Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тус газрын удирдлага, үйл ажиллагаатай холбоотой Хэвлэлийн бага хурал хийсэн. Үүний хариуд АТГ-ын мэдэгдэл гаргаж, шүүхэд хандана гэсэн юм. Тэд ямар байр суурь илэрхийлсэн, юу ярьсан тухай харьцуулан хүргэж байна. Дарга нарынх нь томилгооны хувьд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед томилсон бол АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг Х.Баттулга Ерөнхийлөгч болоод томилсон юм.
Г.Баасан: Энэ жил Авлигатай тэмцэх газар 17тэрбум төгрөгийн төсөв батлуулсан
АТГ: - Манай төсөв 2014 онд 15 тэрбум төгрөг байсан. 2015 оноос хойш жил дараалан тус газрын төсвийг бууруулан баталж ирсэн. 2018 онд 14.8 тэрбум төгрөгийн төсөв баталж өгсөн.
Г.Баасан:- Энхжаргалыг сольж, шинэчлээгүй цагт хууль бус оффшорчдын асуудал үнэн шударгаар шуурхай шийдэгдэхгүй. Харин ч саармагжуулах бултуулах, цаг хожих арга хэмжээ авна гэж хардаж байна.
АТГ: Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын тухай ярьсан асуудал өнөөдрийн мэдээлэлд хамаагүй. Өнөөдөр зөвхөн байгууллагын байр суурь илэрхийлж байна.
Г.Баасан: Намайг төмөр замтай холбоотой асуудлыг чимээгүй орхи гэж хүртэл хэлсэн.
АТГ: Г.Баасан Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас асуусан байсан. “Эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоо наад асуудлаа орхи” гэж Х.Энхжаргал дарга хэлсэн. Д.Жигжиднямаагийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200173 дугаартай эрүүгийн хэргүүд үүсгээд прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Г.Баасан: Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлж, 102 иргэнтэй биечлэн уулзлаа. ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан гэх мэт 23 баримт бидэнд байгаа ч АТГ-т хүргүүлж чадахгүй байна.
АТГ: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн нэрийг барьж, илэрхий улс төрийн санаа, зорилгоор хараат бус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах гэж оролдож байна.
Г.Баасан: 2018 оныг бид "Гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил" болгон зарласан.
АТГ: Ямар эрх ашгийн төлөө ингэж яваад байгаа юм бол. Гэтэл өөрсдөө мэдээлэгч, шүгэл үлээгчийг дэмжих жил гэж зарлаад байгаа нь бүр ч ойлгомжгүй байна.
Г.Баасан: АТГ иргэдийн гомдлыг устгаж, гомдол гаргасан иргэдийг ховлож байна.
АТГ: Иргэдийг авлигыг үл тэвч, тэмц, мэдээл, хяна гэж уриалахын оронд НАХЯ-ны мэдээлэгч нар гэж нийтэд зарлаад байгаа нь олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл зориг, Авлигатай тэмцэх газарт итгэх итгэлийг нь унтраасан үйлдэл гэж үзэж болохоор байна гэсэн хариу тайлбар хийж байна.
Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг гүтгэлгээ зогсоохгүй бол шүүхэд хандана гэж АТГ-аас мэдэгдсэн юм. Ийнхүү АТГ авлигачдын хажуугаар ОНЗ-ийн даргатайгаа давхар дайтдаг болов. Эндээс АТГ, Г.Баасан хоёулаа авлигатай хамтарч тэмцээд байгаа юм шиг, нэгнийхээ цуглуулсан баримтыг нөгөө байгууллага нь хүлээж авахгүй байгаа юм шиг үл ойлгогдох байдал харагдана. АТГ Баасантай тэмцдэг газар болох вий.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
Ene gazriig taivan ajiliig n hiilgevel yasiin be.
Энхжаргал даргыг огцруулна гэхээр АТГ-ынхан яасан их сандралдаж байх юм.Тийм л байсан юм бол авилагчдынхаа эсрэг тодорхой ажлуудыг хийх л хэрэгтэй шүү дээ.
Ээ энэ Баасан авгай ямар их залуужаад байна аа.
ЭНХБАЯРТАЙ 8 ЖИЛ БААСАНТАЙ ЗАЛГУУЛААД ТЭМЦЭХ НЬ ДЭЭ ХӨГИЙН БАЙГУУЛЛАГА
Хөөрхий энэ авгайтай тэмцэхээс өөр ажилгүй болж дээ.
БААСАН БОЛ МАШ АЮУЛТАЙ ТАНХАЙ ЭТГЭЭД ТҮҮНИИГ УЛС ТӨРӨӨС ХУРДАН ХӨӨХ ХЭРЭГТЭЙ БАТТУЛГЫН ӨГСӨН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ШАНСАНД ТҮҮНИЙ БУСАРМАГ ҮЙЛИЙГ ХААЦАЙЛАХ БУЗАР САНААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИИМ Л ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН БАЙНА МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ УЛСАА ХУДАЛДАЖ ЧАДАХ ЭДГЭЭР АРЧААГҮЙ СҮНСГҮЙ АМЬСГААНУУДИЙГ ЯАЖ СҮЙРЧ МӨХӨХИЙГ АРД ИРГЭД УДАХГҮЙ ХАРНА БИЗДЭЭ МОНГОЛ ЖУДАГ ТЭДГЭЭРИЙГ ЗҮГЭЭР УДААН БАЙЛГАНА ГЭЖ БИТГИЙ ГГОРЬД...!!!!!!!!!!””