Монголын “Мөнгөн үеийн” гэгдэх яруу найрагчдын нэгэн төлөөлөгч, олныг шуугиулсан “Бадрангуй” хэмээх номын эзэн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул хурдан морьт Цээнзэнгийн Галбадрахын бодлын салхитай, таанын үнэртэй шүлгүүдийг яруу найргийнхаа буланд онцлон сонголоо. Говь талын унага Ц.Галбадрах спортын сэтгүүлч мэргэжилтэй, “Ган үзэгтэн” шагналтан бүлгээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн халуун сэтгэлийн үгийг энд иш татмаар байна. “Ойрд нэг их олон уншаагүй шүлгүүдийг энэ номноос уншлаа. Монголын яруу найрагт “цус сэлбэх” найрагчид олонтой юм байна гэсэн аагь омог намайг эзэмдэв. Шүлгээ бодохын хувьд сайнаас гадна хийц хэлбэрийг санаандаа захируулахын шалтагт нэлээд гаршсан эрдэм ажиглагдах нь холын он цагийн зөв эхлэл санагдана. “Биеийг мартан шүлгийг эр” гэсэн үгнээс том найрагчийн их итгэл тодорхой бус уу Галбадрах уран бүтээлийн их олз омогтой яваа хүн. Яруу найргийн “Задгай тэнгэр”, “Бадрангуй”, сэтгүүл зүйн “Би багадаа” гурван цуврал болон баримтат утга уянгын нийтлэлүүд туурвижээ. Эгшиглэнт говь яруу найргийн хошой шагналт, Р.Чойномын “Алтан оюухай” наадмын шагналт Галбадрах найрагчийн шүлгүүд таны мэдэлд очлоо. Асаж, дөнгөж өнөөдөр мандаж буй мэт наран бадрангуйтай адил Авьяас хөхөж, хайраас төрсөн шүлэг бадрангуй
Э.Хархүү
***
ӨВӨӨ УУЛ
Арван тавны нар, сар магнайд золгосон
Агааран баринтагтай шороон судар
Их хайрхан минь
Элэнцийн мөр чийрлэж шингэсэн овоон дээр чинь
Эмээлийг нь авч бодлын морио амраая...
Нэгэн биеэс ургадаг байтлаа
Цэцэг цэцэгний чинь үнэр
Ондоо ондоо
Содон гэдэг нь...
Нэгэн бэлээр урсдаг байтлаа
Цэнхэр салхины чинь үзүүр
Ороо бусгаа
Сонин гэдэг нь ..
Гаднаас, холоос хайрхан минь
Гайхах юмгүй
Нүцгэн уул
Оргил, оройгоосоо харин
Орчин тойрныхоо
“Нүд” уул
...Зээмэг, Сүж, Салаа, Баян
Зэрэглээн дэлтэй их говь
Яг л алган дээр байгаа юм шиг
Яасан сайхан харагдана вэ,
Эх нутаг минь
Хөлстэй
Цаг цагийн тохмон дор
Хөгжимтэй олон гоё чулуу чинь
Их л элж дээ, хайрхан минь
Нар асгарсан хормойг чинь
үнгэж л чадахаас өөр
Насыг чинь би ямар тоолж барах биш дээ,
ӨВӨӨ УУЛ МИНЬ
2000 он. Тогоо хайрхан
***
БАДРАНГУЙ
Одот тэнгэрт
Модот газар бадрангуй
Олон олон эрсийн уухайн түрлэг бадрангуй
Холыг бодсон эрдэмт хүний мөрөөдөлт харц бадрангуй
Хоног өдрүүдийг сүвлэж гүйх хүлэг морин бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
Гал дээр сүү дэврэх бадрангуй
Гараанаас морьд дүрэлзэн эргэх бадрангуй
Ян үдэд гэнэт үүл толгойлох бадрангуй
Ядуу хүү баатар болоод үлгэр жаргах бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
Гүнж хатдын гэрэлт царай бадрангуй
Гүвээ толгод зэрэглээ болох үдийн говь бадрангуй
Гүйгүүл адуу тэмцэн тэмцэн ирж хөрвөөх
Тэр дагшин газар бадрангуй
Гүү зогсоогоороо унагалах
Тэр торгон агшин бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
Цагийн аяс нааш эргэх бадрангуй
Цасанд дарагдсан уулс сэрэх бадрангуй
Намрын талд агь хэнзлэх бадрангуй
Намайг түлхэлж хүүхдүүд өсөх бадрангуй
АЙ, БАДРАНГУЙ ХОРВОО...
***
САЙХАН БҮХЭН НЬ ЭЦГИЙН ХАЙР ШИГ НУУГДАХ ГОВИЙН ХҮҮ, БИ
Би
Элс цоргиж цоролзсон цагаан замбага
Эх газартаа амин холбоотой говийн хүү
Салхи нь
Үдийн халууцсан тэнгэр сэвж
Санааны үзүүр бугуйлдан
Эмнэг зэрэглээ нь хулжих
Сарны туулай
Бутан дунд нь хонож
Сайхан бүхэн нь дотроо
Эцгийн хайр шиг нуугдах
Энэ говьд
Би төрж
Биегүй ажнай шилбүүрэн хүлэг задайлж
Хөлд орсон...
Хүн бүхэн
Хүссэнээрээ Зуу насалдаггүй орчлонд
Цэнхэр уянга ингэн буйлааг нь
Сонсож нэгэн
Цэцэгсийн үнэр, салхины нь амтанд
Согтож нэгэн Давилуутаж явна...
Үүлсийн хормой таанын цэцгэнд сэмрэх
Газар тэнгэрийн савслага
Үүдэн хоймор мөлхөж, босоод өтлөхөд
Ганцхан заяах гайхамшиг
Минчрэн мандах “алтан өндөг” нарны
Саамыг тоссон алга
Миний говийн Чулуугаар нь тоглож өсөөгүй
хүний үр
Чухам сайхныг нь яаж ч мэдрэхэв дээ..
Би
Элс цоргиж цоролзсон цагаан замбага
Эх газартаа амин холбоотой говийн хүү
2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04/504
Сэтгэгдэл ( 1 )
ЯРУУ НАЙРАГЧИД ОРОС МОНГОЛ ХОЁРТ Л БАЙДАГ.