Энэтхэг, Монгол хоёрын агаарын бохирдлыг “ядуус” нь ҮЙЛДВЭРЛЭДЭГ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

Манай улс агаарын бохирдолтой улсуудын эхний аравт жагсч, Улаанбаатар хот агаарын бохирдолтой хотуудыг тэргүүлэх хэмжээнд очсон.  Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэж байгаа ч үр дүнд хүрээгүй. Биднийг мунгинасаар байтал хөрш Хятад улсын удирдлагууд нийслэл Бээжин хотоо агаарын бохирдлоос салгаж буй тухай   мэдээлэл цацагдсаар.

Яг үнэндээ Зайсангийн аманд, Нүхтэд цэвэр агаарт амьдардаг нөхөд голлон Улаанбаатарын гэр хорооллын утааг арилгана гээд давхилдаад байгаа мэт  сэтгэгдэл төрүүлдэг.  Олигархи, баячууд нь Зайсангийн аманд  чихэлдэж Улаанбаатарын агаарын бохирдлоос зугтаадаг нь өнөөгийн үнэн дүр төрх. Улаанбаатарын агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллынхон үүсгэдэг. Түүхий нүүрс түлэхийг болиулах, зуух тараах, дулаалга, цахилгаан халаагуур өгөх,  цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх зэргээр олон арга хэмжээ авсан ч тэр нь сүүлийн 10 жилд 200 тэрбум төгрөг давсан ч үр дүнгүй. Орон сууцны хороолол барьж гэр хорооллын цөөнгүй айлыг утаа үйлдвэрлэхээс салгах хэмжээний мөнгийг салхинд хийсгэжээ. Гэвч. Хэрхэн утаагүй болох талаар уул нүхлэхээс эхлээд исгэрч үзэх хүртэл арга сэдэн ухаанаа барсаар. Гэр хорооллын иргэдийг “ядуу” гэж гоочлох хэсэг ч байдаг. Эндээс өнгөц дүгнэвэл Улаанбаатарын утааг гэр хорооллын ядуус үйлдвэрлэдэг юм байна. Хоногийн хоол, түлээгээ арайхийн залгуулж буй айл өрх цөөнгүй нь үнэн бөгөөд нийтээр нь харлуулах хэмжээнд хүрээгүй болов уу.  Тэднийг ажилгүй ядуу байлгах сонирхолтой, бэлэн зуух тараах, хэдэн жилийн дараа хулхи зуух байсан шинэ жинхэнэ зуух өгнө гэж, эсвэл цахилгаан халаагуур, дулаалгын бүрээс үнэгүй өгнө гэж, эсбөгөөс түүхий нүүрс хямд үнээр худалдаж мөнгө завших арга сэдэж явсан нь өнөөх л улстөрчид. Биднийг ийнхүү мунгинаж хуурч, хууртагдаж, уул нүхэлнэ, исгэрнэ, салхин сэнс барина гэж ярьж байх зуурт нийслэл Бээжингээ агаарын бохирдлоос салгасан БНХАУ-ын Шэньси мужийн Сиань хотод дэлхийн хамгийн том өндөр буюу 100 метр агаар цэвэршүүлэгчийг ашиглалтад оруулсан нь шуугиан тарьж байна.

Уг агаар цэвэршүүлэгчийг зохион бүтээж, барих төслийг хэрэгжүүлэх ажлыг БНХАУ-ын Байгалийн Шинжлэх ухааны академиын судлаачдын баг  гүйцэтгэжээ. Ашиглалтад орсноосоо хойш 10 сая шоо метр агаар цэвэршүүлсэн гэнэ. Бодит ажил, амлалт хоёрын зөрүү ийм байна. Ази тивийн Энэтхэг улсад орон нутагт нь агаарын бохирдол их бол Монгол Улсад орон нутаг нь биш нийслэл Улаанбаатар хот, тэр дундаас Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу хамгийн их агаарын бохирдолтой байгаагаараа ялгаатай юм. Ази тивийн Энэтхэг улсад агаарын бохирдол асуудал үүсгэжээ. 1.3 тэрбум хүн амтай халуун орны агаарын бохирдол орон нутгийн жижиг хотуудад хамгийн их байгаа ажээ.

2015 онд тус улсад нас барагсдын шалтгааны 25 хувийг агаарын бохирдлоос болсон гэсэн судалгаа гарсан байна. Амьжиргааны төвшин доогуур ядуучууд  гал түлж, агаарын бохирдол үүсгэдэгтэй, шалтгааныг холбожээ. 2030 онд гэхэд Энэтхэг улсад жилд 1.6 сая хүн агаарын бохирдлын улмаас нас барна гэх судалгааг гаргажээ. Харин манай улсад 2030 онд агаарын бохирдол ямар хэмжээнд байх бол. Эндээс нэг л гаргалгаа хийхэд Энэтхэг, Монголын агаарын бохирдлыг “ядуус” нь үйлдвэрлэдэг юм байна гэсэн таамаглал.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top