Олны яриа ортой байдгийг цагдаагийнхан батлав
Зөрчил гаргасан жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудас очдог болов. Цахимаар давхар бүртгэгдэж хянагдах учраас торгуулиа төлөхгүй удаан явах боломжгүй гэсэнтэй зэрэгцэн “Жолоочийн торгуулийн мөнгөн дүнг устгаж өгдөг” гэсэн яриа олны дунд тэнэх болсон. Олны үг ортой байдгийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн нотолжээ.
Цагдаагийн албаны мэдээлэлд “ Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2017 оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг үйлдсэн 24 хүнд холбогдох 6 тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэрэг, үйлдлийг илрүүлэн эрүүгийн хариуцлагад татсан байна. “Torguuli.mn” сайтад бүртгэгдсэн иргэдийн торгуулийг тухайн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх дүнгээр устгаж өгдөг Т, Э, А нарын гэмт үйлдлийг илрүүлэн шалгаж байна” гэж мэдээлжээ.
Оюутны тэтгэлэг авах шалгуурт “цахим”-аар тэнцүүлжээ.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнуудын илрүүлсэн хэрэг үүгээр зогссонүй.
Жишээ:1
Иргэн “Б” шунахайн сэдэлтээр, бусадтай үгсэн тохиролцож Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн www.main.xcloud.mn системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй 12 оюутны дүнг өөрчлөн тэтгэлэгт хамруулж, хүн тус бүрээс 70.000 төгрөг авсан.
Жишээ:2
Иргэн “Б” 2017 оны 05 сараас эхлэн www.bookstore.mn сайтын серверт хууль бусаар нэвтэрч 1400 гаруй номын хуулбарыг авч олон нийтийн сүлжээнд ил задгай байршуулсаныг илрүүлжээ. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Та цахим шуудангийн залиланд өртөхгүй байхын тулд:
Фэйсбүүкээр бусдыг дарамтлах гэмт хэрэг тасралтгүй нэмэгдэж байна
Цагдаагийн байгууллагын дараагийн сэрэмжлүүлэг фэйсбүүктэй холбоотой байна. Энэ сард фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ зодож, хүчирхийлсэн хэрэг олныг цочирдуулсан. Олон нийтэд ялангуяа өсвөр насныхан, залуучуудад “томоохон” сэрэмжлүүлэг болсон ч байж магадгүй.
Цагдаагийн байгууллагын мэдээлэл “Фэйсбүүк орчинд хуурамч хаяг үүсгэн өсвөр насны охидтой харилцаж, улмаар тэдний хувийн мэдээлэл, нүцгэн зураг, бичлэг зэргийг хууран мэхлэх замаар олж аван, олон нийтэд тараана” гэх мэтээр дарамталж мөнгө нэхэх, бэлгийн харьцаанд орохыг шаардах зэрэг хууль бус үйлдлүүд тасралтгүй нэмэгдэж байна” гэдгийг онцолжээ.
Иргэд цахим орчинд ажиллахдаа хувийн мэдээллээ хамгаалах, шаардлагагүй и-мэйл болон бусад холбоос, ямар нэг вэб хуудсыг дууриалган хийсэн хуурамч вэб сайтууд руу нэвтрэхгүй, хандалт хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ. Цахим орчинд бусдад хууран мэхлэгдэхгүй, эдийн засаг, сэтгэл, санаагаараа хохирохгүй байх нь зөвхөн хэрэглэгчийн “хариуцлага”-аас л шалтгаалж байна.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )