"Сугалаа" санамсаргүй түүврийн арга болов
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар цахимаар бүртгүүлсэн хоёр настнууд, бас анх удаа цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд маргааш буюу наймдугаар сарын 25-ны өдөр сугалаа сугалж, “азтан”-уудаа тодруулна. Цахимаар бүртгэсэн нь эцэг, эхчүүдэд ачаалал болоогүй сайн талтай ч бараг бүх хүүхэд цэцэрлэгт 100 хувь хамрагдах юм шиг ойлгож болохгүй.
Цахимаар гэсэн болохоос “сугалаа”-гаар гэсэн үг албаны хүмүүсийн хэллэгт байхгүй. Тэгэхээр ямар нэгэн булхай луйвар болохгүй гэсэн утга илэрхийлсэн мэт горьдлого төрүүлнэ. Цахимаар хүүхдээ бүртгүүлсэн зарим ээж, аав эгээ л цэцэрлэгт хүүхэд нь орсон мэт баярлаж байна лээ. Ийм хүлээлтийг нийгэмд үүсгэжээ. Сугалаа нь “Санамсаргүй түүврийн арга” гэсэн үгээр солигдсон.
Хоёр настнууд маань ээж, аав, эмээ, өвөөгийнхөө өмнө маш том хариуцлагыг хүлээнэ. Хэрэв цэцэрлэгт орж чадахгүй аз дутвал аав, ээжийнх нь хэн нэг ажилгүй гэртээ түүнийг “харах” болно. Яагаад гэвэл цэцэрлэгт орох “азгүй” учраас. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах нь төрийн үүрэг. Анх удаа цэцэрлэгт орж байгаа 3, 4 настнууд ч бас “сугалаа” сугална. Гэвч жил бүр цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж эцэг, эхчүүд бөөн ажил болсоор. Хэдэн өдөр, хоногоор хонон, өнжин дугаарладаг байсны дэргэд сугалаа сугалуулах, цахимаар бүртгэх нь түвэг чирэгдэл багатай ч.... Бас л бодууштай. Ийм дүр төрх хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй.
Цэцэрлэгийн цахим бүртгэлийн системд 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 2 настай балчирууд бүртгүүлсэн. Цахим бүртгэлд хамрагдсан хүүхдүүдийн 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой, магадлалтай. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хоёр настай 39 мянган хүүхдээс 22300 орчим нь бүртгэлд хамрагджээ. Нийслэлд төрийн өмчийн 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт нийт 145 мянган хүүхдээс 105 мянган хүүхэд хамрагдаж, 40 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй “гэртээ үлдэнэ”
Зорилтот бүлгийн хүүхэд авахыг цэцэрлэгийн эрхлэгч шийдвэрлэнэ
Зорилтот бүлгийн буюу хагас, бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүдийг авах эрхийг тухайн цэцэрлэгийн эрхлэгч нарт үлдээжээ. Тус цэцэрлэгийн нийт хүүхдийн 20 хувь нь зорилтот бүлгийн хүүхэд байна. Тухайн цэцэрлэг 40 хүүхэд цахимаар буюу сугалаагаар авчихаад эрхлэгчийн мэдлийн 20 хувьд зорилтот бүлгийн бус захиалгаар хүүхэд авах вий гэсэн хардлага эцэг, эхчүүдэд байдаг. Ерөнхий боловсролын сургуульд 6 настай ордог болсон учраас энэ жил таван настай хүүхдүүдийг 100 хувь хамруулахыг мэргэжлийн байгууллагаас цэцэрлэгүүдэд үүрэг, чиглэл болгосон сайшаалтай мэдээ юм.
Төр засаг хэдий хүртэл “Азтай нь цэцэрлэгтэй, азгүй нь гэртээ буцна” гэсэн зарчмаар хүүхдээр сугалаа сугалуулсаар байх вэ. Манай томоохон улстөрчдийн АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт хэд хэдэн хүүхдийн цэцэрлэг байгуулчихаар мөнгөн хадгаламжийн тоо дурайдаг л юм билээ. Маргааш хоёр настай “азтанууд” маань цэцэрлэгт орох хувь заяагаа шийднэ. Төр засаг буруугүй мэт дуугүй л... Сургууль, цэцэрлэг байгуулж чадахгүй сугалаа сугалуулдаг болсоноо хөгжил гэж андуурсаар байхуу.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд засаг барьсаар ирсэн гарууд хүн амын өсөлт, хот суурин газруудын тэлэлттэй уялдуулж хичнээн цэцэрлэг барьж, ард түмний эрэлт хэрэгцээг хангаж чадсан бэ? Өөрсөддөө хэд хэдэн тэрбумаар нь мөнгийг зориулдаг нөхөд шүү дээ. Наад захын жишээ сонгууль. Ямар нэгэн юм болоход ”хичнээн цэцэрлэг сургууль эмнэлэг барих мөнгө үрэн таран хийчихлээ” гэж худлаа шүүмжилцгээдэг боловч цаг дээрээ хэн нь ч тийм мөнгөөр юу ч барьж байгуулдаггүй нь өнөөдрийн монгол төр, монгол хүний яс чанарыг харуулж байна уу даа...