Хөөдэйн Эрдэнбаатарын хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлага: Хот газар өөрийнхөөрөө тунгалаг байх их хэцүү юм

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Хөөдэйн Эрдэнэбаатар хэмээх нэгэн билэг танхай бодь гал бурхны оронд заларч Монголын утга зохиолын их ай савд хүнд гарз тохиолоо. Тэрбээр хамгийн сүүлчийн ярилцлагаа “Zindaa.mn сайтад өгсөн байна. Бид энэхүү ярилцлагыг уншигч олноо хүргэж, талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөд төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмэгнэл илэрхийлье.

-Монголын уран зохиолд яруу найрагчдаас хөдөө орон нутагт сууж уран бүтээлээ туурвидаг цөөн найрагчийн нэг бол та. Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү?

-Энэ жилийн хувьд уран бүтээл арвин байна, саяхан шүлгүүдээ дүрсжүүлээд цомог гаргасан нь гар дээр ирлээ. Одоо нэг ном бэлэн болгочихсон, Дэлхийн яруу найрагчдын баярын үеэр гаргах санаа байна. Хэрэв амжихгүй бол ирэх наймдугаар сард Ховд аймагт Утга зохиолын салбар үүсч хөгжсөний ойн баяр болно, энэ ойдоо өргөн барина даа. Миний хувьд Ховд аймгийн Музейн захирлаар ажилладаг тул ховор олдвор арехологийн тухайд эрдэм шинжилгээний чиглэлийн ном бас бэлдэж байна. Манай аймгийн нутаг дэвсгэрээс архелогийн ховор нандин олдвор ихээр олдох болсон. “Адидас” фирмийн хувцастай залуу бүсгүй мөнх цэвдгээс олдсон. Энэ ховор олдвор өөрөө чухлаас гадна эдэлж хэрэглэж байсан эрдэнийн зүйлс, өмсөж зүүж байсан хувцас нь ямар их зүйлийн утга учрыг тайлж байна вэ. Гагцхүү манай музейн барилга маань шаардлага хангахаа больсон учраас мэргэжлийн байгууллагаас ашиглахыг хориглосон. Шинээр музейн барилга барихаар зураг төслийг нь бэлэн болгоод газрын асуудлыг нь шийдсэн байгаа. Хараахан төсөв мөнгө нь шийдэгдээгүй, аймгийн Засаг дарга, зарим удирдлагууд энэ тал дээр анхаарч байгаа учраас төсөв мөнгө нь шийдэгдэж таарна. Тэгэхээр стандартын шинэ барилгаа барьчихаар ховор үзмэрүүдээ дэлгэнэ.  

-Ховд аймгийн Дуут сум бол туульчдаараа алдартайгаас гадна цуур хэмээх хөгжмийг авч үлдсэн зон олон гэдэг. Энэ ч утгаараа Дуут сум бол билэг танхай найрагчдаараа алдартай нутаг. Нутаг зон, туулийн талаар ярих уу?

-Алтайн баатарлаг туульс хэмээх энэ тэнгэрлэг зүйлийг олон зуун жил авч өнөөдөр бидэнд өвлүүлсэн нь Дуут, Мөнххайрхан сумынхан. Алтайн урианхайчууд, Баян-Өлгийн зарим сумдууд бас орж байна. Засагт хан ноён аймгийн Дархан бэйсийн хошуу Урианхайн баруун хошуунд туульчид байв. Зөвхөн Жилхэрийн удмынхан гэхэд 370 орчим жил туулийг авч ирсэн байх жишээтэй. Сая гэхэд Төрийн өргөмжлөлт туульч А.Балдандорж ирээд өвлийн адаг сарын 15-нд “Аргил цагаан өвгөн” хэмээх туулийг бүрэн эхээр нь оройн зургаан цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл хайллаа. Мөнхүү Алтайн туульст зориулсан хөшөө цогцолборыг Төрийн шагналт барималч Л.Ганхуяг хийж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон түүний багийн идэвхи зүтгэл, нутгийн бизнесмэнүүдийн хандив хөрөнгөөр Ховд аймагт байгуулсан. Өнөөдөр бол туульчид нь цөөрөөд байгаа ч уран үгсийнх нь арвин сан яруу найрагчдаар нь дамжин төрөөд байна уу гэж боддог. Тиймдээ ч Ховд аймгаас төрөн гарсан яруу найрагчдын 50 хувь нь Дуут сумаас байдаг. Тухайлбал, “Онцгой эрх” хэмээх алдартай зохиол бичсэн Лха.Дарьсүрэн, яруу найрагч Д.Чинзориг, Ё.Цэдэнбал, орчуулагч, яруу найрагч Д.Оюунчимэг, цаад талд нь Дагданготов, Бүрнээ гээд байна. Энэ жил “Болор цом” авдаг М.Отгонбаяр гэхэд манай сумынх. Өнөөдөр ч Дуутын олон сайхан авьяастай залуучууд намайг багшаа гээд явж байгаагаас харахад яруу найрагчид Дуутаас илүү олон төрж байна.  

-Олон цагаар тууль хайлдаг хүмүүсийг харж сонсож л өссөн байлгүй. Энэ талаар яривал сонирхолтой санагдлаа?

-Алдарт туульч Б.Чойсүрэн гэдэг хүн бол манай өвөөгийнхтэй айл аймаг байсан учраас харж сонсож өссөн хүмүүсийн нэг. Тууль хайлахаас гадна түүний ёс заншил гэж нэг том зүйлийг 400 жилийн тэртээгээс өнөөдөрт аваад ирсэн нь ч их учиртай. Туулийг яг хэдийд ямар үед хайлах вэ, ямар хувцастай ямар орчинд хайлах вэ гээд нарийн дэг жаягтай. Хэн дуртай нь хэзээ хамаагүй хайлаад байдаггүй. Тууль хайлахын өмнө заавал Алтайгаа магтдаг. Тууль өөрөө дотроо олон янз. Дайн тулааны үед, ган зудны үед уул усаа аргадан хайлдаг гээд төрлүүд бий. Сая бол “Аргил цагаан өвгөн”-ийг хайлсан, энэ туулийг улс орны энх амгалан байдал, ялангуяа залуу гэр бүлд үр хүүхдийн буян заяа хайрладаг, өтгөст нас буян хайрладаг, газар лусаа тахисан ийм учиртай тууль юм. 

-Их уулсын цуурай дунд тууль хайлахыг сонсож өссөн хүүхдийг анх уран зохиолд хөтөлж оруулсан багш гэж бий. Энэ хүн хэн бэ?

-Их сонин түүх бий. Намайг Дуутын сургуульд тавдугаар ангид байхад одоо энэ “Болор цом”-ын эзэн М.Отгонбаярын төрсөн ах Ховд их сургуулийн багш түүхийн ухааны доктор, профессор М.Ганболд манай сумын сургуулийн Хичээлийн эрхлэгчээр ажиллахаар очсон юм. Энэ хүн Дуутад анхны шүлгийн уралдааныг зохион байгуулж би түрүүлж байсан. Шагналд нь арван төгрөг Данзангийн Нямсүрэнгийн “Хаврын урсгал” гэх сайхан номыг бэлэглэж байсан даа. Ингээд Дуутад наймдугаар ангиа төгсөөд Ховдын арван жилийн сургуульд ирэхэд аймгийн Утга зохиолын нэгдэл гэж байлаа. Эрхлэгч нь аймгийн театрын ерөнхий найруулагч Ардын жүжигчин н.Гомбосүрэн гэж хүн. Анх энэ хүний гараар л уран зохиолын амтанд орж байлаа. Тэр үед Ховдын багшийн сургууль бас Утга зохиолын нэгдэлтэй байсан. Энэ нэгдэлд үг сургаалиа хайрлаж байсан хүмүүс гэвэл өнөөдрийн монголын утга зохиолын томоохон судлаач шүүмжлэгч Д.Галбаатар, С.Энхбаяр, Д.Мөнхтөр нарын багш нар энд ажиллаж амьдарч байсан.

-Утга зохиолын аваргууд л багшилж байжээ. Оюутнууд гэвэл одоо зүслэгдэх нөхдүүд байна уу?

-Байлгүй яахав, оюутнууд нь бас чанга. Манай Г.Бадамсамбуу, Т.Баянсан нар Увс аймгаас, одоо радиод ажиллаж байгаа Б.Лхагвасүрэн Завханаас, З.Мандах, судлаач болсон Б.Энхтөр, н.Хишигбаяр гээд докторууд тухайн үеийн оюутнууд байлаа. Тэдний дугуйланд очдог арван жилийн сурагч нь ганцхан би байсан. Аймгийн Утга зохиолын нэгдэл хагас сайн өдөр хичээллэнэ, бүр журналаар нэрс хөтөлж, үнэлэлт дүгнэлт өгнө. Тэнд Д.Галбаатар багш, С.Энхбаяр нар очиж утга зохиолын онол талаас ярина. Заавар зөвлөгөө өгнө, санал солилцоно. Ингэхээр Ховдын Утга зохиолын дэг сургууль маягийн зүйл бүрэлдэж байжээ гэж ойлгож болно. Сүүлдээ намайг цэргээс ирсний дараа Р.Эмүжин, Д.Цогбадрах, одоо энэ жүжиг бичээд байгаа С.Цогнэмэх нар чинь нэг үеийн оюутнууд ирчихсэн байсан. Биднийг ийн шүлэг дурлал хоёртоо шатаж явахад ямар  фээсбүүк, гар утас гэж байх биш. Зурагттай айл ч цөөхөн байлаа шүү дээ. Номын санд л их сууцгаана. Социализмын үеийг муу хэлдэг ч маш том давуу чанар нь дэлхийн сонгодгуудыг бүгдийг шахам орчуулаад аймгуудын номын санд байршуулчихсан байлаа. Сайн ч орчуулагчид олон байжээ. Тэгэхээр Ховд аймагт утга зохиолын маш том сургууль албан бусаар байжээ гэж ойлгож болно. Аймгуудаас хамгийн түрүүнд дээд сургуультай болж, гайгүй гэсэн сэхээтэн багш нараа наашаа явуулж байсан зэрэг ч нөлөөлсөн байж таарна.

-Таныг их утга зохиолд хөл тавьж байхад уншигчийн хүрээ ч сайн байсан цаг. Харин өнөөдөр үргэлжилсэн үгийн зохиол гайгүй эрэлттэй байгааг ярьж байна. Танай үеийнхэн үргэлжилсэн үгийн зохиол руу орох болсон, та энэ төрлөөр зохиол бүтээл туурвих бодол байна уу?

-Миний хувьд үргэлжилсэн үгийн зохиол бичих хандлага ерөөсөө алга. Харин яруу найрагтай ойролцоо болоод ч тэр үү эссэ бичмээр санагдаад байх болсон. Манай үеийнхнээс М.Эрдэнэбат, Б.Баярсайхан, Б.Батрэгзэдмаа, Б.Сарантуяа гээд олон хүмүүс шүлэг бичиж уран зохиолын амьдралаа эхлүүлсэн ч үргэлжилсэн үг рүү орчихлоо. Одоогийн байдлаар А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нарын хувьд тийм зүйл бичлээ гэж сонсогдоогүй л байна. Хэтдээ яах юм бол.

-Та дээр цэрэгт байхад гэж ярилаа. Хаана алба хаав, цэргийн сонин хачин дэлгээч?

-Би Ховдынхоо хороонд хоёр жилийн алба хаасан. Манай ангийн захирагч шүлэг ойлгож дэмжинэ, ротын захирагч нь н.Жаргалсайхан гээд Зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч хүн,  манай хороо яг Номын сантай зэрэгцээд байна гээд хүний хувь тавилан бас сонин. Тиймдээ ч юм уу шинэ цэрэг байхаас намайг өөд нь татаад Жагсаалын дарга, Эвлэлийн үүрийн дарга болгоод явуулсан даа. Би хэдийгээр цэрэгт байсан ч наашаа гүйнэ. Ховдын сургуулийн болон аймгийнхаа Утга зохиолын нэгдлийн цугларалтад ирнэ. Энэ Г.Бадамсамбуу, Т.Баянсан, Б.Лхагвасүрэн, З.Мандах энэ маань ч намайг эргэж тойрч ирнэ. Хотоос н.Дагданготов, Н.Сүхдорж нар ирэхээрээ бас ирнэ. Энэ мэтээр утга зохиолын дуу чимээнээс огт алсарсангүйгээр албаа хаагаад халагдсан даа.

-Цэргээс харагдсан найрагч залуу юу хийхэв?

-Цэргээс халагдаад иртэл дээд сургууль төгссөн мэргэжлийн боловсон хүчин авах ёстой албан дээр намайг томилсон. Аймгийн хүүхдийн байгууллагын. дарга нь бас Зохиолчдын эвлэлийн гишүүн н.Баатаржав гэж хүн намайг Хүүхдийн зохион байгуулагч хэмээх ажилд авч байгаа юм. Тухайн цагт 1990 он дөнгөж гарчихсан, зарим хүмүүс ч наймаанд явчихсан байсан үе таарсан хэрэг.

-Хэдий үед нь хот явсан юм бэ. Анх Т.Баянсан найрагч та хоёрыг Улаанбаатарт хөтөлцөж ирсэн гэдэг?

-Ховдын багшийн дээдээс Т.Баянсан, аймгийн Утга зохиолын нэгдлээс би гээд хоёулаа тэр жилдээ Улаанбаатар хот руу “Найргийн даага”-д ирлээ. Хоёулаа анх удаа Улаанбаатарт ирж байгаа нь тэр. Нисэх дээр Т.Баянсангийн хамаатан гэх нэг нөхөр тосч авлаа. Тухайн үед бид хоёр тус бүртээ гурван мянган төгрөгтэй. Хүзүүнээсээ оосорлосон уутанд мөнгөө хийгээд сугандаа хавчуулчихсан ирж байлаа. Т.Баянсангийн садангууд Зохиолчдын хороон дээр дагуулж очсон юмдаг. Ховдын багшийн дээд сургууль онц төгсөөд аспирантурт ирчихсэн байсан Б.Наранцацралтыгаа нэг олж авлаа. Тэр маань МУИС-ийн нэгдүгээр байранд байна, хоёулаа ч найзыгаа олж аваад хамаатан садангуудаа хаялаа. Өдөрт нэг 100 шахам төгрөг гаргаад Улаанбаатар ресторанд очиж хуйцаа иднэ, бас бус зүйлд мөнгө үрнэ. Эндээс салаагүй, долоо хоноод явах ёстой хүмүүс 20 гаруй хоносон юм даг. Одоо энэ 13 дугаар хороололд Б.Наранцацралтаасаа төөрөөд хөлдөж үхэхгүйн тулд орцонд  хоног төөрүүлж явлаа. Тэгэхэд гараад л такси барьчихаж мэдэхгүй, мөнгөтэй байж гараад буудалд хонож мэдэхгүй л хоёр амьтан явж байгаа хэрэг шүү дээ. Маргааш нь гараад л хүн амьтнаас сураг ажиг тавьж явсаар байгаад МУИС-ийг оллоо. Сургуулиа олсон хойноо Б.Наранцацралтаа сурсаар олж авлаа. Түүнд “Чи бид хоёроос салахгүй шүү, ажилтай бол бид хоёр байранд чинь байж л байя” гэж гуйж байв шүү. Хаширсан хэрэг. Долоо хоноход бас чиг ойр зууртаа төөрөхөөргүй боллоо. Сүхбаатарын талбай ороод зургаа авхуулчихна, Улаанбаатар ресторан ороод хуйцаагаа идчихнэ, дажгүй. Ингээд Т.Баянсангийн улирлын шалгалт эхэлж байгаа болохоор явахаас өөр аргагүй. Миний хувьд ч хаа нэг ажлаадаа мэдээ чимээ өгчихөөд байсан л даа. Бид хоёрт тус бүрт нь хоёр хоёр мянган төгрөг үлдсэн учраас энэ мөнгөөр яахав ээ гэхэд Т.Баянсан наймаа хийнэ,ээ манайх оюутан олонтой гээд зах гарлаа. Т.Баянсангийн нэг хамаатныг дагуулаад л зах дээр очлоо, тэр үед хятадын бараа ид эзэлж эхэлж байсан үе. Хоёулаа зах дээр очоод  үүнийг аваад очвол хэдээр зарах уу гэх зэргээр ярьж байгаад л цүнх дүүрэн бараа авлаа. Гэтэл Ховдод тохиролцооны дэлгүүрүүд нүх болгонд байна, түүнд хятад бараа хамгийн хямдаар хөглөрч байна. Тэр тусмаа бид хоёрын авчирсан барааг маш хямдаар зарах юм. Бараа маань борлогддоггүй, Дуут руу ч өгч явуулаад, хүнд ч өгөөд л нэг юм дуусгаж санаа амарсан. Ийм л түүхтэй анх Улаанбаатарт хөл тавьж “Найргийн даага”-д оролцож байлаа.

-Ингэхэд чухам ямар учрал тохиолоор Улаанбаатар хотод сурахаар явсан хэрэг вэ?

-“Найргийн даага”-д очсны дараа Зохиолчдын хороон дээр “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж тэнд шүлэг бичдэг олон залуус очсон. Утга зохиолын томчууд биднийг хонь хурга ялгаж байгаа юм шиг нэг нэгээр нь, хоёр гурваар нь тал тал тийшээ дуудлаа. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нэг хэсгийг нь нааш ир гэж байхад Бавуугийн Лхагвасүрэн заримыг нь наашаа гэнэ. Тэндээс О.Дашбалбар заримыг нь гэх мэтээр ялгаж салгаад өөртөө таалагдсан нэгнээ дуудаад уулзана. Тэгэхэд л би О.Дашбалбар багшийн нүдэнд өртсөн юм билээ. Цэргээс ирчихсэн залуу хурган дээлтэй, ултай эсгий гуталтай, үсээ урт ургуулчихсан нөхөр содон ч байсан л байх. Энэ үед О.Дашбалбар багш тэр үсээ ургуулчихсан нөхөр нааш ир. Намар сургуульд орно,оо гэлээ. Одоо бодоход энэ буурал Ч.Дагвадорж найрагчаас эрхийн бичиг гэхэд биш нэг тийм бичгийн машинаар цохьчихсон сургуулийн урилга маягийн зүйл өглөө. Тэгэж яваад намар нь сургуульд ирээд О.Дашбалбар багшийн гараар орсон хүн дээ.

-О.Дашбалбар найрагчийн хувьд таныг ганаар бол нэлээд сайн ширээсэн байх даа?

-О.Дашбалбар багшийн зааж зөвлөснөөр Жамъянгаравын нэрэмжит сургуульд ирсэн цагаас хойш багшаас бурхан болтол нь салаагүй. Өнөөдөр тэр хүний зохиол бүтээлийг уншиж сууна гэдэг одоо ч салаагүй л явна гэсэн үг. Багш маань яах аргагүй биднийг хурцалж өгсөн хүн. Одоогийн энэ “Их Монгол” сургуульд орж байгаа хэрэг шүү дээ. Орчуулагч яруу найрагч Б.Хишиг-Ундрал, зохиолч Б.Батрэгзэдмаа, орчуулагч Д.Оюунчимэг бид нар анхны төгсөгчид, нэг ангийнхан юм.

-Хоёулаа дээр туульчийн тухай ярьж байсан. Тэгэхээр туульсийн өлгий нутаг Дуутаас хүүхэд залуучууд тууль хайлж байна уу?

-Байлгүй яахав, өнөөдөр Соёлын өвийг хамгаалах, өвийн тухай хуультай болсон учраас уламжлалт өв соёлдоо хандах хандлага, түүнийг дэлгэрүүлэх тал дээр хаа хаанаа анхаардаг болжээ. Гэхдээ “Дайны хажуугаар дажин” гэгчээр өрөөсгөл зүйл бий. Тууль, туульч нь өөрөө маш өвөрмөц онцлогтой. Жирийн нэг хүн өвчигнөөд байхгүй, тэнгэрээс өгөгдлийг нь өгчихсөн хүний хийдэг ажил. Гэтэл зарим нэг өгөгдөл авьяасгүй хүмүүс ч өвчигнөж байгаа тал бий. Хэдэн мянган шад туулийг цээжилчихдэг хүн байж болно. Гэтэл тууль өөрөө хатуу зан үйлтэй, зүгээр нэг хүн хайлчихгүй. Туульчид маань Алтайгаа аргадаж ан гөрөө хийнэ, өөрсдөө лус савдагаа аргадана, чулуу татаад мэргэн хэлдэг өвөрмөц хүмүүс. Монгол Улсад Төрийн шагнал авсан ганцхан ардын авьяастан нь манай Дуутын Б.Авирмэд гуай шүү дээ. Бага байхад морь мал алга болоход очоод чулуу татуулаад ир гэнэ. Тэд бол алдахгүй яг л хэлнэ. Б.Авирмэд гуайн ах нь Б.Уртнасан гэж туульч хүн байлаа. Тууль, туулийн зан үйлийг өнөөдөрт авч ирсэн Жилхэрийн удамынхан, Рэнцэнгийн удамынхан гээд бий.

-Олон зуун жил өвлөгдөж ирсний учир байдаг байх. Тэр тусмаа социализмын үед бол устахад үгүй гэх газаргүй байсан даа?

-Туулийг анх гаргаж ирсэн хүмүүс нь Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, П.Хорлоо нар юм. П.Хорлоо гуай тавиад онд судалгааны ажлаар явж байгаад Баян-Өлгийн Булган сумын туульч Буянгаас анх тууль бичиж авсан гэдэг. Дараа нь Б.Ренчин гуай Дуутад сар болж С.Чойсүрэн гуайгаас тууль бичиж авсан юм билээ. Тэгээд Зохиолчдын эвлэлийн нэг удаагийн бүгд хурлын үеэр С.Чойсүрэн гуайг Улаанбаатарт авчирч, Улаанбаатар зочид буудалд сар байрлуулан хальсан дээр бичиж авсан түүхтэй. Үүнийг Б.Авирмэд гуай уламжилж аваад, наяад оны үед Ж.Бадраа гуай Язгуур урлагийн анхдугаар их наадам зохион байгуулж, бие биелэгээ, икэл хуурыг гаргаж ирээд магтаал тууль хайлуулсан. Үүнээс хойш л ардын язгуур урлаг гэж ийм зүйл байдаг гэдгийг мэдэрч эхэлсэн. Үүнээс өмнө бол феодолын хоцрогдсон зүйл гээд тоодоггүй, бараг хаачихсан байжээ. Энэ мэтээр л бидэнд хэдэн зууныг дамжин ирсэн зүйл. Ахиад нэг 20-30 жил дарагдсан бол устчих байсан байх.

-Дуут сумынхан авч үлдсэн гэх цуур хөгжим бас л өөрийн онцлогтой?

-Тэгэлгүй яахав, бас л манай Дуут сум үе удам дамжуулан авчирсан зүйлийн нэг бол цуур хөгжим. н.Наранцогт гэж алдартай цуурч байв. Одоо бас л хэд хэдэн удмынхан аваад явж байна. За яахав, цуурыг сурч болно, уран нугаралтыг сурч болно, хөөмийг бас болно. Харин туулийг хүн бүхэн сурна гэдэгт би эргэлздэг. Тууль бол яруу найрагчид шиг авьяас билэг шаардана. Байгаль, тэнгэрээс өгсөн өггөдөл заавал байдаг. Бид авьяасгүй хүнийг Горькийн сургуульд явуулаад яалаа. Ганц ч мөр шүлэггүй тэс өөр ажил хийгээд явж л байна. Тэгэхээр тууль бол өөр өгөгдөлтэй, авьяас билэгтэй хүний хийх ёстой зүйл. Цуурыг бол хөгжмийн боловсролтой хүн нот хараад тоглож болно. Хамгийн гол нь тэр уламжлалт арга барил, хийц урлахуйн талаас нь тусгай удмын хүмүүс бас л авч явж байгаа. Дээр нь зан үйл гэж том зүйлийг авч явдаг. Өнөөдөр театр дээр очиход цуур хөгжмөөр хүүхдүүд нот хараад тоглож чадах ч тэр зан үйл, арга барилыг мэдэхгүй шүү дээ. Тууль хайлж байгаа хүн туулийн утга санааг алдуулахгүй дундуур нь өөрөө баяжуулан хайлдаг гэхээр заавал авьяас шаардсан зүйл байгаа биз. 20 мянган шадтай тууль байлаа гэхэд зарим хүмүүс утга санааг нь алдуулахгүйгээр 23 мянган шад болгон хайлж байна. Тэгээд тууль хайлахаас өмнө туульч нь хоёроос гурван хоног биеэ бэлдэж байна гээд нарийн дэгтэй. Хүнд хоол огт идэхгүй, тууль хайлж үедээ сүүтэй цай уухгүй, тууль хайлдаг тусгай өдөр судартай гээд утга учир байна. Харин дайн тулааны үед хайлдаг туулийг бол тухайн нөхцөлд хайлна.

-Таны шүлгүүдээс билэг танхайдуу урсгасан байдал ажиглагддаг. Юуны өмнө туульчдын өлгий нутгийн найрагчийн нэг мөн чанар байж болох юм. Нөгөө талаар хөдөө орон нутагт суудаг нь ч нөлөөлдөг байж болно. Та юу гэж боддог вэ?

-Бид хөдөө төрж өсөөд, Улаанбаатарт их сургууль төгссөн цагаас хойш 20 гаруй жил нутагтаа л байна. Манай Жа.Баяржаргал “Эрка чи их залхуу цөөхөн бичдэг. Гэхдээ чиний шүлэг гайгүй байгаад байдаг нь тэр уул усанд байна” гэдэг. Та нар ч мэдэж байгаа, тэр Улаанбаатарын амьдрал ямар байна вэ, дуу чимээ, утаа агаар,  стресс гээд шүлэг төрөхөд, өөрийнхөөрөө тунгалаг байна гэдэг хэцүү. Хамгийн наад зах нь чиний шүлгийг тайван суугаад сонсох хүн байна уу, үгүй юу гэдэг нь хүртэл эргэлзээтэй болж байх шиг. Ийм байдалд өөрийнхөөрөө байж шүлэг төрүүлнэ гэдэг өөр хэрэг. Миний хувьд бол Улаанбаатарт амьдарч болж байна, гэтэл нас ч тавь руу дөхлөө. Хаа нэг очихоор нэг сар орчим та хэдтэйгээ бужигнаад л Ховддоо ирж байна. Үүнээс илүү амьдрах аргагүй болчихсон байна.

-Таны удамд шүлэг зохиол бичдэг хүн байв уу?

-Миний удамд нэг их сүрхий бичдэг хүн байгаагүй. Гэхдээ миний дээд удамд туульчид байсан. Хөгшин аав маань гэхэд туульчидтай их ойр, тэдний зан үйлийг хийж явсан хүн. Тэднээс үсэрсэн юм байгаа болов уу гэж боддог.

-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Ховдод тууль, цуур, хөөмий гээд өв соёлын давтагдашгүй зүйлээс гадна 13 ястан тус бүр л өөр өөрийн онцлогтой учраас ялгарч харагдахаас эхлээд үндэстэн ястны хувцас эд хэрэглэл бүгд байдаг байх. Үүндээ хэр үнэнч хүмүүс байх юм?

-Бүгд өөр өөрийн онцлогтой, эд хэрэглэл өмсгөл зүүсгэлдээ үнэнч хүмүүс шүү дээ. Тэр тусмаа өв соёл уламжлалт зан үйл дэлгэрснээс хойш бол хачин их ялгаатай болсон. Одоо ингээд хаалгаар хараад сууж байгаад хувцасаар нь танина. Тэр торгуудь хүн явж байна, энэ нь захчин хүн байна гээд таних жишээтэй. Гэтэл өө тэдний нөхөр чинь урианхай дээлэн дээр мянгад малгай өмсчихсөн явна, ямар сонин юм бэ гэх жишээтэй. Бүс малгай гутал дээл гээд бүхий л зүйлээрээ ялгаатай. Тэр ч бүү хэл бэлэвсэн эмэгтэй нэг өөр дээл өмснө, нөхөрт гарсан гараагүй, настай залуу гээд бүгд өөр өөрийн онцлогийг харуулсан дээл өмсдөг. Нөхөрт гараагүй эмэгтэйг дээлээр нь ялгаж танина. Бэлэвсэн эмэгтэйг дээлээр нь танина. Тэр бүхний урлаачид нь бас тусдаа төрөлжсөн байна. Урианхай дээл урладаг нь түүнийгээ л урлана, торгуудь юм уу захчин дээл урлахгүй гээд нарийн дэг ёстой.  

-Та энэ нутагт төрж өсөөд энд өтөлж яваа хүн учраас 13 ястнаасаа алинтай нь илүү нөхөрлөдөг вэ?

-Манайх чинь олон ястантай учраас тэрийг нь гэж онцолдоггүй. Онцолж болох ч үгүй зүйл байх. Надад гэхэд захчин, казак, торгуудь гээд бүх л ястны найз нар бий. Хүмүүс л болсон хойно муудах сайдах үе гарна. Тэгэхээрээ чи муу хогийн захчин юу юм гээд эхэлж байтал хажуунаас нэг дөрвөд ороод ирнэ. Тэгэхээр нь урианхай захчин хоёр ярьж байна, чам шиг муу дөрөвдөд ямар хамаатай юм. “Дөрвөд хүн хүн биш дөрвөн шийр мах биш” гээд үзэх үе бий. Мянгад хэзээ л билээ мянгахан юмнууд хол бай, муусайн хасагууд цаашаа бай дүрвэж ирээ биз гэх зэргээр үзэлцэх үе ч байна. Тэгэхээр аймаг орон нутгийг удирдаж байгаа Засаг дарга болон түүний баг их өөр өвөрмөц ажиллагаатай байх ёстой. 13 өөр ястан удирдана гэдэг амаргүй. Аймгийн удирдлагууд энэ тал дээр ихэд анхаардаг юм билээ.

С.Ууганбаяр  

      www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yrt(41.85.161.168) 2018 оны 03 сарын 13

jjthg

0  |  0
Top