Энэ зун Исландыг зорих жуулчдын тоо өмнөхөөсөө үлэмж нэмэгджээ. Санхүүгийн хямрал Исландыг зорин ирэгчдийг харин ч урин дуудаж байна гэвэл та итгэх үү. Нисэхийн компаниудыг алдагдалд оруулж, хараалыг нь идсэн Эйяфьядлайёкюдл галт уул нь дэлбэрэлт хүртэл жуулчдыг соронзон мэт татаж улсынхаа орлогын эх үүсвэр болж байсан нь гайхалтай. Дээрээс нь аз болоход банк санхүүгийнх нь систем хямарснаас болоод эндхийн мөнгөн тэмдэгт кроны ханш ам.долларын эсрэг хоёр, еврогийн эсрэг бүр гурав дахин суларсан явдал жуулчдад завшаан болсон байна. Замын зардлыг эс тооцвол хойд хөршид аялах мөнгөөр л Исландад аялаад ирж болох нь. Өөрөөр хэлбэл Исландад бараа үйлчилгээний ханш Оростой ойролцоо болоод байгаа юм. Өмнө нь Герман, Английн тэтгэврийн хөгшид голдуу энэ улсад ирдэг байсан бол энэ жилээс эхлэн дундаж амьдралтай залуухан хосууд ч ихээр ирэх болжээ.
Туйлын туяаны арал
Исландад жуулчлалын улирал тун богинохон, ердөө таваас есдүгээр сарын хооронд үргэлжилдгээрээ манайхтай төстэй. Аравдугаар сараас өвөл нь эхлэх учир туйлын туяанаас өөр жуулчдад санал болгочихоор зүйл үлддэггүй. Гэхдээ жуулчлалын улирлын үед очвол уу. ёстой янзтай. “Үхэхээсээ өмнө заавал үзэх ёстой 1000 газар” хэмээх алдарт номонд эндхийн байгаль гол бүлэг болж орсон байдаг. Байгаль нь жинхэнэ “онгон зэрлэг”. Энд байгалиар явахдаа “хаана ч явагч” хэмээх дөрвөн дугуйтай мотоциклыг л хэрэглэхээс өөр аргагүй. Энэхүү дөрвөн дугуйт нь туулах чадвар, хүч сайтайгийнхаа хэрээр бензин их иддэг золиг. Тиймээс манайхтай харьцуулахад бараг хоёр дахин үнэтэй (ойролцоогор 2500 орчим ¥) шатахууныг авч хэрэглэхээс аргагүй болно. Экстрим спорт сонирхогчдын диваажин ч гэж нэрлэж болох юм.
Нэрт найруулагч Петер Жексон шинэ зеланд хүн болохоороо “Бөгжний эзэн” киноны зураг авалт Шинэ Зеландад болсон билээ. Хэрэв Бөгжний эзэнийг Петер Йоханссон гэдэг найруулагч хийсэн бол яалт ч үгүй энэ газар л зургаа авах байсан. Учир нь, кинонд компьютер графикийн аргаар гаргаж авсан байгалийн дүрслэлүүд энд бодитоороо бий. Галт уулын дэлбэрэлт, гал гол, хажуухан талд нь тэнгис, мөсөн уулнууд, ширүүн урсгалт мөрөн, нов ногоон толгодыг дүнсгэр хөх хад асга залгасан өвөрмөц тогтоц гээд л. Байгаль гэснээс энд галт уул ихтэй. Халуун оргилуур булаг ч хаа сайгүй. 110 түүнээс ч дээш хэмийн халуун булаг хаа сайгүй. Гүний халуун усаар эрчим хүч дулааныхаа асуудлыг үнэгүй шийддэг Исланд шиг улс дэлхий дээр өөр хаа ч байхгүй. Газар зүйн ийм өвөрмөц тогтцын ачаар өргөргийн 66 хэмд (бараг хойд туйл!!!) цааны мах идэж овоохойд унтдаг мөнх цаст тундр бус хөгжин цэцэглэж буй орчин үеийн улс буй болжээ. Алдарт зохиолч Н.Беляев “Санниковын газар” зохиолынхоо санааг эндээс олсон ч байж мэднэ. Саяхан идэвхжиж утаагаараа бүх Европыг бүрхсэн Эйяфьядлайёкюдл гэхэд л хамгийн том галт уул нь биш гээд л бод. Энд Европтоо хамгийн томд орох Ватнайёкюдль гэж бий. 200 орчим евро төлөөд галт уулын дээгүүр нислэг хийж болдог бол ганцхан ийшээ л болохгүй… Идэвхитэй гал уул Европт ховор тул үүнийг үзэхээр жуулчид их ирдэг аж. Тиймээс Эйяфьядлайёкюдл уул идэвхжсэн нь жуулчдыг харин ч ихээр татах болсон байна. Исландчууд ч үүнийг маш сайн ашиглаж мөнгө олох бөгөөд галт уулыг тойрсон аялалыг ихээр зохиодог. Хэлэхэд хэцүү галт уулын нэрийг бичсэн богино цамцнуудыг ихээр зарах ажээ. Гэхдээ зарим аяллын маршрутад галт уулын хөтөлбөр ороогүй байдаг учир сайтар асууж байж сонгох хэрэгтэй юм билээ.
Хөдөө аж ахуйн жуулчлал гэж юу вэ
Энд хөдөө аж ахуйн жуулчлал гэж нэрлэгдсэн салбар тун сайн хөгжжээ. Орчин үеийн фермерийн аж ахуйд зочлон тохилог модон байшинд унтаж, үндэсний онцлог шингэсэн өвөрмөц өглөөний цайгаар өл тайлаад байгалийн дахин давтагдашгүй өвөрмөц тогтоц бүхий бүс нутгаар аялал хийх нь үнэхээр таатай. Исландын үндэсний Icelandair авиа компани энэ төрлийн аяллын хөтөлбөрийг 1970-аад онд санаачилсан аж. Гэвч фермер эрхлэгчдийн тоо багассаар одоо арлын нийт оршин суугчдын 2-3 хувийг л эзлэх болж, хөдөө аж ахуйн зочид буудлын бизнес мөхөхөд хүрээд байх үед тэд хоорондоо нэгдэж холбоо байгуулснаар одоо харьцангүй гайгүй болоод байгаа юм байна. Эндхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Европын бусад орнуудын адилаар хямд үнэтэй дайвар бүтээгдэхүүнд “цохиулж” байгаа ажээ. Энд нутгийн уугуул хонь үхрийг ихэвчлэн үржүүлнэ. Бяслагнаас гадна йогурт, ээзгийний завсрын өвөрмөц идээ умдааныг ихээр хэрэглэдэг бөгөөд арлыг хөндлөн гулд туулах аяны замд энергийн өөр бусад эх үүсвэрүүд хангалттай олдоно.
Сара, Жекийг хориглоно
Дээр кино найруулагчаар жишээ авахдаа Петер Жексон исланд хүн байсан бол гэлгүй заавал яагаад Петер Йоханссон гэж нэрийг нь өөрчилж хэлснийхээ учрыг тайлья. Исландад оршин сууж байгаа л бол заавал исланд нэр өгөх хууль энд саяхныг болтол үйлчилж байв. Энэ хууль одоо хамаагүй болсон ч гэсэн өөр нэр өгсөн эсэхийг шалгдаг тусгай комиссоо татан буулгаагүй хэвээр байгаа юм. Тиймээс энд төрсөн хүүхдүүд Скандинавын зарим оронд мэр сэр тааралддаг Сара, Жек бус Сиргюрдюр, Харальдюр, Маргрьет (Маргарита), Паудль (Павел), Петер… гэх мэтчилэн нэртэй байх аж.
Хагас литрийн төлөө
Исландчууд архинд дургүй. Маш тайван, хүлээцтэй хүмүүс. Хүйтэн сэрүүн нутгийн эрчүүд ихэвчлэн архинд дуртай байдаг. Исланд айлууд баасан гараг бүр мах шарж иддэг уламжлалтай бөгөөд үүнийхээ дараа шөнө дүл өнгөртөл тамхи татан элдвийг хүүрнэх дуртай аж. Дэлгүүрт нь маш бага (2.5 хувь) алкогольтой шар айраг зардаг. Архийг зөвхөн баарнаас л олж болно. Тэндээс хагас литр архи авахын тулд 100 ам.доллар төлөх хэрэгтэй болох ажээ. Исландчууд одоо наймдугаар сарын сүүлчийн өдрүүдэд болдог уламжлалт ижил хүйстнүүдийн жагсаалдаа бэлдэж байна. Энэ ч бас жуулчдыг татах нэг арга гэдэг нь тодорхой.
“Вокруг Света” сэтгүүлээс товчлон орчуулав
Сэтгэгдэл ( 0 )