийг хамгаалж заримдаа хүнлэг бус гэмээр шийдвэр гаргадаг ч гэсэн тэрбээр Израилийн явуулж байгаа бодлогыг зөв биш гэдгийг мэдэрдэг нь нэгэн явдлаар батлагддаг юм.

1967 оны зургадугаар сарын 5-нд эхэлсэн “Зургаан өдрийн дайн”-д Эхудын ахалсан Тусгай бүлэг маш амжилттай ажиллажээ. Тухайн үед Сирийн нутагт тооцогдож байсан Голаны өндөрлөгийг эзлэн авсны дараа Эхуд Баракийн ахалсан анги Сирийн армийн цэргийн баазыг эзлэн авчээ. Тэнд Сирийн генералын унадаг байсан бололтой шинэхэн “Мерседес” байхыг хараад Эхуд шууд л байлдааны гавьяаны бэлэг болгон авахаар шийдсэн байна. Түүнийгээ найз Менахем Диглигийнхээ хашаанд аваачиж тавихад найзынх нь хөршүүд араб номертой машиныг “буруу гар”-ын эд болохыг нь мэдсэн ч чимээгүй өнгөрсөн гэдэг. Энэ үед М.Дигли Эхудад хандан “Нэг муу машин авч байснаас Иерусалимын зүүн хэсэгт газар авбал дээргүй юу” хэмээн зөвлөхөд шууд татгалзжээ. Гайхсан найзынхаа “яагаад” гэсэн асуултад Э.Барак “Яагаад гэвэл энэ газар биднийх биш. Энэ бол араб газар, хэзээ нэгэн цагт бид эргүүлэн өгч л таарна. Тэр цагт бидний энэ газар зарцуулсан мөнгө салхинд хийссэнтэй адил болно” гэж хариулсан гэдэг. Хожим мөн л энэ нутгаараа хоёул аялж яваад М.Дигли “Хараач ямар сайхан байгаль вэ” гэхэд хариуд нь “Бид дайсан биш, өөрсдийнхөө нутаг дээр тааваараа амьдрахыг л хүсч байгаа гэдгийг ойлгоход арабуудад хугацаа хэрэгтэй” хэмээж байжээ. Тэрбээр хэдийгээр ийм бодол өвөртөлж явдаг ч хожим гарсан олон олон алан хядах ажиллагаа сэтгэл зүйд нь нөлөөлж байр сууриа илүү хатуу болгосон гэж зарим судлаачид дүгнэдэг.

1981 онд Эхуд Израилийн түүхэн дэх хамгийн залуу генерал боллоо. Тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Ицхак Рабин түүнд мөрдсийг нь зүүж өгөхдөө “Биднийг арай л эрт цол өгчихлөө гэж хүмүүс ярих вий дээ. Чи чинь дарийн утаа бага үнэрлэсэн байх аа” гэхэд Эхуд “Хэрвээ дарийн утаа үнэрлэснээр нь цол олгосон бол манай маршалууд бүгд илжигнүүд байх байсан гэж Наполеон хэлсэн байдаг юм” хэмээн хариулсан гэдэг. Энэ үеэс тэдний хооронд хэтрүүлж хэлэхэд эцэг хүүгийн гэмээр онцгой дотно харьцаа тогтжээ. Израильчууд түүнийг “Цэрэг ¹1” гэж хочилдог. Эдүгээ олон улсын зүгээс хамгийн их дайралтад өртдөг Батлан хамгаалахын салбарыг авч яваа ч ямар ч нөхцөлд барьц алддаггүй, дээрээс нь илэн далангүй мэт харагдан нэр хүндээ өсгөж чаддаг жинхэнэ чекист гэдгээ харуулсаар байгаа. Ямар сайндаа л CNN телевизийн сэтгүүлч Синтия Куперын “Та тусгай албанд байхдаа Ливийн албан тушаалтнуудыг хөнөөж байсан байх аа” гэсэн илт өдсөн асуултад “Тийм ээ, 1972 онд болсон явдал. Тэгэхэд би зусээ өөрчилж шаргал үстэй хүүхний дүрд хувирч байлаа. Үхэх хэргээ хийсэн, шийтгэх ёстой хүмүүсийг л би устгадаг байсан” хэмээн хариулж байх вэ.

Эцэст нь өгүүлэхэд, тэрбээр эхнэр, гурван охинтой. Эхнэр Наватайгаа 1968 онд номын санд танилцсан аж. Тэр үед Эхуд ахмад цолтой байсан бөгөөд эхнэр нь эхэндээ түүнийг “барихыг” оролддог байсан ч сүүлдээ больсон гэнэ лээ. Гэнэт жил, сараар алга болдог зуршилтай нөхрийгөө тусгай албанд ажилладаг гэдгийг гадарласныхаа дараа шүү дээ.      

 

С.Төгөлдөр

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.212.134) 2017 оны 08 сарын 08

та нар шангаа нэг өдөр хүриэнэ ээ. израйль нэг өдөр үнсэн товрог болно

0  |  0
Top