Шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн импортлогчдын тусгай зөвшөөрлийг ЦУЦАЛЪЯ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

Шатахуун импортлогчдыг анх хэн өөгшүүлэв

 Ойрын өдрүүдэд иргэд ууртай байна. Долоон төрлийн татвар нэмэгдсэнд бухимдсан бухимдал арилаагүй байтал импортлогчид шатахууны зохиомол хомсдол үүсгэж уурыг нь хүргэв. Шатахуун  түгээх станцуудаар А92 зарахаа бараг больсон. Зарим  шатахуун түгээх станцад А92 бензинийг 2050 төгрөгөөр худалдаж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдын ахалсан Үнийн зөвлөл хуралдаж шатахууны  үнийг өсгөхгүй, нэмэхгүй байхаар тохирсон ч импортлогчид  ширээний араас босч , гарч ирэнгүүтээ ааш зангаа хувиргаж, хэлснээсээ буцлаа. Хэн шатахуун импортлогчдыг өөгшүүлэв. Ингэж асуухаар хариулт нь нэлээд урдаас ирнэ.

 Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Олон тэрбум төгрөгийн гарлагатай ч ард түмэнд ашиг тус өгсөн нь юу байсан гэмээр хөтөлбөрүүд. Түүний нэг нь Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр юм.  Шатахуун импортлогч 13 аж ахуйн нэгжид нийтдээ 192 тэрбум төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй өгсөн. Ийнхүү шатахууны үнийг хүчээр барьчихсан юм. Шатахууны үнийг чөлөөтэй болгох ёстой гээд байгаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тухайн үед УИХ-ын гишүүн байсан. Энэ зах зээлд үнэхээр чөлөөт өрсөлдөөн хэрэгтэй байсан бол тэр  үед үнэнээ хэлээд чөлөөлөхгүй яав.

Хэрэв тийм шийдвэр гаргасан бол өнөөдөр хүндрэл үүсч шатахуун импортлогч хэдхэн компани Засгийн газрыг шантаажилж, ард түмнийг шатахууны хомсдолд оруулан бах таваа хангахгүй байсан болов ууу.  Иргэд шатахуун импортлогчдыг биш төр, засгаа хараан зүхэж эхлэв. Шатахуун импортлогчид Н.Алтанхуягийн үеийнх шиг Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, олон тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс авахыг хүсээд байгаа нь илт. Тэгээгүй бол тэд шатахууны зохиомол  хомсдол үүсгэх шаардлага байхгүй. Энэ бол зүгээр шалтаг. Монголын төр гарын арван хуруунд багтахаар шахам импортлогчдын өмнө хүчин мөхөсдөж байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бэлхнээ харуулсан. Тус газрын дарга Лхагва шалгалтаар очсон байцаагч нарыг нь шатахуун импортлогчид дотогш  нэвтрүүлэхгүй хаалган дээрээсээ буцааж байгаа тухай яриад сууж байсан. Төр яагаад ингэж хүчин мөхөстөж байна вэ? Эсвэл иргэддээ хэт хатуу, импортлогчдод хэтэрхий энэрэнгүй хандаад байгаа юм уу.  

Роснефтийг оруулах тухай яриа эртнийх  

Дотоодын импортлогчид хүссэнээрээ тоглолт хийгээд эхлэхээр бухимдсан иргэд өөр арга саам хүртэл хайж, санал хүсэлт гаргах боллоо. Түүний нэг нь ОХУ-ын ”Роснефть”-ийг оруулж жижиглэнгийн үнийг 20-30 хувиар бууруулах тухай боломж юм.

Гэвч хуулиар болохгүй. Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 7.2-т Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно. ОХУ-аас манай улс шатахууныхаа 90 гаруй хувийг авдаг.  Бараг  100 хувь хараат шахуу учраас боломж хаагдаж байна. Роснефтийн шатахуун түгээх станцуудыг оруулж ирэх санаа саяхных биш.

С.Баяр Ерөнхий сайд байхдаа ийм саналыг УИХ-аар хэлэлцүүлэхээр санал оруулаад УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Б.Батбаяр нарт золтой толгойгоо хагалуулчихгүй, эсэргүүцэлтэй тулж буцаагдсан юм. Гэхдээ Монголын босоо тэнхлэгийн зам дагуу шатахуун түгээх 100 станц байгуулах санал байсан санагдана. Төр засаг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ийм үед бухимдсан иргэд “Роснефть”-ийн шатахуун түгээх станцуудыг оруулж ирэх тухай мөрөөдөж байгаа нь  аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажихын үлгэрийг санагдуулна.

Гарц: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах

Гадаадаас 100 хувь шатахууны хараат байдаг  манай улсын хувьд Нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь хамгийн зөв гарц гэдгийг олон жилийн өмнөөс УИХ, Засгийн газрын түвшинд ярьж ирсэн ч ажил болоогүй. Цаасан дээр зураг, мөнгөний тоо л үлдсэн. Хаана үйлдвэр байгуулах вэ гэдгээс маргаад эхэлдэг юм.

Д.Хаянхярваа нарын гишүүн өөрийнхөө тойрогт буюу Дархан-Уул аймагт байгуулах нь зөв. Төмөр замтай, дэд бүтэц сайн хөгжсөн гэдэг. Үнэний ортой. Мөн  Дорноговь аймгийн төв Сайншандыг  түшиглэн Нефть боловсруулах үйлдвэр барихаар 2012 оны сонгуулийн өмнө шавыг нь тавьсан ч сураг алдраад олон он улирав. Хамгийн сүүлд Энэтхэг улсаас авах тэрбум ам.доллараар Дорноговь аймагт Нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, тооцоо судалгаа, Техник эдийн засгийн үндэслэл нь хийгдэж, Энэтхэгээс холбогдох мэргэжилтнүүд ирж, ажиллаж байгаа юм билээ. Энэ төсөл тууштай хэрэгжээд явбал 2019 онд монголчууд шатахуунаа үйлдвэрлэдэг болно. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын монголд нефть гарлаа хэмээн бэлгэшээж  дээлийнхээ энгэрт  хүргэсэн мөрөөдлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нефть боловсруулах үйлдвэр болгож биелүүлэх түүхэн боломжийн өмнө ирээд байна.

Шатахуун импортлогч хэдхэн компанийн хөлд иргэдийн амьдрал үрэгдсээр байх уу?

Нефть боловсруулах үйлдвэртэй байсан туршлага Монголд бий. Тухайн үйлдвэрт ажиллаж байсан хүн “Их л улаан өнгөтэй бензин байсан” гэж хэлсэн нь үлджээ. Чанар стандартын хувьд ямар байсныг мэдэхгүй. Харин орчин үеийн үйлдвэртэй болох хүртэл бас хугацаа байна. Шатахуун импортлогчид дураараа үнэ нэмж, түүнийг дагаад өссөн өргөн хэрэглээний барааны үнийн хөлд иргэд амьдралаа сүйтгүүлсээр байх уу.  Шатахууны үнийг өсгөөд эргүүлж 100-200 төгрөгөөр буурахад түүнийг дагаж өссөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өссөн үнэ дагаж буудаггүй хэвээр үлддэгт л гол учир байгаа юм.

Эндээс  өдөр, хоногоо  чадан ядан өнгөрүүлж байгаа иргэдийн амьдрал улам дордоод эхэлдгийг хэн ч үгүйсгэхгүй. А-92 шатахуун авах гэсэн жолооч нар худалдаж байгаа  шатахуун түгээх станц хайж Улаанбаатар хотыг бараг бүтэн тойрч байна. Аргагүйн эрхэнд тэдний аманд багтаж хэлсэн үнээр нь 95 шатахуун авч байгааг юу гэх вэ.Санаанд орсон үнэ хэлдэг шатахуун импортлогчдын тусгай  зөвшөөрлийг хүчингүй болгочих хэмжээний төр засаггүй юм гэж үү. Тэдний оронд бага үнээр оруулаад ирэх сэтгэлтэй, итгэлтэй, мөнгөтэй бизнесмэнүүд, хувь хүн ч Монголд цөөнгүй бий. Шатахуун  импортлогчид өөрсдийг хамгаалдаг лоббидог бүлэг УИХ-д байдаг учраас Засгийн газрын өмнөөс бараг “салаавч” өгөх нь халаг байж мэдэх.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ”Магнай трейд” копанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлнэ гээд чимээгүй болсон. Бусад импортлогч нь дураараа ашилж шатахууны хомсдол үүсгээд байгаад ч хариуцлага тооцож тусгай зөвшөөрлийг нь  цуцлах ёстой биш үү. Албаны хүмүүс Монгол Улсад 41 хоногийн шатахууны нөөц бий гээд байхад зохиомлоор хомсдол үүсгэсний цаад шалтгаан үнэ нэмэх шүү дээ. Дэлхийн зах зээл дээр  нефтийн үнэ өссөн, Онцгой албан татварыг нэмсэнтэй холбож байсан. Шатахууны үнэ нэмэх саналыг 2017 оны долоо, наймдугаар сараас Засгийн газарт хүргүүлж байснаа хэлж байлаа. Гэхдээ үнэ нэмэхийн тулд шатахуун импортлогчид ингэж увайгүй аашилж болно гэж үү.

А.Эрдэнэ

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.26.151) 2018 оны 01 сарын 24

Засгийн газар энэ хэдэн нефт импортлогч нарт битгий бууж өг наадуулчин үнээ нэмээд зараг харин дахин гаднаас оруулж ирэх гэрээг нь зогсоогоод эрхийн цуцал ийм бизнес хийх чадалтай хүмүүс хаанаасч гараад ирнэ.Тогмодыг алсан хүнийг биш цаад эзэдийн гэж үг байдаг байхаа.

0  |  0
бат(66.181.180.128) 2018 оны 01 сарын 23

АРД түмэн минь уужуу сэтгэлээр хандаж засгийн газрыг унагаахын төлөө тэмцэж хэзээ ч болохгүй шүү эцэст нь ядарсан бид улам ихээр зоьж зүдрэх болно Би нам бус харин АН ынхан ээлжит хорон санаатай ажлаан явуулж байна

0  |  0
555(122.201.20.178) 2018 оны 01 сарын 23

ӨЧҮҮХЭН ЖИЖЭГ ЗАХ ЗЭЭЛТЭЙ МАНАЙ ОРОНД ШАТАХУУНИЙ ҮНИЙГ ТӨРӨӨС ХАТУУ ХЯНАЛТ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ. ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД 1 БАРРЕЛЛ ГАЗРЫН ТОС 20 ДОЛЛАР ХҮРЭХЭД НЕФТЬ ИМПОРТЛОГЧ НАР ГАНЦ ЦЕНТЭЭР БУУЛГААГҮЙ. ТЭД АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ТУЛ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ НЬ ЗӨВ...

0  |  0
Зочин(150.129.141.253) 2018 оны 01 сарын 23

Засгийн газрыг унагах АН ын бодлого л яваад байна шүү дээ тэдэнд ард түмэн ядрах хамаагүй илүү сайн ядрааж байж нохойд барих мод болгодог байхгүй юү Одоо удахгүй батүүл нарыг дагаад талбай тойроод гүйлдэнэ

0  |  0
nr(27.123.214.103) 2018 оны 01 сарын 23

tur shathuun importlon oruulj ir harin huw humuus kolonk baiguulj ttuuniig ni tugee

0  |  0
hohi n(27.123.214.110) 2018 оны 01 сарын 23

Honi shig bval zahaas vhin avaad gedesii chin garganadaa.Garah gazargui bolson hulgana ch butsaj dairdagdaa Mongolchuudaa !

0  |  0
бсүх(66.181.191.114) 2018 оны 01 сарын 23

Манай алдарт Ерөнхийлөгч Тарвага Хурц гурвын Эрдэнэтийн 49г буцаан авах ээлжит нүүдэл энүүнд нь Топор бүдэрчих вий дээ.Хэдэн компаны эрхийг нь цуцлахад Нефтийн үйлдвэр баригдах хүртэл Төрийн өмчийн компани байгуулаад 200 сая долларын зээл өгөхөд л асуудал дуусгана. Юун тэдэнд дотаци өгөх тэр мөнгөөрөө шатахуун импортлох хэрэгтэы

0  |  0
Иргэн(172.56.12.201) 2018 оны 01 сарын 23

Айх ичих юмгүй луйварчид ард түмнийг дарамталж басамжилахаас яах вэ дээ. Монгол төр байхаа больжээ.

0  |  0
Зочин (59.153.112.157) 2018 оны 01 сарын 23

Засгийн газрыг эрхшээлдээ оруулсан шатахуун импортлогч нарын тусгай зөвшөөрөлийг яаж цуцлах юм.Эд нар чинь дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буураад байхад шатахууны үнээ буулгадаг бил үү.Үгүй шүү дээ.

0  |  0
Top